“Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн захирал, доктор П.Наранбаяртай ярилцлаа.
-Ерөнхий боловсролын сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зургаан нас хүрсэн хүүхдийг нэгдүгээр ангид шалгаруулалтгүйгээр элсүүлэх БСШУС-ын сайдын шийдвэрийг баталлаа. Энэ шийдвэр хувийн хэвшлийн сургуулиудын үйл ажиллагаатай хэр нийцэж байх юм?
-Боловсролын Сайдын гаргасан А200 дугаар тушаал байгаа. Үүний нэгдүгээр заалт дээр “Зургаан настай хүүхдийг элсүүлж авахдаа аливаа хэлбэрээр уралдаан зохион байгуулахыг бүх өмчийн хэлбэрийн сургуулиудад хориглосон заалт байгаа. Сайдын тушаал дөрөвдүгээр сарын 5-нд гэж огноо нь хаяглагдсан ч олон нийтэд цацагдсан хугацаа нь дөрөвдүгээр сарын 08-ны даваа гариг. Бид үүнийг нь 9-нд мэдсэн. Энэ манай элсэлттэй давхцаж байгаа юм. “Шинэ Монгол” сургууль элсэлтээ хоёрдугаар сарын 15-нд зарлачихсан байсан. Дөрөвдүгээр сард элсэлтийн бүртгэлээ хийхээр төлөвлөсөн юм.
Ингэж ойртуулж ийм захирамж гаргаж байгаа нь том асуудал. Төр ямар нэгэн төлөвлөлтгүйг л илтгэж байгаа хэрэг. Төрийн бус өмчийн 150 гаруй сургууль бий. Энэ дотор олон жил үйл ажиллагаа явуулж элсэлтийн өрсөлдөөн үүсчихсэн сургуулиудад энэ нь хүндрэлтэй болж тусч байгаа юм. Зорьж очиж байгаа хүүхдийн тоо нь тухайн сургуулийн даацаас хэд дахин хэтэрчихсэн сургуулиуд байна л даа.
-Боловсролын сайд тушаал гаргахын өмнө та бүхэнтэй зөвлөлдсөн үү. Дуудаж уулзсан уу?
Үгүй. Энэ бол хэм хэмжээ тогтоосон Захиргааны актын хэлбэр юм л даа. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд захирагддаг. Тус хуулийг харахад эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлэг байвал заавал ярилцаж шийдвэр гаргах тухай заасан байдаг. Боловсролын салбар өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрчихсөн байгаа. Өөрөө хамран сургадаг тойрог гэж байна л даа. Энэ бол төрийн өмчийн сургуульд зайлшгүй байдаг зүйл. Төр өөрөө боловсрол олгохыг үндсэн хуулиараа үүрэг гээд авчихсан. Эцэг эхэд үүрэг болгоод өгчихсөн. Ингэхдээ суурь боловсрол буюу заавал эзэмших ёстой боловсролыг төрөөс олгоно гэж заасан. Энэ заалтынхаа дагуу хамран сургах тойрог гэж явж байгаа. Хамран сургах тойрогт хүүхэд зургаан нас хүрмэгцээ сургуульд орох ёстой. Харин хувийн сургуульд хамран сургах албагүй. Хувийн сургууль өөрөө Монгол Улсын хаана амьдарч байгаагаас нь үл хамаараад, тухайн сургуулийг зорьж ирж байгаа хүмүүсийг элсүүлж авна гэсэн үг. Энэ нь хувийн сургуулийн онцлог. Жил болгон мөнгөтэй нь манайд сур гэж албадаж оруулдаг бол өөр хэрэг. Бид өрсөлдөөн дунд байдаг. Энэ жил манайхыг зорьж байгаа хүмүүс “Шинэ Монгол” муу сургууль гэвэл хэн ч ирэхгүй. Хувийн сургууль чанарын үйлчилгээгээ зогсолтгүй сайжруулж байж л элсэгчээ авдаг. Төрийн сургууль ямар ч үйлчилгээ үзүүлж байсан заавал авах ёстой. Ийм өөр орчинд ажиллаж байгаа. Гэхдээ би улсын сургуулийг үгүйсгээгүй. Цаад орчин нь ийм байдаг. Боловсролын сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрсөлдөөн бий болгосноор зургаан настай хүүхдэд дарамт үзүүлж байна. Өрсөлдөөн нь хүүхдүүдийг сэтгэл зүйн хямралд оруулж байгаа талаар ярьсан. Гэтэл шалгалтгүйгээр хүүхдийг яаж элсүүлэх юм бэ. Манай сургуулийн шалгалтад бүдэрсэн хүүхэд ирээдүйд цуутай сайн эрдэмтэн болохыг үгүйсгэхгүй. Бид өөрсдөө дуртайдаа шалгалт аваад байгаа юм биш. Зургаан настай хүүхдийг балчир үед нь шалгалт авч өрсөлдөөнд оруулахад сэтгэл зүйн хувьд бидэнд хэцүү санагддаг. Шинэ Монгол сургуулийн хүүхдүүдэд боловсрол өв тэгш хүмүүжил олгох гэсэн хөтөлбөрийг эцэг эхчүүд үнэлж байна л гэсэн үг. Эцэг эхчүүд өөрсдөө шалгалт өгье гэж зорьж ирдэг шүү дээ. Бид шалгалт өг гэж хэнийг ч албадаагүй. Манайд шалгалт өгөхөөр 1000 гаруй хүн ирдэг. Гэтэл нэгдүгээрт бүртгүүлсэн хүн ч тэр, 1000 т бүртгүүлсэн хүн ч шалгалт өгөөд тэнцэх магадлалыг онилж байгаа л гэсэн үг. Төрийн бус сургуулийн дотоод үйл ажиллагаа, элсэлтийн асуудал руу, төр ингэж оролцож болохгүй. Тухайн сургуулийн бие даасан эрх. Төрийн өмчийн сургуулйн хамран сургах сургуулиудад энэ тушаалаа буулгасан бол болно. Яагаад гэвэл төрийн өмч. Хувийн сургуульд ингэж халдах нь энэ дэлхийн байхгүй жишиг.
-Элсэлтийн шалгалтаас өөр арга замаар авах хүүхэд бүртгэх боломжгүй юм уу?
-Бид нээлттэйгээр бүртгэж авъя л даа. Үүний дараа шударгаар тэдний хүсэлтийг биелүүлье гэвэл шалгалтаас өөр арга зам харагдахгүй байна. Эхний 200 хүүхдийг л бүртгэе гэж үзье л дээ. Тэгвэл эхний 200-д орох гэсэн эцэг эхчүүд хэдэн өдрийн өмнөөс дугаарлах вэ. Манай сургуулийн гадаа олон майхан барьчихвал гайхах хэрэггүй. Гуравдугаарт, элсэлтийн шалгалтаас хураамж авлаа гэж загнаж байна лээ. Гэтэл бүртгүүлсэн 1000 хүүхдийн цаана 100 гаруй хүн ажилладаг юм шүү дээ. Шалгалтын нууцлалыг хадгалахын тулд өндөр хэмжээнд ажилладаг. Бид уг шалгалтыг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж буйг эцэг эхчүүд маш сайн мэднэ. Нууцлал өндөртэй, зохион байгуулалт өндөртэй шалгалтын цаана маш их зардал гардаг. Үнэ төлбөргүй болгочихъё гэж тооцъё. Гэтэл манайд нэг удаагийн элсэлтээр 1000 гаруй хүүхэд ирж байсан жишээтэй. Үнэ төлбөргүй болговол 2-3 мянга болж өсөх магадлалтай. Гэтэл үүнийг ганц сургууль яаж зохион байгуулах вэ. Шалгалт зохион байгуулах бодит боломж багасна. Аль ч улс оронд хувийн сургуулиуд өөрийн элсэлтээ шалгалт гэдэг зарчмаар л авдаг.
-“Шинэ Монгол” сургууль жилд зургаан настай хэдэн хүүхдийг элсүүлдэг вэ. Ямар шалгуур тавьдаг юм бол?
-72 хүүхэд авдаг. Үүнийгээ ил тод зарладаг, манай сайтад хэн ч ороод харахад ил харагдах байдлаар нээлттэй тавигддаг. Нэгдүгээр анги нийт 120 хүүхэдтэй, үүнээс 72-ыг нь шалгалтаар авна. Үлдсэнийг нь багш ажилчдын хүүхэд, хамтран ажилладаг байгууллагынхаа хүүхдүүдээс авдаг. Мэдээ ч ил тод зарладаг.
-Зургаан настай хүүхдүүдийн юуг нь шалгадаг юм?
-Энэ их хэцүү л дээ. Шалгалтад бичиж уншуулах материал оруулах боломжгүй. Зураг л танихаас биш, үсэг мэдэхгүй шүү дээ. Өнгөрсөн жил эхний өдрийн шалгалтыг тестээр авсан. Зургийг ажиглаад ялгааг олох гэх мэт. Мөн үгийн санг нь шалгаж байгаа юм. Үүнд ёс суртахууны асуулт заавал оруулж өгдөг. 670 орчим хүүхэд буруу хариулсан асуулт ч байдаг. “Манай гэр бүлийнхэн цэвэрч гэж туулай ярьж байгаа юм л даа. Машин дотроо ч цэвэрхэн явдаг. Хог гараад ирвэл цонхоороо шидчихдэг” гэж бичсэн. Энэ талаар хэдэн амьтан хоорондоо ярьж байгаа юм. Аль зөв ярьсан бэ гэхэд машины цонхоор хог хаясан туулайг олон хүн дугуйлсан байсан. Эцэг эхчүүд нь хогоо машины цонхоор хаядаг л гэсэн үг шүү дээ. Хоёр дахь өдөр нь зүгээр шагайгаар тоглуулчихсан. Зөв буруу тоглож багааг нь биш. Биеэ авч яваа байдлаар нь л дүгнэж байгаа юм. Хүний хүүхдийг хүндэтгэж байна уу, хивсэн дээгүүр гуталтай гарч байна уу зэргээр хүмүүжлийг нь дүгнэсэн.
Гурав дахь өдөр нь ярилцлага хийнэ. Зөв хариулт байхгүй асуултуудыг ч асууна. Хүүхэд өөрийгөө хэр илэрхийлж байгааг нь шалгана. “Энэ хорвоо дээр нэг ч шувуу байхгүй бол чи яах вэ” гэж асуулт асууж байгаа юм. Зарим нь “Би өөрөө шувуу болж нисэхээс” гэж хариулах ч хүүхэд байсан.
-Хүүхдийг бага наснаас нь эхэлж өрсөлдүүлэх нь хувь хүн болж төлөвшихөд яаж нөлөөлдөг вэ. Боловсролын сайдын шийдвэр урсгалаараа явдаг, амьдралын идэвхгүй иргэдийг бэлтгэн гаргах юм биш үү?
-Өрсөлдүүлж уралдуулахыг бид хүсээгүй. “Шинэ Монголд” элсэх хүсэлтэй олон хүүхэд байдаг учраас л шалгаруулж байгаа юм. Өрсөлдөх нас байдаг л даа. Хүүхдийг багаас нь олимпиадад оруулаад өрсөлдүүлж тэмцэлдүүлэх нь эерэг гэхээс илүү сөрөг нөлөөтэй. Бага ангид хүүхэд зөв, монгол хүнийхээ суурийг тавих ёстой. Зөв хүмүүжлийн үндэс суурь тавих хэрэгтэй. Эрдэмд дурладаг үндэс язгуураа тэндээс л олж авдаг. Хүүхдэд багаас нь ачаалал өгөх нь сөрөг үр дагавар их. “Шинэ Монгол” сургууль хүүхдэд гэрийн даалгавар өгөхдөө академик гэхээс илүү хариад хувцсаа эвхээрэй гэх жишээний даалгавар өгдөг. Энэ бага сургуулиудад туршлага болж магадгүй юм. Дунд ангид ороход академик даалгаврууд нэмэгддэг.
-Уралдаанд орж ялагдаад сэтгэлээр унах нь зөв, монгол хүн болж төлөвшихөд сөргөөр нөлөөлөх хэрэг үү?
-Энэ тухай хүмүүжлийн талаар судалгаа хийсэн улс ярих байх. Ер нь нэгээс гуравдугаар ангийн хүүхдүүдэд дүн тавьдаггүй шүү дээ. Үгэн үнэлгээ тавьдаг. Энэ бол зөв бодлого. Хүүхдийн урам гэдэг чухал. Энэ насанд нь хүүхдийг цаашаа хөгжих, өөрийгөө нээхэд нь л дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
-Бага ангийн хүүхдүүдтэй эцэг эхчүүд яаж харьцах хэрэгтэй вэ. Манайхан нийтлэг ямар алдаа гаргаж байна?
-Эцэг эх сургуультай нь холбоотой байх ёстой. Цаг гаргаж хүүхэдтэйгээ ярилцдаг байх нь чухал. Хүүхдийнхээ дэргэд хэн нэгнийг муулж ярьж болохгүй. Багш болон сургуулийг нь ч юм уу. Энэ хүүхдэд сөргөөр нөлөөлдөг. Өнөөдөр цахим ертөнцөд зочин гэж орчихоод л хэн нэгнийг буудаад байгаа хүмүүс чинь үүнтэй холбоотой. Дээр нь нэмээд хэлэхэд гэр бүлийн хайр хүүхдийн хүмүүжил төлөвшилд чухал нөлөөтэй. Хүүхэд ээж, аав хоёр бие биенийгээ хайрлахыг л хүсдэг. Ийм орчинд зоригтой, шийдэмгий хүүхэд хүмүүждэг.