Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шинэ хүн”-ий дараагийн ШИНЭ ТӨРХ

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ


ЗӨВЛӨЛТ ХҮН

Большевикууд төрийн эрхэнд гаруутаа л энэхүү шинэ нийгэм нь цоо шинэ маягийн хүмүүсээс бүрдэх ёстой гэж үзжээ. Нэг үгэндээ биологийн хувьд цоо шинэ хүн бүтээхээр шийдсэн байна. Коммунизм байгуулахын тулд “шинэ хүн” зайлшгүй хэрэгтэй тухай зөвлөлт тогтолцоог үүсгэгчид байнга давтаж байлаа. Энэ тухай 1924 онд Троцкий Утга зохиол ба хувьсгал зохиолдоо “Коммунист хүн буюу ирээдүйн хүн нь өөрийгөө бүрэн хянаж чаддаг, зөн билгээ аугаа үйлсэд чиглүүлж чаддаг, нийгэм журмын амьдралд өөрийгөө зориулж чаддаг” сүпэрмэн байх тухай сургажээ. Цагтаа Карл Маркс ч “өглөө загас бариад, өдөр үйлдвэрт биеийн хөдөлмөр хийгээд, оройдоо урлагийн шүүмж бичдэг” бүх талын авьяастай сүпэрмэн мөрөөдөж байсан юм.

Зөвлөлт хүн гэсэн ойлголт буй боллоо. Энэ нь марксист арга зүй, туршилтаар хүнийг хүмүүжүүлэн хомо сапенсийн хувьслын дараагийн шатны шинэ хүний буй болгох тухай яриа. Зөвлөлт нийгэмд амьдарч байгаа хүн болгон үе шаттай хүмүүжлийн үр дүнд аяндаа нийтээр зөвлөлт хүн болж хувирах учиртай юм. “Шинэ хүн” буй болгох энэ туршилтын тухай Максим Горький бичихдээ “Лениний толгойлсон большевикууд орос хүний бие дээр аймшигтай харгис туршилт явуулж байна… Үүний зорилго нь хүний биеийн амьд матери дээр хийж буй туршилт юм”

Советский человек (Зөвлөлтийн хүн) гэсэн нэршил энэ үеэс СССР-т албан ёсоор өргөн хэрэглэх болжээ. СССР-ийн иргэн байснаар ямар ямар эсрэг шинж агуулж байгааг, ямархуу ёс суртахуунтай байх ёстойг үүгээр сурталчилна. Сталин Зөвлөлт хүний үлгэр жишээ дүр төрхийг гаргаж ирэхээр ихэд хичээжээ. Үүнд юун түрүүн урлаг, утга зохиолыг илүүтэй ашиглахаар шийдэв. Социалист реализм хэмээх урлаг, утга зохиолын шинэ урсгалыг тэр санаачилсан юм. Нэг үзэл суртал, нэг хүнийг тахин шүтсэн, нөгөө талаас классизм, реализмын арга барилыг шингээсэн, Зөвлөлт хүнийг товойлгосон урлагийн урсгал юм болов уу даа. Гэхдээ социалист реализм гэж яг үүнийг хэлнэ хэмээн тодорхойлоход тун хэцүү. Урлаг, утга зохиолын бүтээл энэ урсгалд багтахын тулд юун түрүүн удирдагч нарт таалагдах ёстой, үгүйдээ л шүүмжлэлд нь өртөх ёсгүй. Социалист реализм нь уран бүтээлчдээс юун түрүүн намч чанар (партиеность) нэхнэ. Нэг даргад намч чанартай харагдахад илүү том даргад нь үгүй харагдвал социалист реализм биш болж таарах жишээтэй. Дайны дараа нэрт кино найруулагч Добженкогийн хийсэн бүтээл Хрущевт ихэд таалагджээ. Гэтэл уг киног үзсэн Сталин “намч чанар” алга гээд найруулагчийг ажлаас нь халсан байна. Ингэхээр социалист реализмыг урлаг судлаач биш, дарга тодорхойлно гэсэн үг.

Зөвлөлт хүнээс шаарддаг ёс суртахууны хэм хэмжээ уулаас хүний моралиас их өөр. Сталины үед хүүхэд багачуудын хамгийн том үлгэр жишээ нь Павлик Морозов хэмээх Сибирийн бяцхан жаал байлаа. Тэрээр хамтралд хураалгах ёстой тариагаа нуусан эцгийгээ засаг захиргаанд ховлон буудуулсан бяцхан хүү. Морозовын хөшөө СССР-т хэдэн мянгаараа босч, түүний баатарлаг богино амьдралыг бахдан сайшаасан үлгэр, дуу, хөгжим, уран зохиол үй түмээрээ гаран ирээдүйн Зөвлөлт хүнийг хүмүүжүүлж байлаа. Мао Зэдун Соёлын хувьсгалын үеэр эх эцэг, багш, гэр бүлийнхээ эсрэг тэмцэж байгаа бяцхан хүүхдүүдийг баатарлаг “зөвлөлт хүн”-ий үлгэр дуурайлал болгон товойлгож байлаа. “Хонь хулгайлсан эцгийгээ засагт матах нь ёс суртахуунгүй хэрэг төдийгүй улс орны бат бэхийн үндэс болсон гэр бүлийг самууруулдаг” хэмээн хэдэн мянган жилийн өмнө сургасан Кунзийн суртлаар хүмүүжсэн ард түмэнд тохиолдсон явдал шүү дээ.

Брежневийн үеэс “шинэ хүн”, “зөвлөлт хүн” гэсэн нэр томьёог “Зөвлөлт аж төрөх ёс” (советский образ жизни) гэсэн шинэ нэршил орлох боллоо. ЗХУКН-ын XXV их хуралд Зөвөлөлт аж төрөх ёсыг Л.Брежнев илтгэлдээ тодорхойлохдоо:

Манай ялгуулсан замд олсон өөр нэг амжилт бол Зөвлөлт аж төрөх ёс юм. Олон жилийн туршийн хамтач амьдрал, өдрөөс өдөрт бэхжиж буй ард түмний найрамдал нөхөрлөл, биднийг улам хүчирхэгжүүлж буй эрүүл саруул ёс суртахуун зэргийг агуулсан манай аж төрөх ёс нь цус хөлсөнд маань шингэсэн социализмын төлөөх тэмцлийн үр дүнд бодит байдал болжээ.[1]

Зөвлөлт аж төрөх ёс бол нийгэм, эдийн засаг, аж төрөл, соёлын хүрээнд зөвлөлт хүний заавал дагаж мөрдөж байх дэг журам юм.

Зөвлөлт хүн гэдэг бол хувиа боддоггүй, суралцаж хөдөлмөрлөдөг, эрүүл саруул, бялдарсаг, санаачилгатай, социалист хувьсгалд үнэнч байх ёстой. Зөвлөлт хүнээс гол шаардах зүйл нь ухамсартай хатуу сахилга бат юм. Шинэ хүн нь зөн билэгтээ хөтлөгддөггүй, харин өөрийгөө хянаж алив зүйлд ангийн ухамсартайгаар хандаж байх учиртай юм.[2] Мөн нийгмийн өмчийг өөрийн мэт хайрлан хамгаална. Үндэсний үзэл хэзээ ч гаргаж болохгүй, СССР-т амьдарч буй бүх үндэстнийг хүндэтгэн үзнэ. Хөдөлмөрт хандах хандлага нь санаачилгатай, идэвхтэй, шургуу байхаас гадна хүний үндсэн зөн совинг давж гарсан байх ёстой.

Эдгээр нь зөвхөн ЗХУ-ын тухайд биш, аль ч коммунист оронд нийтлэг норм байсан юм. МАХН-ын XVII их хурлаас социалист нийгмийн иргэний ёс суртахуун ямар байх талаар 17 зүйлт зааврыг орос хэлнээс бараг тэр чигээр нь орчуулан монголчлоод “хуульчилж” байсан бол Хойд Солонгост чүчхэ гэх малгайн дор коммунист солонгос хүнийг төлөвшүүлж байлаа. Маогийн үед улаан хамгаалагч залуу үеийг бэлдэж байсан бол, Румынд Чаушеску маягийн хүмүүжил ёс суртахуун тулгаж байв. Зүүн Европын орнуудад шинэ хүн буй болгох туршилт харьцангуй зөөлөн, хэт туйлширсан биш авч ерөнхий араам нь төстэй юм. Бүгд л хаалттай нийгэм.

Зөвлөлт шинэ хүний анхны үлгэр жишээ нь уурхайчин Стаханов байлаа. Тэрээр 7 тонн нүүрс малтах ёстой ажлын нормыг 15 дахин нугалж ахиулсан юм. Хожим илэрснээр энэ их хүн үнэмшимгүй амжилтын цаана хоригдлын бүтэн баг ажиллаж байжээ.[3] Стахановыг СССР даяар алдаршуулан, улс орноороо “стахановч хөдөлгөөн” өрнүүлэв. Хөдөлмөрийн бүх мэргэжил салбарт стахановчууд мянга мянгаараа төржээ. Зах зээлийн өрсөлдөөнийг энэхүү сэтгэлийн хөөрөл орлох, тэр байтугай илүү үр дүн өгөх учиртай ажгуу.[4] Уран барималч Вера Мухинагийн Ажилчин ба хамтралчин эмэгтэй гэсэн баримал Парист болсон худалдааны үзэсгэлэнд анх тавигдсан нь эрэгтэй, эмэгтэй Зөвлөлт шинэ хүний гадаад төрхийг илтгэсэн сонгодог дүр болсон юм.[5]

ХОМО СОВЭТИКУС

1918 онд Оросын философич Сергей Булгаков “хомо социалистикус” (homo socialisticus)гэсэн нэршил зохиожээ.[6] Шинээр байгуулагдсан большевик Орост “шинэ хүн” хэмээх нийгмийн инжинерчлэлийн аймшигт туршилт явагдаж буйг тэрээр цэргүүд, ялангуяа усан цэргүүд дээр жишээлэн тодорхойлжээ. “Орос цэргийг, ялангуяа усан цэргийг харахад гадаад төрх нь адгуус маягтай өөрчлөгдсөнийг ажиглаж болно… Сэтгэхүй байхгүй, Дарвины сармагчингийн бас нэг шинэ дүрс болон өөрчлөгдсөн хомо социалистикус” хэмээн тэрээр бичжээ. Михаил Булгаковын бичсэн “Нохойн зүрх” зохиолын гол баатар Шариков бол зөвлөлт хүнийг шоглосон алдартай дүр боллоо. Дараа нь Оросын гадагш зугтаж гарсан зохиолч А.А.Зиновьев хомо совэтикус (homo sovieticus) хэмээх нэршил гаргаж ирсэн нь маш их түгсэн юм:

Зөвлөлт шинэ хүнийг эргээд нэг харъя л даа. Тэнэг биш ээ, гайгүй боловсролтой. Түүнийг хэн ч айлгаагүй, хэн ч дарамтлаагүй. Тийм байтал тэрээр бусдад хандахдаа өөрийн сайн дураар үүнээ хийдэг. Бусдыг айлгадаг, матдаг, дарамталдаг, зулгуйддаг энэ чанар Зөвлөлт хүнээс өөрөөс нь гардаг. Ингэх нь өөрт нь таалагддаг учраас энэ бол тэдний байгаа жудаг нь юм.

Хүний чанар, ёс жудгийн наад захын хязгаар байхгүй нийгэмд хүнээс жудаг нэхэх нь өөрөө жудаггүй хэрэг юм. Хүн төрж өссөн ёс суртахууны хүрээ хязгаартаа төрж, өсч, хүмүүждэг болохоор тэднийг ёс суртахууны өөр хүмүүнлэг хэмжүүрээр жишин буруутгах, эсвэл Чингисийн ордынхны ёс суртахуунгүй ёс, суртахуунтай зүйрлэн жигших нь утгагүй хэрэг.

Хүний хэдэн үе үргэлжилсэн тархи угаалт, албадлага, дарангуйлал, хувийн өмчгүй нийгмийн тогтолцоо зэргээс хамаарч “шинэ хүн”, “зөвлөлт хүн” нь зөвлөлт аж төрөх ёсны хүмүүжлийн үр дүнд:

Хамт олонд захирагдсан (Намын байгууллагад)

Чөлөөт байдал, хариуцлагаас зайлсхийсэн

Сул дорой руу түрэмгий, хүчтэний өмнө хүлцэнгүй

Бие даасан үзэл, үйл ажиллагаа үгүй

“Хэн нэг нь хийчихнэ биз” гэсэн хүлээлттэй

Оюун санааны хувьд боолчлогдсон

Бие хүн, нэр төр гэсэн ойлголтоос хөндий

Засаг төрөөс бүрэн хамааралтай

Ертөнцийн соёлоос хөндий

Нийтийн өмчийг хүндэтгэдэггүй

Өөрийн хөдөлмөрийн чанарт ач холбогдол өгдөггүй

Ажлын байрандаа хулгай хийдэг

Санаачилга байдаггүй, хувийн хариуцлагаас үргэлж зугтаадаг

Идэвх санаачилга үгүй

Ёс суртахуунгүй ч байсан ямар ч тушаал биелүүлэх чадвартай үнэхээр “шинэ хүн” болон төлөвшжээ.

Олон жилийн турш тулгасан зөвлөлт хүн буй болгох туршилт нь коммунист нийгмийн бодит байдалд бүрэн дассан, үүнийгээ ямар ч сонголтгүйгээр хүлээн зөвшөөрсөн “сахилга баттай” хүний цоо шинэ дүр төрхийг бүтээжээ. Бүх талаасаа хаалттай, тэр байтугай өөрийн амьдарч буй нийгмийнхээ тухай үнэн зөв ойлголтгүй хүн сүрэг үүнээс нь өөр амьдралын хэв маяг байж болох төсөөлөлгүйгээр бүтэн хэдэн үеэрээ өсч хүмүүжсэн байна. Энэ байдал хувьсгалын хэнээтнээс авахуулаад жирийн ажилчин тариачин малчин хүртэлх нийгмийн бүх давхаргыг хамаарсан юм. Энэ утгаараа хомо советикусууд тухайн нийгмийнхээ аль давхарга бүлэгт багтаж байснаасаа үл хамаараад ялангуяа сэтгэлгээний хувьд нэгэн хэвэнд цутгасан мэт хоорондоо адилхан.

ХОМО ПОСТ-СОВЭТИКУС

1990 оны коммунизмын сүйрэл нь хомо советикус үзэл суртлын туршилтад үхлийн цохилт өгсөн юм. Гурван тивийг дамнасан асар том шорон чөлөөлөгджээ. Үүнд үзэл суртлын хүлээсэнд хоригдож байсан эрх чөлөөгүй 40 орчим улс орон хамрагдав. Сая сая хүн Ертөнцтэй анх удаа танилцлаа. Тэднийг хаалттай нийгэмд амьдран хорвоогоос тасарсан байх хооронд ХХ зуун дэлхийг үндсээр нь өөрчилсөн байв. Технологийн хувьд ч, үзэл санааны хувьд ч, улс төр эдийн засгийн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч. Ийм шинэ ертөнцөд тэд удаан жил шоронд сууж байгаад гарч ирсэн нийгэмшээгүй иргэд ажгуу.Тэдний өмнө шинэ нийгэмд зохицон төлөвшиж нийгэмших асар хүнд нөхцөл тулгарсан юм.

Чөлөөт ертөнцийн зүг онгойсон цонхоор анх удаа шагайсан хомо советикусуудыг юун түрүүн техник технологийн хөгжил, нийгмийн баян тансаг амьдрал шоконд орууллаа. Брандэнбүргийн хаалгаар хэдэн саяулаа шахцалдан Баруун Берлин рүү цувахдаа хүн бүр 100 дойч маркаар шагнуулсан зүүн германчууд эгшин зуур коммунизмыг үзэн ядацгаасан. Ганзгын наймаа гэдгийг анхлан сэдэж дэлгэрүүлсэн польшууд 40 гаруй жил амьдралаа өнгөрүүлсэн нийгмийн тогтолцоогоо ам уралдуудан зүхэх боллоо.

Гэвч анхны энэ бишрэл хүндэтгэл удаан үргэлжлээгүй юм. Нийгмийн хувьсгал эгшин зуур ахуй орчныг өөрчилж, шинэ нийгэмд бэлтгэгдээгүй үй олныг сул тавьдаг. Хувьсгалын сул тал энэ. Францын хувьсгал тун удалгүй чөлөөт нийгэмд дасаагүй үй олны сэтгэлийг гонсойлгож “эрх чөлөөнөөс дайжихуй” гэсэн процесс болж байсан.[7] Октябрийн хувьсгал нийгмийн доод давхаргынхныг эгшин зуур Шариков болгон хувиргаж байлаа.[8]

Үнэндээ хомо советикусууд төлөвшиж тогтсон нээлттэй нийгмийн стандарт шаардлагад нийцэхгүй байлаа. Хятадаас оргож Хонгконгод цагаачилж ирсэн хятадууд адил нэг үндэстэн мөртлөө чөлөөт нийгэмд өсч төлөвшсөн хонгконгчуудад гологдож, тэдний ажилгүй хариуцлагагүй, залхуу, санаачилгагүйг толгой сэгсрэн ярьдаг тухай аль наяад оны үед М.Фридман гайхан бичиж байв.[9] Хойд Солонгосоос Өмнөд рүү Хятад, Монголоор дамжин оргож ирсэн 20 мянга орчим хүн бий. Тэднийг нийгэмшүүлэх гэж иргэн болгосон төдийгүй байр сав тэтгэмж зэргээр ханган ажилд оруулах боловч нийгмийн амьдралдаа гологдон эцэст нь хууль бус зүйл рүү ухасхийх нь элбэг. Тэд Хойд Хятад руу гаран тэндээс өмнөд рүү оргох гэсэн хүмүүсээс шан харамж аван зуучлахыг илүүд үздэг. Зүүн Германы угшилтай иргэд барууны компаниудад ажиллахад эхэндээ цалин нь цаадуулынхаа 60%тай тэнцэж байсан, 30 шахам жил өнгөрөөд байхад одоо ч тэнцүү болж чадаагүй явна. Тэднийг зүүнийхэн гэж гадуурхаагүй, ердөө л ажлын ур чадвар, сахилга бат хариуцлагынх нь хэмжээ тэр юм. Польшоос гэхэд энэ жилүүдэд 4 сая орчим залуус өрнөд рүү дүрвэсэн, тэд эх орондоо хийж байсан ажил мэргэжлээсээ хавьгүй доогуур үнэлэмжтэй хөдөлмөр эрхэлдэг ч, цалин нь өндөрт хорогдоод буй хэрэг. Саяхан Британий парламентаас “Бид дээд мэргэжилтэй цэвэрлэгч Литвиэс авах хэрэг байхгүй” гэсэн тогтоол гаргалаа.

Ийнхүү хомо совэтикусаас хомо постсовэтикус болон өөрчлөгдөх эволюц явагдав. Хувьсах процесс янз бүрийн хэлбэрээр үргэлжлэв. Хамгийн болхи бүдүүлэг хэлбэрээс технологийн, улс төрийн, мафи маягийн, хуулийн, зохион байгуулалт бүхий зэрэг нийгэм дэх байр сууриа дээшлүүлэх түмэн арга сэдэцгээв. Малчин, тариачнаас хувийн үйлдвэрийн ажилчин худалдаачин болох, төрийн ажилтнууд чөлөөт мэргэжилтэн болох, нам төрийн ажилтнууд улс төрийн зүтгэлтэн болох зэрэг. Монголд дотоод яамны ажилтан, намын зүтгэлтэн нар лам хувраг болон өөрчлөгдөх явдал элбэг байсан. Гэхдээ шинэ нөхцөлд яаж ч дасан зохицоод шинэ нийгмийнхээ шаардлагыг хангасан хүн болж хувирч чадаагүй. Зөвлөлт хүн буй болгох олон жилийн туршилт нь суртал нэвтрүүлгийн аргаар л тулган хүлээлгэж байсан болохоос “ердийн” нийгэмшсэн хүн төрүүлж чадаагүй юм.

Нийгмийн тодорхой хэсэг нь шууд гэмт хэргийн, хууль бус үйлдлийн “идэвхтэн” болж хувирлаа. Франц, Швейцарьт Монголын дэлгүүрийн хулгайч нар бүхний танил болсон бол, польш, югославын залилан мэхлэгчид алдаршиж, Оросын дээрэмчид бүхнийг айлгах болов. Хүн хулгайлах, эмэгтэйчүүдийг албадан биеэ үнэлүүлэх талаар албаничууд толгой цохиж, хууль бус худалдаа, гудамжны гуйлгаар румынчууд давамгайлна. Өнгөрсөн жилүүдэд АНУ-д хоёр сар гаруй оросууд дүрвэж, “Оросын мафи” гэсэн аймшигт имижийн эзэн болцгоожээ. Эд бүгд социалист нийгэмдээ аж төрж байхдаа тогтсон норм хэмжээнд биеэ авч явдаг ердийн л сахилга баттай хомо совэтикусууд байсан.

Интернационалист үзлийн тухай хомо советикусуудад цээжлүүлсэн суртал нэвтрүүлэг хичнээн хуурамч байсныг зүүн германчуудын неонацист хийрхэл, өрнийнхнийг үзэн ядсан оросуудын балайрал, оросуудыг дайрч довтолсон украин польшуудын дэвэргэн зан зэрэг тод харуулна. Үзбэкийн эсрэг киргизүүд, Хятадын эсрэг монголчууд, армяны эсрэг азербаджанчууд, Японы эсрэг хятадууд… гэх мэт интернациональч дайсагнал хэдийнэ эрүүл ухааныг даван хальсан.

Ихэнх пост коммунист орнуудад цэрэг болон дотоодыг хамгаалахаас бусад төр, олон нийтийн байгууллагууд инстүүчлэгдээгүй, инстүүчлэгдсэн нэг нь нээлттэй нийгэмд үл тохирох, эсвэл сул дорой инстүүчлэгдсэн учир авлига, хээл хахууль, шамшигдуулал хулгай маш хурдтайгаар нийгмийг хамрах болжээ. Энэ нь нийгмийн доторх дургүйцэл хагарал үзэн ядлыг дэвэргэх болсон. Үнэнийг хэлэхэд ихэнх Хомо постсовэтикууд иймэрхүү гэмт хэргийг ерөөсөө болохгүй зүйл гэхээсээ надад яагаад ногдсонгүй вэ гэдэг талаас нь харж өөрсдийгөө шударга бусаар хохирогчид гэж үздэг. Хаалттай нийгэмд өөрийн бодолтой байх, дургүйцлээ илэрхийлэх, өөр санаа дэвшүүлэх нь хориотой төдийгүй хүнд ялтай байсан болохоор тэд “томоотой” байсан. Харин нээлттэй нийгэмд тэдэн шиг ялархуу, логикгүй, дур зоргоороо, эсэргүүцэгчид тийм олноороо үгүй болов уу. Бүх юманд бүх юмыг буруутгана. Эндээс хуучин коммунист нийгэм хавьгүй сайхан байсан гэсэн дүгнэлтэд хар аяндаа хүрэх аж.

Аль ч пост коммунист орны амьдралын түвшин яаж ч муугаар бодоод хуучнаасаа мэдэгдэхүйц дээрдсэн гэсэн ердийн үнэнийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Үүний тод илэрхийлэл нь санал асуулгаар Орост Сталиныг, Румынд Чаушескуг түүхэн дэх хамгийн сайн удирдагч байсан хэмээн тодруулж байсан явдал. Ялангуяа ахмад төлөөлөл дотор коммунизмын үед жаргаж байсан гэсэн “хонзогносон” суртал нэвтрүүлэг залуу үеийнхэнд нь хүчтэй нөлөөлдөг. Хэдийнэ үе солигдсон боловч залуу үе нь өөрийн туулж үзээгүй нийгмийн “сайн сайхны” тухай төөрөгдсөн үзэлтэй болж эхэлж буй нь улс орныхоо түвшинг нүд тайлсны буянаар өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах бололцоотой болж голох болсонтой холбоотой. Иймээс “певдо патриотизм” гэх үндсэрхэх үзэл нийтийг хамарч нийгмээрээ хартай, юм болгоныг сэрдсэн, дайсан хайж эрэлхийлсэн паранойд автагдаж эхэлсэн. Нийгмийн ямар ч нөхцөлд амьдарч байсан алив хүн залуу зандан насандаа бэлгийн чадавхтай байсан үеэ хожим дурсан амьдралын алтан үе байлаа гэж санааширдаг хүний төрөлх совинтой нь энэхүү хуучнаа санагалзах дурсамж холбоотой байж болох юм. Карл Маркс хүний нийгмийн хөгжлийг хөдөлмөрийн багаж хэн эзэмшиж байгаагаас нь хамааруулж 5 формацид хуваажээ. Энэ “онол”ыг ямар ч шүүмжлэлгүйгээр хүлээж аван цээжилсэн хомо совэтикусууд өөрсдийгөө хөгжлийн дээд шат социализм коммунизмд амьдарч байснаа шат уруудан хоцрогдсон капитализм, аягүй бол феодализм, боолын нийгэм рүү ухарчихлаа гэсэн тэнэгдүү гэмээр ойлголттой байх нь ховор биш.

Ийнхүү номхон дорой, төр нийгэмдээ үнэнч, улс төр, урлаг, утга зохиолын хувьд ижил үзэл баримтлалтай хүлцэнгүй хомо советикусууд нь догшин ширүүн, мораль этикийн хувьд зэрлэг балмад, орчноо зөвөөр эрүүлээр дүгнэх чадваргүй, хүлээцгүй ярьдаг, хуулийг үл тоомсорлосон, хуулиас гадуур амьдрахыг илүүтэйд үздэг хомо постсовэтикус хүн болон өөрчлөгдсөн. XXI зууны иргэншиж соёлжсон, ердийн иргэд болон хувирахад тэдэнд нэлээд цаг хугацаа хэрэгтэй. Магадгүй дахиад 23 үе солигдох шаардлагатай байх. Иймээс хомо постсовэтикус хэмээх нь дамжлагын шат юм болов уу даа.

2016.6.17

[1] КПСС Съезд 25-й. Стенографический отчёт. 24 М.:Политиздат, 1976.

[2] Myers, B. R.The Cleanest Race, p 81

[3] Комсомолская правда, 1988.10.15

[4] Overy, Richard The Dictators: Hitler’s Germany, Stalin’s Russia,

[5] Overy, Richard The Dictators: Hitler’s Germany, Stalin’s Russia,

[6] Булгаков, С. Н. На пиру богов

[7] Fromm, Erich Escape from Freedom

[8] Булгаков, М.А. Собачье сердце

[9] Friedman, Milton Free to choose

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *