Categories
мэдээ цаг-үе

Шинэ жилийн сүлд мод 3.4 метртэй нь 700 мянган төгрөгийн үнэтэй байна

Улаанбаатарт шинэ жилийн уур амьсгал орж албан байгууллагууд сүлд модоо засч эхэлжээ. Албан байгууллага, айл өрхийн хоймрыг чимэх сүлд мод, гоёл чимэглэлийн үзэсгэлэн томоохон зах, дэлгүүрээр гараад эхэлж. Өнөө жилийн шинэ жилийн гоёл, гацуур мод, саа, гэрэл чимэглэлийн үнэ ханшийг сонирхохоор “Дүнжингарав” худалдааны төвийг зорилоо. Тусгай талбайд олон сонголттой сүлд мод, саа, өнгө өнгийн гэрлэн чимэглэл, өвлийн өвгөн, багуудыг төрөл төрлөөр нь дэлгэн тавьжээ. Тус үзэсгэлэн эхлээд гуравхан хонож байгаа учраас тэр бүр хүн мэдээгүй байгаа гэнэ. Худалдагч нар арванхоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногоос гүйлгээ маань эрс сайжирдаг хэмээн хуучиллаа. Дунджаар ногоон мөчиртэй 1.8 метрийн өндөр мод 300 мянга, саглагар ногоон мөчиртэй 1.5 метрийн өндөртэй нь 350 мянган төгрөг, цастай мөчиртэй 1.8 метрийн өндөр гацуур 540 мянган төгрөг, 3.4 метртэй нь 700 мянган төгрөгийн үнэтэй байна. Ерөнхийдөө сүлд мод цагаан саатай, усан цэнхэр, тод ногоон гэсэн олон төрлийн сонголттой. Харин сүлд модны тоглоом нэг ширхэг нь 2000, том тоглоом дөрвөн ширхэг нь 8000 төгрөгийн үнэтэй, 30 ширхэгтэй том бөмбөлөг нь 30 мянган төгрөг. Тоглоом том, жижгээс хамаараад 30-150 мянган төгрөгийн үнэтэй байв.

Гэрэл 15 мянган төгрөг, саа урт болон төрлөөсөө шалтгаалж 1000-2500 төгрөгийн үнэтэй. Харин сүлд модны оройн чимэглэл таван мянган төгрөгөөс эхлэн 30 мянган төгрөг хүртэл үнийн сонголттой байлаа. Худалдан авагч Ү.Балжирмаа “Манайх залуу гэр бүл. Хоёр хүүтэй учраас заавал сүлд мод засахгүй бол болохгүй. Шинэ жил манай гэр бүлийн хувьд том баяр. Өмнө нь засдаг байсан мод эвдэрчихсэн учраас шинэ мод авахаар ирлээ. Уг нь өндөр мод нь гоё харагдаж байгаа ч мөнгө хүрэхгүй учраас дундаж өндөртэйг нь авахаар харж байна” хэмээв. “Дүнжингарав” худалдааны төвийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжлэх юм байна.

Дэлгүүрийн үзэсгэлэнд тавигдсан сүлд мод, чимэглэлийг үнэтэй хэмээн хэлэх хүн байсан учир цааш “Нарантуул” зах орлоо. “Ойрд дулаахан байгаа учир зах хөл хөдөлгөөн ихтэй байна. Одоо л албан байгууллага, айл өрхүүд шинэ жилийнхээ сүлд мод, чимэглэлийг авна даа” хэмээн худалдагчид ярив. “Нарантуул” захад сүлд моднууд өргөн сонголттой дэлгэгджээ. Хамгийн жижиг буюу ширээн дээр тавьдаг сүлд мод 4000-20000 төгрөг байсан бол суурьтай, чимэглэлгүй, энгийн ногоон гацуур 25000-50000 төгрөгийн үнэтэй. Харин өөрөөсөө гэрэлтэй, эргэдэг, чимэглэлтэй гацуур мод 35000-120000 төгрөгийн ханштай байв. Сүлд модны чимэглэл, тоглоомууд нэг ширхэг нь 500-4500 төгрөг бол саа өнгө, хэмжээнээс шалтгаалан ширхэг нь 600-1500 төгрөг. Мөн шинэ жилийн багт наадамд зориулсан төрөл бүрийн маск, баг 1500-5000 төгрөгийн үнэтэй байлаа.

“Нарантуул” захаас худалдан авалт хийж буй М.Уранчимэг “Олон хүүхэдтэй учраас сүлд модныхоо тоглоомуудыг нэг нэгээр нь хагалсаар байгаад бараг дуусгачихсан. Хуучин сүлд модон дээр нь орчин үеийн гоё тоглоом авах гэж явна. Тэгээд гэрээ чимэглэчихээр гоё харагдах байх. Хүүхдүүд маань өөрсдөө цонхон дээрээ зураг зураад хөөрхөн чимэглэчихдэг юм” гэсээр цааш алхлаа.

Хотын төвд байрлах Улсын их дэлгүүрт гацуур модны өнгө, хэмжээний сонголт өргөн байлаа. УИД-т дан ногоон 1.5 метртэй сүлд мод 69900 төгрөг, 1.2 метртэй гэрэл асдаг сүлд мод 129000 төгрөг, Тайландын өтгөн мөчиртэй 1.8 метр сүлд мод 340 мянган төгрөг, 2.25 метр өндөр мод 800 мянган төгрөг, 2.7 метртэй гэрэл, тоглоомтой сүлд мод 1.2 сая төгрөгийн үнэтэй байсан юм. Тоглоом, чимэглэл 3500-9200 төгрөгөөр худалдаалж байв.

Харин “E mart” их дэлгүүрт 0.9 метр сүлд мод 72800 төгрөгийн үнэтэй байна. 0.9 метр өндөртэй ч чимэглэл ихсэх тусам үнэ нь нэмэгдэж 139800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. 1.2 метр өндөртэй сүлд модыг 79800-169800 төгрөгөөр борлуулж болов. 1.8 метртэй сүлд мод 116900-199800 төгрөг байсан бол хамгийн өндөр буюу дөрвөн метр сүлд мод 923800-974800 төгрөг байлаа. Эднийх 2.1 метрээс өндөр сүлд мод худалдаж авбал гэрт нь үнэгүй хүргэж өгөх үйлчилгээг гаргажээ. Мөн бүх гацуурт бөмбөлөг бэлгэнд өгч байгаа гэнэ. Эднийд төрөл бүрийн хэлбэртэй сүлд модны тоглоом, чимэглэл 1900-24500 төгрөгийн үнэтэй. Мөн шинэ жилийн хөөсөн тоглоом том, жижгээсээ хамаараад 6900-72500 төгрөгийн үнэтэй байлаа. Худалдан авагч З.Найдан “E mart-ийн танилцуулгыг харж байсан чинь сүлд мод нь сонголттойн дээр хүргэлттэй гэхээр нь очъё гэж бодсон юм. Ажлынхаа заваар ирж сонирхож байна. Анхныхаа ач хүүд авах сүлд модоо сонгочихоод орой тарахаараа хүргээд өгөөрэй гэж тохирчихоод л явна даа” гэв.

“Бөмбөгөр” худалдааны төвд шинэ жилийн сүлд мод нэг метртэйг нь 25000, 1.5 метртэйг нь 35000 төгрөгөөр худалдаалж буй. Сүлд модны гэрлэн чимэглэл 3500, шилэн тоглоом зургаан ширхэгтэй нь 2500 төгрөг, саа 800-1000 төгрөг, цасан ширхэг тав нь 1500 төгрөгийн ханштай байлаа.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *