Нийслэлийн онцгой байдлын газраас шинэ жилийн баяр зохион байгуулах 181 объект, худалдаа эрхэлдэг 94 иргэнийг шалгасан байна. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламж, мөн худалдааны төв, зах, хүнс барааны дэлгүүр, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдаж буй иргэдийг хамруулан пиротехникийн хэрэгслийн борлуулалтанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан аж. Шалгалтаар Хан-Уул дүүрэгт 15, Баянгол дүүрэгт 35, Чингэлтэй дүүрэгт 25, Сүхбаатар дүүрэгт 19, Сонгинохайрхан дүүрэгт 5, Баянзүрх дүүрэгт 57, Налайх дүүрэгт 8, Багануур дүүрэгт 12, Багахангай дүүрэгт 5 объект тус тус хамрагджээ.
Нийт 181 объект болон нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй 94 иргэнийг шалгахад 636 зөрчил илрүүлжээ. Улмаар 185 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 36, мэдэгдэл 126, дүгнэлт 3, ажиллагаа зогсоох тогтоол 1, танилцуулга 4-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байгаа юм байна.