Дижитал шилжилтийн эрин үед бүхий л зүйлээ алгын чинээ гар утсаараа зохицуулах боломж бүрдсэн. Завгүй амьдралын хэв маягийг хялбаршуулах болсон энэ төхөөрөмжийн тусламжтай худалдаа үйлчилгээгээ ч цахимаар хийх “мода” дэлгэрчээ. Хөлөө эргэтэл дэлгүүр хэсэж, олон хүнтэй газраар шавалдах шаардлагагүй болж, хил дамнан хүссэн бараа бүтээгдэхүүнээ өнгө размерын өргөн сонголттойгоор онлайнаар захиалах нь дэндүү амар. Онлайн худалдааны бизнес ийнхүү зах зээлд эрчийг авч, үүнийг орлогын эх үүсвэрээ болгох иргэд ч нэмэгдсээр байна.
Цахим орчинд инфлюнсер гэх тодотголтой залуус олширсон. Сошиал нөлөөлөгчид гэж тодотгох болсон олон дагагчидтай залуус руу бараа бүтээгдэхүүнээ бэлэг болгон илгээх, хамтран ажиллах маягаар байгууллага, хувь хүмүүс PR-аа хийх болжээ. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийснээс илүү “сошиал од”-уудаар ганц нэг стори хийлгэх маягаар олон хүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж, маркетингаа хөгжүүлэх нь хавьгүй хямд тусах нь гарцаагүй. Дэлхий нийтээр үүсээд буй цар тахлын нөхцөл байдлаас улбаалан цахим худалдаа эрчийг авч, хэн дуртай нь онлайн шоп гэх хаяг нээн, захиалга авах болжээ. Ингэхдээ олон дагагчидтай мөнөөх нөлөөлөгчид рүү бараа бүтээгдэхүүнээ “бэлэг” болгон илгээх маягаар PR хийн, онлайн дэлгүүрээ сурталчлуулаад авдаг. PR нь ч тодорхой хэмжээнд амжилттай болж, тухайн “сошиал од”-ын стори, пост зэргийг үзсэн хэрэглэгчдээс тодорхой хувь нь захиалга хийдэг байна.
Бид 87 хэрэглэгчээс онлайн захиалгатай холбоотой судалгаа авсан агаад нийт судалгаанд хамрагдагсдын 74.7 хувь нь онлайн захиалга хийдэг байна.
Судалгаанаас харахад есөн хүн тутмын дөрөв нь ямар нэг байдлаар онлайн шопуудад хулхитуулж байсан аж. Түүнчлэн захиалга өгөх онлайн дэлгүүрээ сонгох, тухайн дэлгүүрийн найдвартай эсэхийг шалгах шалгууруудын 23.3 хувийг “олны танил хүмүүсийн сурталчилсан онлайн шоп” гэх тодорхойлолт эзэлж байгаа юм.
Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс фейсбүүк, инстаграм гэх платформуудад онлайн шопын үйл ажиллагаа явуулдаг 62 админаас судалгаа авсан. Олон сонголттой судалгаагаар хэрэглэгчдээс түгээмэл ирдэг гомдлын 80 хувь нь ачаа бараа удаж ирж байгаатай холбоотой аж.
Тэгвэл онлайн шопууд хэрхэн “инфлюнсер”-үүдтэй хамтран ажиллах хүсэлт тавьдаг тухай Инстаграм хуудаснаа 36.1 мянган дагагчтай хэрэглэгчээс тодруулсныг хүргэж байна.
Үнэхээр л нэр хүндтэй, олны танил болоод сошиал платформууд дээр олон тооны дагагчидтай болсон залуус хамтарч ажиллах байгууллага, онлайн дэлгүүрүүдтэйгээ харилцахдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Өөрсдийнх нь сурталчилсан, зөвлөсөн зүйлсийг даган дуурайх, сэдэл авах, сонирхож үзэх хүлээн авагчид нэлээдгүй байгааг бодолцон, сурталчилж байгаа зүйлдээ цензурьтай хандах шаардлагатай юм. Явуулсан бэлэг сэлт бүрийг нь хэрэглэж үзээгүй, эс бөгөөс сэтгэлд нь хүрээгүй байхад “гоё байна, чанартай байна” гэж сурталчлах нь хүлээн авагчдад ч өөрт нь ч тодорхой хэмжээнд хохиролтой гэдгийг санах хэрэгтэй.
Сурталчилж байгаа бараа болоод дэлгүүрээ сайн судлаагүйн улмаас энэ оны эхээр томоохон залилангийн хэрэг гарсан. Залилан үйлдсэн онлайн шопыг инстаграм хуудаснаа 383.000; 318.000; 100.000; 69.300; 47.400 дагагчтай Х, М, Б, З, О гэх нэр хүндтэй, олны танил бүсгүйчүүд “найдвартай, оригинал, миний ажиллуулдаг онлайн шоп” гэх мэтээр нэлээдгүй сурталчилсан байдаг. Үр дүнд нь мөнөөх сурталчилсан дэлгүүрийн админ давтан үйлдэлтэй залилан үйлдсэн этгээд агаад, хамгийн сүүлд мэдээлснээр 400–500 хүн 120–180 сая төгрөгөөр хохироод байгаа аж.
Хэдий сайтар нягталсан ч захиалга өгөх хамгийн гол итгэлийг нэр хүндтэй олны танил хүмүүсийн сурталчилгаа байсныг дээрх яриа өгүүлж байна. Худалдан авалт хийх гэж байгаа захиалагч болоод бараа сурталчилж байгаа инфлюнсерүүд ч хохирч үлдэхгүйн тулд дор бүрнээ хариуцлагатай байж, сайтар нягталж үзэх хэрэгтэй. Мэдээж бүх онлайн дэлгүүр найдваргүй, баталгаагүй, залилан мэхлэх шинж чанартай гэвэл дэндүү буруу ойлголт юм шүү. Гагцхүү худалдан авагч та сайтар нягталж шалган, захиалгаа өгөх хэрэгтэй бөгөөд олны танил хүн бүрийн сурталчилсан болгон үнэн бодитой, чанартай байдаггүй гэдгийг санаарай.
Онлайн мэдээллийн хуудаснаас худалдан авалт хийх, түүгээр үйлчлүүлэх тохиолдолд хэр баталгаатай, найдвартай эсэхийг судлах нь хувь хүний иргэний хариуцлагын үүрэг гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. Түүнчлэн сэтгэл хөөрлөөр хандахгүй байх, сошиал инфлюнсер бүрд итгэхгүй байхын сацуу залилуулсан тохиолдолд онлайн дэлгүүрийн үйлдлийн аргыг өөгшүүлэхгүй байх үүднээс заавал цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Бусдыг төөрөгдөлд оруулж, хохироосон хэн ч хуулийн хариуцлага хүлээнэ!
Ийнхүү залилан мэхлэх гэмт хэргийн тухай хуулийн заалт болоод, залилах гэмт хэрэгт өртсөн тохиолдолд хуулийн дагуу асуудлаа хэрхэн шийдвэрлүүлж болох тухай зөвлөмж, зөвлөгөөг хүлээн авна уу.
ХИС-ийн Сэтгүүл зүйн ангийн оюутнууд.
Н.САРУУЛТУЯА ахлагчтай баг