Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тус мэдээллээр гурван аж ахуй нэгж, нэг иргэн хууль бусаар асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдаалж худалдаж байсныг ирүүлсэн болохыг хэллээ. Тодруулбал, шилэн хөвөн худалдаалж байжээ. Тус бүтээгдэхүүн нь хүний биед маш хор нөлөөтэй бөгөөд уушгиний хорт хавдар үүсгэдэг гэнэ. Учир нь асбест нь байгаль дээр тархсан гидросиликат магни, төмөр, кальци, натриас тогтсон маш нарийхан утсархаг бүтэцтэй, бутрамтгай чулуулаг эрдсүүд юм. Дулаан, галд тэсвэртэй, усанд уусдаггүй, хайлдаггүй байна. Асбест агуулсан бүтээгдэхүүнийг барилгын материал, эрчим хүч, автомашины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд хэрэглэдэг.Асбестын тоос амьсгалын замаар хүний биед нэвтрэн орж, уушгинд удаан хугацаагаар тунаж үлддэг. Үүнээс шалтгаалан уушгины хорт хавдар, хэвлий болон цээжний гялтан хальсны хорт хавдар зэрэг өвчнийг үүсгэх гол шалтгаан болдог байна. Мөн асбест нь ходоод, гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх, бөөр улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг МХЕГ-аас анхааруулав.