Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны хууль хэрэгжиж эхлэхэд 14 хоног үлдлээ

“Шилэн дансны хууль” шинэ оны эхний сарын эхний өдрөөс улс орон даяар хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил дуусахад 14 хоног үлдлээ.

Энэ хууль хэрэгжиж эхлэх хугацаа ойртсоныг хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад мэдээлэх, байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтны төлөөллүүдэд зөвлөгөө өгөх зорилготой “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн Төрийн ордонд болж байна.

Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны цэцэрлэг, сургууль зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх үүрэг хүлээнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт зөвлөгөөний үеэр хэллээ.

Хууль хэрэгжүүлэгч байгууллага нь төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг нээлттэй ил тод мэдээлэх үүрэгтэй, мэдээллийг цахим хуудас, мэдээллийн самбараар дамжуулан ард иргэдэд хүргэх хуулийн заалттай гэж тэрээр анхаарууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг бүх мэдээлэл ил тод болж, төрийн ажиллагааг ард иргэд хянах бололцоо бүрдэж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, тунгалаг болгох Ерөнхийлөгчийн санаачилга ажил хэрэг боллоо. Энэ тогтолцоо нь ухаалаг төрийн суурь үзүүлэлтийн нэг юм гэлээ.

Засгийн газар “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам” баталж, хууль, журмыг олон нийтэд сурталчлах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 21 аймаг, нийслэл, сум дүүргийн төсвийн эрх захирагч нарт өнгөрсөн сараас тусгайлан сургалт зохион байгуулж эхэлсэн, 2500 орчим хүн хамрагдсан бөгөөд ирэх долоо хоногт хийж дуусгахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *