Categories
мэдээ нийгэм

Шилдэг яам, аймгууд 10 сая төгрөгөөр шагнагдлаа

Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр дүнгээрээ шалгарсан шилдэг яам, аймгуудад шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
2017 оны шилдгээр ХНХЯ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хот болон Өмнөговь, Дорнод, Орхон, Дархан-Уул аймаг шалгарч, тус бүр цом, өргөмжлөл, 10 сая төгрөгөөр шагнуулсан юм.
Шилдгүүдийг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн сэтгэл ханамж, нийгмийн хөгжлийн үзүүлэлт зэрэг 11 үзүүлэлтэд тулгуурлан шалгаруулсан байна. Засгийн газар 2017 онд эдийн засгийг сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа дууссан өр, төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалт татах, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдийг халамжлах, сахилга, хариуцлага, дэг журмыг хангах зорилт тавин ажилласан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагнал гардуулах үеэр онцлов.

Тэрбээр, “2018-2019 он бол их бүтээн байгуулалтын жил байх төдийгүй иргэддээ амласан томоохон амлалтаа биелүүлэх чухал цаг үе юм. Тиймээс цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, айл, өрх бүрийн амьдралд үр өгөөжийг хүргэх нь бидний гол зорилго юм” хэмээгээд шагнал авсан яам, аймгийн удирдлагуудад баяр хүргэв.

Мөн Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарласныг дурьдаад, 2017 оны үйл ажиллагаагаараа хангалтгүй үнэлгээ авсан хоёр яам, хоёр аймгийн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох болсныг цохон тэмэглэсэн юм.

Шилдгээр шалгарсан яам, аймгуудыг төлөөлж Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ “Нийслэлээс 2017 оныг Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон ажилласан. Энэ хүрээнд нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах, иргэдийн тав тухтай амьдрах, амжиргааны түвшнийг дээшлүүлэхийг гол зорилгоо болгосон. Өнгөрсөн онд нийслэлд 340 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж бүтээн байгуулалт хийсэн байна. Мөн нийслэлийн төсвийн орлого 19.3 тэрбум төгрөгөөр даван биелжээ. Харин 2018 оныг Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламж, дэд бүтцийг хөгжүүлэх, гэмт хэргээс сэргийлэх ажлуудыг иргэдийн оролцоотой хийхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллана” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *