Categories
мэдээ нийгэм

“Шихихутуг ба Монголын төрт ёс, хууль цаазын уламжлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний хурал болов DNN.mn

“Шихихутуг ба Монголын төрт ёс, хууль цаазын уламжлал, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр (2022.10.28) Төрийн ордонд боллоо.

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан тус эрдэм шинжилгээний хуралд Шихихутаг судлалын эрдэмтэн, судлаачид “Хуулийн амин сүнс, Чингис хаан ба Шихихутуг”, “Төрийн Их заргач Шихихутугийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурь”, “Шихихутуг ба хууль цааз”, “Монголын нууц товчоо ба Их Засаг хууль”, “Их заргачийг эргэн эргэцүүлэхүй”, “Олон улсын харилцаа ба Их засаг хууль: Эрт, эдүгээд” зэрэг арав гаруй илтгэл хэлэлцүүлж, оролцогчид чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, гавьяат хуульч, доктор, профессор Д.Лүндээжанцан тус хуралд “Шихихутугийн өв сан, үйл хэрэг ба Монголын хууль цааз” илтгэл хэлэлцүүлсэн. Тэрбээр хурлын талаар “Шихихутуг гэдэг энэ хүмүүнийг Их Эзэн Чингис хаан бага балчираас нь агуу их үйл хэргийн төлөө бэлтгэсэн, төр улсаа эмхлэн бүрдүүлж, төрийг засан тохинуулахад хууль цаазын холбогдолтой хамгийн чухал ажлаа хамгийн итгэмжит энэ хүндээ хариуцуулсан байдаг. “Их засаг” хуулийг саналаа оруулж, зохиож, Их хаантайгаа зөвшилцөж, зарлиг болгуулаад, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан, улсын нүд чих болж, өмчийн удирдлагыг гардан хэрэгжүүлсэн хүн. Их Эзэн Чингис хаан, Өгэдэй хаан, Хубилай хаан, Мөнх хааны үед хууль цаазын гол ажлыг 82 нас хүртлээ түшсэн, мэргэн сайд нь байсан. “Их засаг” бол хуулийн тогтолцоог бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн жам ёсны хууль юм. Хууль амьдралд хэрэгждэг байснаар улс орон хүчтэй байна гэдгийг цаашид уламжлал, шинэчлэлийн хүрээнд ойлгох нь чухал. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал Шихихутуг судлалын гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид судалгаагаа улам нарийвчлах ажилд ахиц дэвшил гаргах чухал ач холбогдолтой болж байна” хэмээн тэмдэглэв.

Эрдэм шинжилгээний хуралд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, академич Г.Чулуунбаатар, академич С.Нарангэрэл нарын эрдэмтэн, судлаачид, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, “Шихихутуг” их сургуулийн багш, оюутнууд оролцлоо.

Хурлын үеэр Хэнтий аймгийн Норовлин суманд “Шихихутуг-Их засаг” цогцолборын бүтээн байгуулалтын төслийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа талаар сумын Засаг дарга А.Мөнхбайгаль мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *