Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар: Ерөнхий сайдын тухай хэлэлцсэн нь хууль зүйн асуудал байсан ч улстөржөөд буруугаар эргэчихлээ DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий сайдыг огцруулахаар хуралдсан тухай мэдээлэл саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч, олны анхаарлыг татсан. Уг саналыг ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар гаргаж, гишүүдээрээ хэлэлцүүлсэн тухай ч дурдагдаж байв. Энэ дуулианы эзэн, ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатартай ярилцлаа.


-Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг анх гаргаж бужигнуулсан хэргийн эзэн та болоод байгаа. Ер нь энэ байгууллага ийм асуудал хэлэлцэж болох уу, болохгүй юу гэдэг маргаан л нэлээд өрнөх шиг боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөр ч нэлээд бужигнав уу даа?

-Сонгууль болгоны дараа олонх болсон нам нь Засгийн газраа байгуулдаг. Үүнийг нь УИХ хэлэлцдэг. Ерөнхий сайдыг томилох огцруулах асуудлыг УИХ хэлэлцдэг. Үүнийг олон нийт сайн мэднэ. Үндсэн хуульд ч ингэж заасан байдаг. Тэгэхээр ШЕЗ Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Харин Улсын дээд шүүхэд санал гаргах асуудлыг л хэлэлцсэн. Үүнийг ялгаж салгаж ойлгох нь зөв байх.

Тэр дунд намайг санал гаргаж, өрөө дамжиж явсан, удалгүй Д.Зүмбэрэллхам гишүүн саналыг нь танилцуулах хэлбэртэй болгоод хуралдаанд авч орсон гэдэг мэдээлэл түгсэн байна лээ. Энэ бол үндэслэлгүй зүйл.

ШЕЗ хуульд зааснаар үндсэн таван чиг үүргийг л хэрэгжүүлдэг. Үүний нэг томоохон чиг үүрэг нь шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явдал. Дагнаж энэ чиг үүргийг хариуцдаг хороо ч манайд ажилладаг. Асуудал танилцуулах гишүүн нь цагаан толгойн үсгийн дарааллаар явагдаад тухайн үедээ Д.Зүмбэрэллхам гишүүн танилцуулсан юм билээ. Миний тухайд энэ хороонд өмнө нь ч, одоо ч харьяалагддаггүй. Бусад гишүүдийн адил хуралдаан дээр Д.Зүмбэрэллхам гишүүний танилцуулгыг анх удаа сонссон.

Аливаа төрийн байгууллага хуралдаанаа урьдчилан товлон зарладаг жишгээр ШЕЗ-ийн хуралдааныг дарга нь товлон зарлаад тушаал гаргадаг. Уг тушаалд хэлэлцэх асуудал, түүний дарааллыг нэг бүрчлэн тогтоож өгдөг. Түүнээс биш хэн нэг гишүүн ямар нэгэн юм ярьж байснаа гэв гэнэт хуралдаан дээр аваад орчихдог асуудал биш юм. Үндсэндээ бол хуульд заасан олон процесстой.

Нөгөө талаар Д.Зүмбэрэллхам гишүүнийг хувь хүн талаас нь харахад Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, Элчин сайд, Төрийн албаны зөвлөлийн дарга, ШЕЗ-ийн дарга албыг хашсан, насаараа төрд ажилласан туршлагатай төрийн хар хүн. Захын хүний хатгаас нөлөөнд автаад явдаг “хөнгөн жингийн тамирчин” биш.

-Дээд шүүхэд санал гаргах асуудлыг хэлэлцсэн гэлээ. Ямар санал яригдсан юм бэ?

-Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийг дарга нь төлөөлдөг. Энэ ярилцлага бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр суурь биш шүү. Надад хандаж асуусан тул асуултад хариулъя.

Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Дээд шүүхэд хүргүүлнэ гэж заасан. Улсын Дээд шүүх хуралдаад санал гаргах эсэх нь тэдний эрх хэмжээний асуудал. Тодруулбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан үйл ажиллагаа явуулсан бол ШЕЗ даруй хуралдаж Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Дээд шүүхэд хүргүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу бид санал хүргүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

-Та нэг л бүрхэг хариулаад байна. Юуг санал болгож ямар хүсэлт илгээх гэсэн хэрэг вэ?

-Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах эрхтэй хэд хэдэн субъект байдаг. Үүнд ШЕЗ ордоггүй. Улсын Дээд шүүх орно. Тиймээс үүний дагуу та бүхэн Үндсэн хуулийн цэцэд хандаж өгнө үү л гэсэн саналыг Улсын дээд шүүхэд гаргах эсэх асуудал байсан.

-Өнөөдрийн нөхцөл байдал үүсэх вий дээ гэж үү?

-Тийм. Энэ нөхцөл байдлыг урьдчилж хэлж байсан юм. Түүнээс биш өөрөөр үл ойлголцсон асуудал байгаагүй.

-Гишүүд шүүгч, шүүгч бишээрээ хуваагдаж байгаа. Шүүгч гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр төвлөрсөн гэх юм билээ?

-Бас үндэслэлгүй юм ярьж байна. Тухайн санал гаргах эсэх асуудлыг хэлэлцэхэд шүүгч, шүүгч бусаараа ялгарсан асуудал огт байгаагүй. Хэвлэлийн мэдээгээр шүүгч таван гишүүн дээр Зүмбэрэллхам нэмэгдлээ гэж гарч байгаа нь шүүгчид Засгийн газрын эсрэг байна, “5Ш” ажиллагааг эсэргүүцээд байна гэсэн үндэслэлгүй ойлголтыг олон нийтэд түгээхэд нөлөөлсөн байж магадгүй гэж хувьдаа харамсч байна.

Засгийн газрын “5Ш” ажиллагаа гэдэг “Шувуу”, “Шилэн” гэх мэт тус тусдаа ажиллагаа гэж бид ойлгож байгаа. Засгийн газрын гишүүд хариуцаад ажиллаж байгаа. Жишээ нь, “Шилэн” ажиллагааг Н.Учрал

сайд, “Шувуу” ажиллагааг Х.Нямбаатар сайд хариуцсан гэж харж байгаа. ШЕЗ-өөс энэ ажиллагаанд саад болсон, оролцсон, саармагжуулсан үйлдэл огт байхгүй.

Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд “Авлигатай тэмцэх ажил амар хялбар биш” гэж хэлж байсан. Үүнтэй санал нэг байна. Олон саад бэрхшээл байгааг ч ойлгож байна. Гэхдээ тэрхүү саад бэрхшээлийн нэг нь ШЕЗ мэтээр бодож болохгүй. Учир нь, хоёр жилийн өмнө Монгол Улсын Шүүхийн тухай хуулиа баталж, нэг жил зургаан сарын өмнө ШЕЗ гэдэг байгууллагын бүрэлдэхүүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шинэчлэн байгуулчихаад одоо болохоор нүүрсчидийн, 49 хувийн гэх мэт ямар нэг бүлэглэлийг төлөөлөөд, хаацайлж байгаа мэтээр төсөөлөх нь үндэслэлгүй.

-Та Д.Зүмбэрэллхам гишүүний саналыг дэмжсэн үү?

-Тухайн үед оруулсан саналыг дэмжсэн. ШЕЗ ер нь улс төртэй хамааралгүй. Бидний хэлэлцсэн асуудал уг нь хууль зүйн л асуудал байсан юм. Улс төржсөн, ямар нэгэн явцуу бүлэглэлийг дэмжсэн, улс төрийн гал өрдсөн асуудал ШЕЗ-ийн тухайд ч, хувь гишүүний тухайд ч байхгүй. Энэ бол зөвхөн эрх зүйн л асуудал байсан гэдгийг дахин хэлье.

-ШЕЗ өмнө нь ч ийм асуудлыг хөндөж байсан гэж дууллаа. Үнэн үү?

-Өмнө нь нэр бүхий УИХ-ын гишүүн, бас нэг сайдын асуудал хөндөгдөж, энэ талаар бид УИХ-д хандаж байсан тохиолдол байгаа. Тодорхой хариулт ч ирж байсан.

-Ямар хариулт ирсэн юм бол?

-УИХ-ын гишүүн, сайддаа зөвлөлөө, хэлж анхаарууллаа гэсэн хариу байсан.

-Хууль зүйн хүрээнд өрнөсөн асуудал улс төржчихлөө гэж хэллээ. Тэгэхээр нэг ёсондоо шүүх тогтолцоонд нэлээд сөрөг үр дагавар бий болох эрсдэл дагуулчихав уу, яав?

-Шүүхэд итгэх иргэдийн итгэл харилцан адилгүй байдаг. Ялангуяа эрх барьж байгаа нам, гишүүдийн тухайд Шүүхийг шүүмжлэх өнгө аяс байнга давамгайлж байдаг. Зөвхөн Монголд ч биш дэлхий нийтээрээ тийм. Гэхдээ манай Монгол Улсын шүүх байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд, баталсан хуулийнх нь хүрээнд хэргийг хэлэлцээд явж байгаа. Жишээ нь, нэг сонгуулийн маргаан дээр 16 өмгөөлөгч авч байсныг санаж байна. Зарим нь ирдэг, зарим нь ирдэггүй. Хуулиар тийм боломж олгочихсон юм чинь. Маш олон удаа өмгөөлөгчөө солих, төлөөлөгчийг солих, эсвэл өмгөөлөгчид ээлжилж өвдөх тохиолдол бий. Баталсан хуулиар нь үйл ажиллагаа явуулахаар удаашрууллаа, гацаалаа гэж харддаг. Баталсан хуулиар нь Шүүхийн үйл ажиллагаа явж байгаа гэж би ойлгодог. Шүүх хэргээ шударгаар шийдэж чадна гэдэгт итгэдэг.

-Гэхдээ шүүгчид авлига авсан, томоохон хэргүүд дарагдсан явдал баримт нотолгоотойгоо олонд ил болсон шүү дээ. Өмгөөлөгч Б.Баасанцогтын гэх хэрэг дээр гэхэд хичнээн өмгөөлөгчийн нэр гарч, мөнгө авсан баримтууд яригдав. Ингэж харахаар л шүүх улс төрждөг, бүлэглэлд үйлчилдэг гэх хардлага арилдаггүй юм биш үү?

-Та зөв асуулаа. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах үүргийг ШЕЗ хүлээж байгаа. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэгчээр зарим шүүгчид маань ямар нэгэн асуудалд орооцолдоод байгаа нь үнэхээр харамсалтай. Үүн дээр хүлээн зөвшөөрч байна. Ийм явдал болсон, харамсалтай байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ШЕЗ 10 гишүүнтэй болж бүл нэмсэн. Шүүгч бус, нэг ёсондоо УИХ-аас таван гишүүн томилогдож байгаа. Бүтэц томроод үр дүн гарч байх юм уу?

-Бидний тухайд 10 гишүүн дотор шүүгч гишүүн, шүүгч бус гишүүд гэж ярьдаггүй юм. Эхний үр дүн гараад явж байгаа. Жишээ нь, дүүргийн шүүхүүд маш их ачаалалтай ажилладаг. Гэтэл орон нутгийн зарим шүүхэд сул орон тоо байгаад байдаг. Үүнийг УИХ-аар тогтоол гаргуулаад сул орон тоог хотод шилжүүлж авчирсан. Улмаар тавдугаар сарын 22-нд сонгон шалгаруулалт эхэлнэ. Нийт 65 шүүгчийн сул орон тоо зарласан. Өмнө нь 40 гаруй орон тоон дээр шүүгчид сонгон шалгаруулж авсан. Энэ бол шүүхийн үйлчилгээ хүртээмж дээшлэх, иргэд шуурхай асуудлаа шийдвэрлүүлэх, хуулийн хугацаа хэтрэхгүй байх маш том гарц юм. Энэ үүднээс УИХ, Засгийн газраар төсөв мөнгө, орон тоотой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ШЕЗ-ийн гишүүд үнэхээр тус дэмтэй байгаа.

-ШЕЗ-ийн даргын сунгаа олны анхаарлыг нэлээд татдаг. Жил бүр шинэ дарга томилох процесс практик дээр зөв үү?

-Хувь гишүүний хувьд жил бүр дарга сонгохын эсрэг бодолтой байдаг. Миний харж байгаагаар шүүгч бус гишүүдээсээ нэг хүн хоёр жилээр, шүүгч гишүүдээс нэг хүн хоёр жилээр гэдэг байдлаар зохицуулалт хийх боломжтой гэж хардаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *