Categories
мэдээ цаг-үе

Шекспирийн театр айлчлан ирэх нь ээ

Английн Лондон хотын “Шекспирийн Бөмбөрцөг” театр манай улсад удахгүй ирж их зохиолчийнхоо “Гамлет” жүжгийг үзүүлэх гэж байна. Харин Уильям Шекспирийн “Бөмбөрцөг” театр нь түүний жүжгийн компанид суурилан 1599 оноос эхэлсэн байдаг. Европын соёлын түүхэнд Лондонгийн сэргэн мандлын үе хэмээн нэрлэгддэг XV зууны сүүлчээс XVII зууны эхэн хүртэл Английн соёл, урлагийн шилжилтийн он жилүүд байв. Энэ үед Лондонд байнгын ажиллагаатай жүжгийн компаниуд ажиллаж байсны нэг нь Шекспирийнх байжээ. Ийм компаниудыг 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй жүжигчид, жүжгийн зохиолч, найруулагч нар, эсвэл ухаалаг менежменттэй мөн арав орчим хувьцаа эзэмшигч нийлж байгуулж байж. 1613 оны зургадугаар сард “Бөмбөрцөг” театрын байр галд өртөж үгүй болжээ. Дараа жил нь 1614 оны долдугаар сард театрыг дахин барьж босгосон байна. Ингээд 1942 оныг хүртэл ажиллаад хаагдсан байна. Энэ хугцаанд Шекспирийн нэлээн хэдэн жүжгийг тавьж чаджээ. Өнөөгийн Англи орон их зохиолчийнхоо үндэс­лэн байгуулсан “Бөмбөрцөг” театрыг орчин үед “Шекспирийн Бөмбөрцөг” нэртэйгээр дахин сэргээн босгож 1997 онд нээлээ. Театрын барилгыг анх байрлаж байсан газраас нь 200 гаруй метрийн зайд барьж босгосон байдаг. Нэгэн өөр мэдээлэл дуулгахад, орчин үе дэх “Бөмбөрцөг”-ийн дахин сэргэлтээс өмнө буюу 1909 оноос эхлэн Английн орчин үеийн анхны театруудын нэг Гилгудын театрыг мөн “Бөмбөрцөг” хэмээн нэрлэх болж 1994 он хүртэл энэ нэрээр ажилласан байх аж. Гилгудын театрыг ийн нэрлэх болсны учир нь, 1906 онд байгуулагдсан энэ театр анх үндэслэн байгуулагч нэрт жүжигчин, жүжгийн зохиолч менежер Сеймур Хиксийн нэрээр нэрлэгдэж байсан ч 1909 онд Америкийн театрын менежер ирж ажиллахдаа “Бөмбөрцөг” болгон өөрчилсөн байх юм. Гилгудын “Бөмбөрцөг” театр нь Английн Вестминстрт байрладаг гурван давхар барилга бүхий орчин үеийн театр юм. Гилгуд гэж хэн бэ. Артур Жон Гилгуд бол 1904-2000 оны хооронд амьдарч байсан Английн нэрт жүжигчин, театрын найруулагч, менежер хүн юм. Тэрбээр театрын түүхэнд Шекспирийн дүрүүдийг гайхамшигтай бүтээсэн гүйцэтгэлээрээ алдартай жүжигчдийн нэг байв. Тэрбээр орчин үеийн тайз дэлгэцийн урлагийн гол шагналууд болох Оскар, Грэмми, Эмми, Тони, BAFTA-гийн болон Алтан бөмбөрцөг шагналтай. Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг зургаан удаа хүртсэн цорын ганц жүжигчин байв. 1994 онд тэр Японы Эзэн хааны шагналыг хүртэл хүртэж байв. 1909-1994 он хүртэл 85 жилийн турш “Бөмбөрцөг театр” хэмээн нэрлэгдэж байсан Гилгудын театрын тухайд ийм. Одоо харин Шекспирийн Глоб театрынхаа сэдэв рүү оръё. Анх тус театрын хувьцаа эзэмшигч зургаан хүн байв. Хувь нийлүүлэгч ах дүү жүжигчид Ричард, Кутберт Бёрбеж нар тус бүр 25 хүртэлх хувийг, Шекспир, Жон Хемингс, Августин Филипс, Томас Поп нар 12,5 хүртэлх хувийг эзэмшиж байжээ. Долоо дахь хувь нийлүүлэгч Уильям Кэмп өөрийн эзэмшдэг 10 гаруй хувиа дээрх дөрөвт зарж төслөөс гарсан байдаг. Цаг хугацаа өнгөрч шинээр хувь эзэмшигчид нэмэгдэхийн хэрээр эзэмшлийн анхны харьцаа өөрчлөгдөж Шекспирт ногдох хувь дөрөвний нэгээс бүр 16-ны нэг болтлоо хумигдсан байна. “Бөмбөрцөг” театр 1599 онд нээлтээ Шекспирийн “Генри V” жүжгээр нээхээр төлөвлөж, жүжгийг тайзнаа тавихад бэлэн болгосон ч өөр жүжгээр хөшгөө нээсэн гэсэн баримт байдаг. Энэ талаар XХ зууны Английн утга зохиолын профессор, сэргэн мандлын үеийн драмын урлаг судлаач Довер Вильсон таамаг дэвшүүлэхдээ, “Генри V” жүжгийг “дотоод хяналт”-аар хэлэлцээд тааруухан жүжиг хэмээн үзэж ийм жүжгээр “Бөмбөрцөг” хөшгөө нээх учиргүй гэж үзсэн бололтой гэжээ. Ингээд 1599 оны зун уг жүжгээр нээлтээ хийхэд бэлэн болоод байсан ч намар есдүгээр сар хүртэл хойшлуулжээ. Энэ тохиолдолд профессор Вильсон тухайн үеийн швейцарь жуулчдын тэмдэглэж үлдээсэн баримтыг авч үзсэн байна. Уг баримтад “Бөмбөрцөг театрт 1599 оны есдүгээр сарын 21-нд “Юлий Цезарь” жүжгийн анхны тоглолт гайхалтай сайхан боллоо” гэж дурдсан байжээ. “Юлий Цезарийн эмгэнэл” бол Ромын түүхээс сэдэвлэн бичсэн Шекспирийн цөөн жүжгүүдийн нэг бөгөөд зохиолч жүжгээ 1599 онд бичсэн. 1611 оны дөрөвдүгээр сарын 20-нд “Макбет”, 1613 оны зургадугаар сарын 29-нд “Генри VIII” жүжгийг тавив. Энэ үеэр “Бөмбөрцөг” театрын дотоод ахуй нөхцөл нь огцом өсөн дэвжээд байсан үе. Лондонгийн бусад театруудын нэгэн адил “Бөмбөрцөг” театр 1642 онд хаагдлаа. XVI-XVII зууны Англи оронд хүчээ авсан протестант ёс суртахууны хатуу үзэл баримтлалын улмаас эдгээр театр хаагдсан. Энэ байдал 1644, 1645 он хүртэл үргэлжилжээ.

“Бөмбөрцөг” театр орчин үед “Шекспирийн бөмбөрцөг” нэрээр дахин сэргээн босгогдож Шекспирийн “Генри V” жүжгээр 1997 онд нээлтээ хийсэн. Ийнхүү уг театрыг сэргээн босгохдоо барилгын зохиомжийг нь 1599, 1614 оны үеийн баримтад тулгуурлан сэргэн мандлын үеийн оргиналь эхтэй нь онолын хувьд ихэд ойртуулж, анхны “Бөмбөрцөг” театрын байсан газраас 230 метрийн зайд босгосон байдаг. Орчин үеийн дэлхий ертөнцөд Шекспирийн драмын академийн шууд нөлөөн дор байгуулсан “Бөмбөрцөг” театрууд цөөнгүй байна. Жишээ нь, АНУ-д Орегано мужийн Эшландад 1935 онд байгуулж 1947, 1959 шинэчлэн сэргээсэн “Элизабет” театр, 1935 онд байгуулсан Сан-Диего дахь “Глобус” театр, Юта дахь Адамын Шекспирийн театр, 1936 онд Техаст байгуулсан “Глобус” театр, 1999 онд Иллинойс мужид байгуулсан Чикагогийн Шекспирийн театр, 1975 Виржиния мужид байгуулсан Уильямсбургийн “Глобус” театр, ХБНГУ-д 1991 онд байгуулсан “Глобус Нойс”, 2000 онд Баденд байгуулсан “Европ-Парк”, мөн Баден-Вюртенберг, Италид Римд 2003 онд байгуулсан Сильвано Титогийн нэрэмжит “Глобус” театр, Орост Москва дахь Драмын урлагийн сургуулийн “Глобус” танхим гэхчлэн.

“Шекспирийн Глобус” театр өнгөрсөн 2012 оны Лондонгийн зуны Олимпийн өмнөхөн 4-6 дугаар сард театр урлагийн Их наадам зохион байгуулсныг уншигчид санаж байгаа байх. Үүгээр Шекспирийн жүжгүүдээс өнөө цагт үлдсэн 37 жүжгийг гуч гаруй улс орны театрууд тоглосон нь хүн төрөлхтний оюуны соёлын бахархал байлаа. Шекспирийн жүжгийн Их наадам “Бөмбөрцгөөс бөмбөрцөгт” нэрийн дор Лондон хотод тийнхүү өрнөхдөө түүний жүжгүүд гуч гаруй улс үндэстний хэлээр тоглогдов. Энэ нь Шекспирийн жүжгээр дамжуулан дэлхийн үндэстнүүд эх хэлнийхээ яруу сайхан, гүн гүнзгий илэрхийллийг нэгэн тайзнаа дуурьсгасан олон үндэстний соёлын Их наадам болсон юм. Тухайлбал, Италийн Ромын театр “Юлий Цезарь”, Иракийн Багдадын театр “Ромео Жульетта”, БНХАУ-ын Бээжингийн театр “Гуравдугаар Ричард”, БНСУ-ын Сөүлийн театр “Зуны шөнийн зүүд”, Америкийн Чикагогийн театр “Отелло”, ОХУ-ын Минскийн театр “Лир ван” жүжгийг нь тоглосон. Энэчлэн Франц, Бразил, Мексик, Энэтхэг, Израйль зэрэг 37 орны театрууд Шекспирийн жүжгийг өөрсдийн эх хэлээр тоглосон. Энэ Их наадам нь үндсэндээ дундад зуунаас өнөөг хүртэл дэлхийн театр урлагийн түүхийн нэгэн тулгуур багана болж, хүн төрөлхтний оюуны урлагийн гүнзгий нэгэн урсгал болон хөгжсөн шекспиризмын тод үзэгдэл байв.

Манай театрууд 1960-аад оноос эхлэн Уильям Шекспирийн жүжгүүдийг тавьж эхэлснийг хүмүүс мэднэ. УДЭТ 1955 онд “Отелло”-г найруулагч С.Гэндэн, зураач Л.Гаваа нар тавьсан. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай Отеллод 45 жилийн турш тоглосон гэдэг. 1964 онд “Лир ван”-г зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюун, зураач Ц.Доржпалам тавьж Лир ванд мөн Г.Гомбосүрэн гуай тоглосон байдаг. 1966 онд С.Гэндэн найруулагч “Ромео Жульетта хоёр”-ыг тавьсан. Харин 1978 онд Б.Мөнхдорж найруулагч “Отелло”-г шинэчлэн тавихад Отеллод ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай, Ягод Л.Жамсранжав гуай тоглож байжээ. Дараа нь 1979 онд “Гамлет”-ийг Галсанжав гуай найруулан тавьсан байна. Улмаар 1991 онд “Макбет”-ыг 1996 онд найруулагч Ч.Найдандоржийн шинэчилсэн найруулгаар “Ромео Жульетта”-г, 2000 онд найруулагч Ч.Түвшин “Зуны шөнийн зүүд”-ийг”, 2012 онд найруулагч Н.Наранбаатар “Гамлет”-ыг шинэчлэн тавьсан.

Харин Дуурь бүжгийн эрдмийн театрт найруулагч Л.Эрдэнэбулган, нэрт удирдаач Ч.Жамсранжав нар Ж. Вердийн “Отелло” дуурийг 1989 онд тавьснаас хойш энэ дуурь өнөөг хүртэл тоглогдож байна. 2000-гаад оны эхээр тус театр С.Прокофьевын “Ромео Жульетта” балетыг тайзнаа тавьсан ч удалгүй тоглогдохоо больсон юм. Шекспирийн “Бөмбөрцөг” театр бол дундад зууны Английн сэргэн мандлын удиртгал юм гэж бодогддог. Эртний тэр театрын оюун санааны өнөө үе дэх тус­гал болох Лондонгийн “Шекс­пирийн бөмбөрцөг” театр манай улсад энэ сарын дундуур айлчлан тоглох гэж байна. Тус театрын арав гаруй жүжигчин ирж “Гамлет” жүжгийг нь тоглохоо мэдэгдээд байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *