Маша охин, Щелкунчик, цэцгэн вальс, цасан ширхгүүд, модон хүүхэлдэйнүүд гээд балетын урлагийн оргил “Щелкунчик” яг л Санта Клаус, гацуур мод, энд тэнд гялалзах гэрлэн чимэглэл шиг шинэ оны нэгээхэн хэсэг болсон билээ.
Алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 23, 24-ний өдөр 17:00 цагаас тоглож, үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
“Щелкунчик” балет нь манай тайзнаа 1982 онд анх тавигдаж байжээ. Анхны тоглолтын удирдаачаар Ч.Жамсранжав, дэглэн найруулагчаар В.Феодонин, зураачаар А.Морозов нар ажиллаж байсан түүхтэй. Жүжгийн үйл явдал 18 дугаар зууны сүүл үеийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Цөмөөхэй буюу ‘Щелкунчик’-ийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэйн тухай шидэт үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүд нь “Щелкунчик” бүжгэн жүжгийн үйл явдал болж өрнөдөг.