Шатрын бодлого зохиомжийн зөвлөлөөс “Хос мастер” академитай хамтран гаргадаг шатрын бодлогын эмхтгэлийн цувралаа 2017 онд үргэлжлүүлэн “Морьтой 64 этюд”-ийг хэвлүүлж, улмаар “Тэмээтэй 64 этюд”-ийг хэвлэлд шилжүүлээд байна.
С.Чимэдцэрэн агсны үр хүүхдүүд “Хүүхдийн бодох шатар” (1995 он) номыг нь түүний 85 насны ойгоор нь давтан хэвлүүлсэн бөгөөд ОУХМ Л.Тогоохүүгийн “Шатрын бодлогын суварга” ном хэвлэгдлээ. Мөн “Урамтай шатар” сэтгүүлд Бодлого зохиомжийн булан ажиллуулан, “Өнөөдөр” сонинд Монголын бодлого зохиогчдын бүтээлийг цувралаар танилцуулж байна.
Шатрын бодлого бодох аргачлал, зөвлөгөөний талаар 24 цагийн хичээлийн хөтөлбөр боловсруулан “Хос мастер” шатрын академид хичээл, сургалтыг зохион байгуулсан юм. Үүнээс гадна шатрын клубүүдэд зориулсан бодолтын тэмцээний гарын авлага, холбогдох бусад материал, зөвлөгөө бэлдэж интернэт ашиглан багш, дасгалжуулагч нарт хүргүүлсэн байна.