Categories
мэдээ цаг-үе

​Шатрын дэлхийн аварга Б.Дамбасүрэнгийн багш Ч.Баттүшиг: Шатарчин хүн хожих нь чухал биш шатрыг зөв тоглох нь чухал

Зүүн Азийн өсвөрийн шатарчдын II удаагийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болж өндөрлөв. Энэхүү тэмцээний тухай “Дагшаа-Хүү” шатрын клубын багш, дасгалжуулагч Чойжамцын Баттүшигтэй ярилцлаа. Түүний гарын хоёр ч шавь энэхүү тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн юм.

-Таны шавь Азийн аварга боллоо. Сая болсон тэмцээний тухай болоод шавийнхаа талаар ярихгүй юу?

-Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Улаанбаатар-2017” тэмцээн өнгөрсөн мягмар гаригт өндөрлөж дүнгээ гаргасан. Арван орны 400 гаруй тамирчин оролцсон тус тэмцээний “рапид” төрөлд манай улс зургаан алт, таван мөнгө, дөрвөн хүрэл, “близ” төрөлд долоон алт, долоон мөнгө, 11 хүрэл хүртэж, тэмцээний үндсэн төрөл болох “стандарт” төрөлд найман алт, найман мөнгө, 10 хүрэл медаль авч багийн нийлбэр дүнгээр тэргүүллээ. Харин Вьетнам, Малайз улсын баг тамирчид хоёр, гуравдугаар байрт шалгарсан. Хоёр дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд миний шавь спортын мастер Болдбаатарын Алтантуяа 18 насны ангилалд нас өгсөн орж, мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд өнөө жил 12 настай. Мөн олон улсын их мастер Батсүрэнгийн Дамбасүрэн шавь маань уг тэмцээнд есөн өрөг тоглон, бүгдэд нь хожиж аваргаллаа. Хоёр шавийнхаа амжилтаар бахархаж байна. Б.Дамбасүрэн өнөө жил 13 настай, цаашид дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгах манай улсын өсвөрийн шилдэг тамирчдын нэг юм.

-Тэмцээний онцлог юу байв?

-Зүүн Азийн шатарчдын тэмцээн манай улсад болсон нь их онцлогтой. Тухайлбал, бид гадаадын улсыг зорихгүй, зардал мөнгө гаргахгүй эх орондоо тэмцээнд оролцоно гэдэг том боломж л доо. Ямар ч спортод гадаад руу явж томоохон тэмцээнд оролцоно гэдэг тодорхой хөрөнгө шаарддаг шүү дээ. Мөн дэлхийд алдартай мэргэжлийн шатарчид хүрэлцэн ирсэн.

-Зүүн Азийн орнуудаас аль улсын шатарчид хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?

-Оюуны спорт учир улс орны хөгжлөөс тамирчдын ур чадвар шалтгаалдаггүй л дээ. Ер нь Азийн орнуудаас Хятад, Малайз, Вьетнам улсын шатарчид их хүчтэй. Гэхдээ манай улс Азидаа төдийгүй дэлхийд шатар гэлтгүй оюуны бүх төрлийн спортоор эхний аравт багтдаг шүү.

-Алт, мөнгөн медаль хүртсэн шавь нарыгаа дэлгэрэнгүй танилцуулаач. Өмнө нь ямар амжилтуудыг гаргаж байсан бол?

-Б.Алтантуяа, Б.Дамбасүрэн нар маань Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн долдугаар ангийн сурагчид. Саяны тэмцээнд түрүүлсэн Б.Дамбасүрэн долоон настайгаасаа эхэлж шатрын спортоор хичээллэсэн хүүхэд юм. Анх өвөө нь түүнд шатар тоглохыг зааж өгч байсан гэсэн. Улмаар шатарт сонирхолтой болж хоёр жилийн өмнөөс манай клубт явж, шатрын спортоор тууштай хичээллэж эхэлсэн дээ. Б.Дамбасүрэн өмнө нь Румын улсад болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын тэмцээнд оролцож, дэлхийн аварга болсон. Ингэснээр олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн байгаа. Б.Дамбасүрэн бид хоёрын ирээдүйн зорилго их мастер болох юм. Энэхүү мөрөөдөл маань удахгүй биелэх болно. Харин Б.Алтантуяа маань өсвөрийн шатарчдын улсын гурван удаагийн аварга, сая болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, амжилттай оролцлоо. Бас л өсч яваа шилдэг шатарчдын нэг юм. Таван жилийн өмнөөс шатар сонирхож эхэлсэн хүүхэд.

-Олон жил шатрын спортын багш, дасгалжуулагчийн ажлыг хийсэн хүний хувьд энэхүү спортын давуу талыг ярихгүй юу?

-Шатар тоглосон хүн урт насалдаг гэсэн домгийг миний багш надад хэлж билээ. Оюун ухаан саруул байвал бие эрүүл байна шүү дээ. Мөн бусад спортын адил шатрын спорт маань хүний зан чанарыг зөв тийш нь төлөвшүүлдэг. Дээр үед шатрын тэмцээнд өсвөрийн шатарчид насанд хүрэгчдийг хожих нь битгий хэл тоглодоггүй байлаа. Харин одоо өсвөрийн шатарчид маш сайн нүүдэг болсон. Ер нь шатар хэмээх хөлөгт тоглоом Монголоос үүсэлтэй гэж ярьдаг. Эрдэмтдийн судалгаа, хүмүүсийн бичсэнээс үзэхэд энэхүү тоглоомыг анх Хүннү, Киданчууд тоглож байсан гэх баримтууд байдаг. Тиймээс оюун ухааны загалмайлсан эцэг болсон энэхүү спортоор манай улсын тамирчид дэлхийд тэргүүлдэг л дээ.

-Шатар оюуны спорт. Ямар нэгэн биеийн хүч, хурд, хөдөлгөөн ,шаардсан спорт биш. Гэтэл шатрын тэмцээнд эрэгтэй эмэгтэйгээр нь ялган оролцуулдаг нь ямар учиртай вэ?

-Шатар бол цэвэр стратеги, тактикийн тоглоом. Биеийн хүч төдийлөн шаардахгүй ч оюуны хүчийг асар ихээр шаарддаг, их хэцүү спорт л доо. Харахад хоёр хүн тайван суугаад тоглох боловч, сэтгэл санааны болоод оюуны хүчийг шавхдаг спорт юм. Тийм болохоор энэхүү спортыг эрэгтэй, эмэгтэй төрөлд хуваадаг. Дэлхийн алдартай эрэгтэй их мастеруудыг ямар ч эмэгтэй шатарчин хождоггүй, тийм түүх одоогоор байхгүй. Гэхдээ хожихыг үгүйсгэхгүй л дээ. Олон ч эмэгтэй шатарчид эрэгтэй шатарчдыг хожих гэж оролддог. Гэхдээ эцсийн дүндээ бардаггүй юм. Үүнийг шинжлэх ухаанаар ч нотолсон байдаг юм билээ. Эрэгтэй хүний зан чанар, алсын хараа, зориг тэвчээр, байгалиас заяасан хурц ухаан эмэгтэйчүүдээс арай илүү байх л даа. Гэхдээ шатрын спортын мэргэжлийн тамирчид хүнийг хожих гэж улайрдаггүй. Шатарчин хүн хожих нь чухал биш шатрыг тоглох нь чухал гэдгийг олон мастерууд залуу тоглогч нарт зөвлөдөг.

Таны хувьд хичнээн жил шатрын спортын багш, дасгалжуулагчийн ажлыг хийж байна вэ?

-Анх 2008 онд Монголын шатрын холбооны багш, дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Улмаар “Дагшаа-Хүү” шатрын клубыг байгуулж, дасгалжуулагчийн ажлыг өдгөө есөн жил хийж байна. Энэ хугацаанд миний гарын олон шавь нар маань тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож байсан.

-Удахгүй болох ямар тэмцээнд шавь нараа бэлтгэж байна?

-Манай клубт элсэн суралцаж, шатрын спортоор хичээллэж байгаа хүүхдүүд олон. Түүнээс Б.Алтантуяа, Б.Дамбасүрэн тэргүүтэй гарын тав, зургаан шавь байна. Ирэх наймдугаар сард Бразилд болох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эдгээр шавь нартайгаа оролцох гээд одооноос бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *