Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан УИХ-ын
дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулсан Шатар сонирхогчдын Улсын
аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд
Э.Энх-Амгалан, эмэгтэйчүүдийн ангилалд Г.Отгонтуяа нар тэргүүлэв.
Энэхүү тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын
холбооны дүрмийн дагуу явагдсан бөгөөд шувтаргын тоглолтод 21 аймаг,
нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 134 шатар сонирхогч оролцсноос 100 нь
эрэгтэй, 34 нь эмэгтэй байв. Мөн АИХ-ын депутат, УИХ-ын гишүүд, ЗГХЭГ,
Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг төрийн
байгууллагуудын төлөөлөл оролцож, оюун ухаанаа уралдууллаа.
Тэмцээний эцсийн дүнгээр эрэгтэйчүүдийн төрөлд Нийслэлийн Баянгол
дүүргийн тамирчин Э.Энх-Амгалан 8.0 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа.
Хоёрдугаар байрт Баянзүрх дүүргээс оролцсон М.Алтангэрэл 7 оноогоор,
гуравдугаар байрт Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал 6.5 оноогоор
шалгарав. Шагналт дөрөвдүгээр байрт Хөвсгөл аймгаас оролцсон Д.Хашхүү 6
оноогоор, тавдугаар байрт Сүхбаатар дүүргийн оролцогч Б.Бат-Эрдэнэ 6
оноогоор тус тус шалгарсан юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Баянгол
дүүргийн оролцогч Г.Отгонтуяа 7 оноогоор тэмцээнийг тэргүүлсэн бол
Сүхбаатар дүүргийн оролцогч Л.Мөнхзаяа 6 оноогоор удаалж, Сонгинохайрхан
дүүргээс оролцсон М.Жаргалсайхан мөн 6 оноогоор гуравдугаар байрт
шалгарсан байна.
Түүнчлэн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор АИХ-ын депутат 77 настай
Д.Найдан, шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор 64 настай Г.Цэгмид нарыг
тодруулсан бол “Оюунлаг түшээ”-гээр УИХ-ын гишүүн Г.Занданшатар 5.0
оноогоор тодорчээ.