Categories
мэдээ цаг-үе

​Шатахуун импортлогч компаниудыг татвараас хөнгөлсөн ч шатахууны үнэ буурахгүй гэв

Импортын шатахууны Онцгой албан татварын хэмжээг багасгаж бууруулах шийдвэрийг Засгийн газраас энэ лхагва гаригт гаргалаа. Онцгой албан татварыг 160 мянган төгрөгөөс 30-50 мянган төгрөг болгож, дизелийн түлшинд ногдох татварыг 180 мянган төгрөг байсныг 70 мянган төгрөг болгон бууруулсан байна. Татварыг ингэж сайн бууруулж байгаа үед хэрэглэгчдэд хүрдэг шатахууны үнэ литр тутамдаа хамгийн доод тал нь 100 төгрөгөөр буурах боломжтой болно гэж үзэж болох талтай. Гэвч Засгийн газраас гаргасан энэ тогтоол шатахууны үнэ нэмэгдэж, өсөхөөс урьдчилан сэргийлсэн гэж тайлбарлаад байгаа юм. Шатахуун импортлогч компаниудын үгэнд багтаж татвар хөнгөлөх тухай арга хэмжээг ойрхон гурвантаа авч байгаа ч энэ хугацаанд шатахууны үнэ буурсангүй. Саяын татварын хөнгөлөлтөөр Монгол Улсын татварт орох ёстой 110 тэрбум төгрөг орох боломжгүй болж байгаа аж. Шатахууныг тойрсон асуудлаар сурвалжилсан юм.

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛЖ, ҮНИЙН ӨСӨЛТИЙГ СААРМАГЖУУЛАХ
АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
Импортын татварыг бууруулах болсон шалтгааныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат ингэж тайлбарлаж байна. “Дэлхийн зах зээлд газрын тос олборлогч орнууд арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, олборлолтын тоо хэмжээг бууруулсантай холбоотойгоор сүүлийн сар гаруйн хугацаанд газрын тосны үнэ 20 гаруй хувиар өссөн байна. Үүнтэй уялдаад Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээдэхүүний үнэ нэмэгдэж орж ирж байна. Өмнө нь валютын ханшийн чангаралтаас хамаараад цаг тухай үед нь буюу өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар онцгой албан татварын хувь хэмжээний зохицуулалтаар дотоодод борлуулж буй шатахууны үнийг тогтвортой борлуулахад арга хэмжээ авч ирсэн. Газрын тосны үнийн өсөлтөөс хамаарч дотоодод жижиглэнгээр борлуулахад нөлөөлөхүйц үнэ орж ирсэн тул онцгой албан татварын хэмжээг 110-130 мянган төгрөгөөр буулгаж, үнийн өсөлтийг саармагжуулах арга хэмжээг авлаа” гэж албаны эх сурвалж тайлбарлав.
Шатахууны үнэ энэ сарын 23-ны өдрийн байдлаар “Петровис”, “Магнай трейд”, “Жаст ойл”, “Сод Монгол” зэрэг шатахуун түгээх станцуудад Аи-80 1450 төгрөгийн үнэтэй, Аи-92-1530, Дизель-1640, Аи-95-1730 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Шатахууны үнэ буурч, үнэ өөрчлөгдөх үү гэж шатахуун түгээх станцуудаар явж асуухад “Бидэнд үнэ өөрчлөх тухай мэдээлэл ирээгүй. Энэ үнээрээ борлуулж байна” гэсэн хариултыг өгч байна. “Ник” Хк-ийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэгтэй уулзахад “Засгийн газрын тогтоол гарсан гэдгийг дөнгөж өчигдөр мэдсэн. Үнийн өөрчлөлтийн тухайд надад мэдээлэл өгөх боломж алга” гэсэн хариултыг өгч, ярилцлага өгөхөөс эрс татгалзсан юм.
Ер нь шатахуун импортлогч компаниудын төлөөллүүд мэдээлэл өгөхөөсөө татгалзаж, бид мэдэхгүй гэх мэтээр булзааруулж байсан юм.
Манай улсад гаднаас шатахуун импортолдог 15 компани байгаа бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалдаг “Газрын тосны бүтээгдэхүүний импортлогчдын холбоо” гэж байгуулагдсан байдаг. Тус холбооны ерөнхийлөгч н.Батбаяраас дараахь тодруулгыг авлаа.
-Засгийн газраас гарсан тогтоолтой холбогдуулан шатахууны үнэд ямар нэгэн өөрчлөлт орох уу?
-Энэ татварын зохицуулалт нь жижиглэнгээр борлуулж байгаа шатахууны үнийг өсгөхгүйн тулд хийсэн зохицуулалт юм. Шатахууны үнэ буурах ч үгүй, өсөх ч үгүй гэсэн үг. Байгаа үнийг тогтвортой барихын тулд хийсэн зохицуулалт. Хэрэв энэ зохицуулалтыг хийгээгүй бол литр тутамд 100-130 төгрөгөөр нэмэгдэж өсөх байсан. Үүнээс сэргийлж Засгийн газраас татварыг багасгасан.
-“Газрын тос импортлогчдын холбоо”-ноос шатахууны үнийг нэмэх тухай шахалтыг сангийн яам болон холбогдох газарт хүргүүлсэн гэж үнэн үү?
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан төрийн болон хувийн хэвшлүүдийн төлөөлөл багтсан “Шатахууны хангамж үнийн асуудал хариуцсан зөвлөл” гэж байдаг. Энэ зөвлөлийнхөн үнэ өсгөх юм уу, татварын зохицуулалт хийх юм уу гэх мэтээр асуудлаа ярьж шаардлагатай зөвлөмжийг гаргадаг. Гарсан зөвлөмжийн дагуу Сангийн яам гэх мэт холбогдох албаны газар тооцоо, тооцоолол явуулж, шийдвэрээ гаргадаг.
-Хэрэв татварт хөнгөлөлт үзүүлээгүй байсан бол ямар үр дагавар гарах байв?
-Шатахууны үнэ өсөхөөр байсан.
-Үнэ өсөх болсон бодит шалтгаан чинь юу юм?
-Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын дунджаас арванхоёрдугаар сарынх 22 орчим хувиар илүү өссөн. Дунджаар нэг баррель дээр 40-60 ам.доллар өссөн. Өсөлтийг саармагжуулахын тулд татварын зохицуулалтаар үнийг барихын тулд Засгийн газраас хийж буй зохицуулалт юм. Ер нь манай шатахууны салбар чинь бүх юм нь ил тод, нээлттэй.
-Танай холбоонд шатахуун импортолдог бүх компани хамаарагддаг уу?
-Манай холбоонд нийт импортлогч 15 компани байдаг гэв.

Б.ЛХАГВАЖАВ: ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НЕФТИЙН ҮНЭ УНАХАД ХЭЗЭЭ Ч ХЯМАРДАГГҮЙ БАЙЖ, ӨСӨХ СУРГААР ӨСДӨГ

Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн хоёр жилд урьд өмнө байгаагүйгээр хямдарч байхад шатахууны үнэ буурч байсан удаа байхгүй. Тэр бүү хэл, салбар хариуцсан сайд нь “Шатахууны үнийг буулгах нь яамны биш шатахуун импортлогчдын мэдэх асуудал” гэж хэлж байсан удаатай. Одоо шатахууны үнэ нэмэгдэхээс аргагүй болсон гэж хэлж тайлбарлаж буй нь шатахуун импортлогч компаниудын эрх ашиг монгол төрөөс дандаа хүчтэй явж ирсний нотолгоо юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважаваас тодруулахад “Дэлхийн зах зээлд шатахууны үнэ хэд дахин унасан байхад хямдардаггүй. Харин өсөх сургаар манайхан чинь өсгөчихдөг. Зах зээлийн зарчмаараа явахгүй байна л даа. Ам.долларын ханшны өсөлттэй холбож тайлбарлах дээрээ хүрвэл ам.доллар 2500 байхад валютын ханшийг 1470 төгрөгт тооцож хүчээр валютын ханшийг барьж ирсэн. Шатахуун импортлогч компаниудад төр татвараа хөнгөлж, валютын ханшаа хүчээр бариад явж болох ч зах зээлийн зарчмаараа энэ нэг өдөр тавигдахаас өөр гарцгүй болно. Тэр цагт эдийн засагт маш том хүндрэл учирна. Тэр өдрийг яаж даван гарах гэж байгаа юм бол” гэж товчхондоо дүгнэн хэлж байна.
Төр засагт аль нам нь ч гарсан үеийн үедээ шатахуун импортлогч компаниудын хөл гарын үзүүрт гүйсэн бодлого барьж ирснээс болж манай улсад шатахууны үнэ дандаа үнэтэй байдаг. Шатахуунаа дагаад бүх юмны өсч байдаг. Энэ бүхний цаана хэдхэн олигархи компаниудын ашиг сонирхол л байдаг. Хэдхэн хүн хагартлаа баяжиж, бизнесээ явуулсны горыг ард түмэн амсдаг гэж хатуухан хэлж болно. Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ 5-6 дахин хямдарч байсан. 2013 онд баррель нефтийн үнэ 120 ам.доллар байхад Монгол Улсад шатахуун 1650 төгрөг байсан. 2016 онд 28 ам.доллар болчихоод байхад шатахууны үнэ буурахгүй хэвээрээ л байсан. Шатахуун түгээх станцууд хомсдол үүсгэж тоглолтоо эхлэнгүүт Монголбанкнаас 120 сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл яаравчлан олгож байсан удаатай. Манай улсад шатахууны үнэ өндөр байгаа нь онцгой албан татвартай шууд холбоотой гэж үзээд л татварыг удаа дараа бууруулаад л ирсэн. Шатахуун импортлогч компаниуд юу хүснэ, тэрийг нь төр үг дуугүй биелүүлж ирсэн илэрхий жишээ баримтууд олон байна. Одоо зарим сайд дарга нарын амнаас Засгийн газар онцгой албан татвараа 100 хувь тэглэчих ёстой гэсэн үг байсгээд цухалзах болсон. Монголд нефть боловсруулах үйлдвэр баригдахгүй байгаа нь нефть импортлогчидтой шууд холбоотой гэсэн яриа байдаг. Ямартай ч төр авах ёстой татвараасаа татгалзан байж шатахууны үнийг өсгөлгүйгээр хамгаалж чадлаа гэх арга ядсан үг энэ удаагийн Онцгой албан татварын хөнгөлөлтийн амыг хааж байна.
Б.ДОЛЗОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *