Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж иржээ. Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Хиндү шашин 4000 жил, Иудейн шашин 3670 жил, Заратуштрын шашин 3000 жил, Буддын шашин 2545 жил, Христийн шашин 2000 жил, Исламын шашин 1521 жил, Бахай Шүтлэг 165 жил оршин сургаал номлолоо хөгжүүлж ирсэн байна.
Өнөөдөр дэлхий нийтээр өөрийн гэсэн тодорхой бурхантай, тогтсон зарчимтай, үнэт зүйлтэй сүсэг бишрэлийг шашин гэнэ. Харин ийм зүйлгүй сүсэг бишрэлийг мухар сүсэг хэмээн цээрлэдэг. Гол гурван шашин болох Буддын шашныг Будда, Исламын шашныг Мухаммед, Христийн шашныг Есүс гэдэг хүн бүтээсэн. Тэдний бусдаас ялгагдах гол онцлог нь хүн яагаад нас бардаг вэ, яагаад муу зүйлийг хийгээд байна вэ гэдгийн учгийг тайлж сургаал номлолоо айлдсан хүмүүс юм. Ямар ч шашны хамгийн гол сургаал бол нүгэл хийж болохгүй буян буюу бусдад хэрэгтэй зүйл хий гэдэг. Буян хийгээд дараагийн амьдралдаа сайн төрлийг олж төрөх нь шашны гол зорилго. Иймээс нийгэм эрүүл оршин тогтнож, хүмүүсийн харилцаа худал хуурмаг байх, бие биендээ муу зүйл хийхээс шашин сэргийлдэг. Иймээс ямар ч улсын бие даасан байдал болоод, эрүүл оршин тогтноход шашин чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Харамсалтай нь эдгээр шашин нь маш олон урсгалтай болж бүр хоорондоо дайсагнаж байдаг нь нэн харамсалтай.
Шашиныг мухар сүсэг мэтээр шүтвэл ази, африкийн зарим орнууд шиг өөрийгөө үнэгүйдүүлж бусдыг хоосон шүтэх болно. Мөн лалын шашинт зарим улсууд шиг шашин, итгэл үнэмшил нэрийн дор аллага үйлддэг болно. Үнэндээ хүмүүсийн итгэл үнэмшлийг ашиглаж өөрийн увайгүй үйлдлээ хэрэгжүүлнэ гэдэг хамгийн том нүгэл гэлтэй.
Шашны бас нэг ач холбогдол ньчухамхүү сүм хийдүүдээс шинжлэх ухаан үүсэж их сургуулиуд байгуулагдсанаар хүн төрөлхтөн орчин үеийн хөгжил дэвшилд хүрсэн явдал юм.
Өнөөдөр Монголчууд дэлхийн гол 3 шашин болох Буддын, Загалмайн буюу Христийн, Исламийн шашныг гурвууланг нь шүтэж байна.
Буддын шашин:
Манай эриний өмнөх YI зуунд Энэтхэгт үүссэн хамгийн эртний шашин юм. Энэ шашны бурхан нь “Ертөнцийн эзэн”, “Бүхнийг бүтээгч” бус түүхэн бодит хүн байдаг учир эрдэмтэд “Шинжлэх ухаанд хамгийн ойр шашин” гэх нь бий.
Буддын шашныг хан хүү Сиддхартхи Гаутам бий болгосон гэж үздэг. Аав нь хан хүүг амьдралын муу муухайгаас ангид алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн байна. Хан хүү хайрт бүсгүйтээгээ гэрлэж хүүтэй болжээ. Гэтэл тэрээр дөрвөн зүйлтэй тулгарсны дараа үзэл бодол нь эрс өөрчлөгдсөн аж. Хан хүү эхлээд насны туйль болсон хөгшинтэй дараа нь уяман өвчин туссан нэгэнтэй мөн оршуулах ёслолыг харсан байна. Эцэст нь үгээгүй ядуу нэгэнтэй таарчээ. Энэ бүхний дараа хан хүү ихэд цочролд орж амьдралын утга учрыг олохоор 29 насандаа хааны ордноос оргожээ. Хан хүү Гаутам бясалгалын ачаар амьдралын утга учраг олж 35 насандаа Будда болсон байна. Буддааг 45 наснаасаа өөрийн сургаалийг айлдаж эхэлсэн гэж үздэг. “Номын хүрдийг эргүүлэхүй” буюу түүний эхний сургаал сударт үнэнийг хайгчид мэдрэхүйн жаргалд дурлах болон хэт их хатуужил тэсвэрийг үйлдэх гэсэн 2 төрлийн туйлшралаас сэрэмжлэх хэрэгтэй гэж сургажээ.
Энэхүү төв зам мөрийг тэрээр хутагтын 4 үнэн, 8 гишүүнт зам мөр гэсэн сургаалиудаараа тайлбарлажээ.
Хутагтын 4 үнэн:
- Зовлон буй
- Зовлон шалтгаантай буй. Тэр нь шунал
- Шунал үгүй бол зовлон үгүй
- Зовлонг устгах арга зам буй.
Зовлонгоос гарах тэрхүү зам мөр нь Хутагтын 8 гишүүнт зам мөр юм. Энэ зам мөр нь 3 хэсэгт хуваагддаг. Шилла буюу зөв явдал, самади буюу сэтгэлийн төвлөрөл, паняа буюу сэтгэлийг бүрэн цэвэрлэн ариусгах билгүүн ухааныг үүсгэх байдаг.
Буддизм нь дотроо маш олон салбар болон задрах ба зарим нэг асуудал дээр ялгарах боловч бүгд Буддагийн боловсруулсан Хутагтын 4 үнэн болон Хутагтын 8 шүүлт мөрийг үндэслэл болгодог юм. Бурхан бээр шунал хүслийн улмаас зовлон үүсч байгааг өөрийн туршлагаар онож мэдэрсэн ба энэ үл төгсөх орчилт орчлонгийн гинжин хэлхээг тасдах аргыг олсон хүн юм. Тэрээр гадаад ертөнцийн юмс болон сэтгэлд орших шунал хүслийн хариу үйлдлүүд хоёр нь бидний биенд илрэх мэдрэмжээр холбогдож байдгийг өөрийн сэтгэлийн гүнд ажиглаж мэдсэн байна. Хүн биеийн 5 мэдрэхүй болон сэтгэлийн мэдрэхүйгээр ямар нэгэн дүрстэй шүргэхэд бидний биед мэдрэмж үүсэх ба тэрхүү мэдрэмжийн зүг тэмүүлэн хүсэл шунал үүсдэг байна. Хэрэв мэдрэмж тааламжтай байвал тэр мэдрэмжийг удаан үргэлжлүүлэн мэдрэх хүсэл үүснэ. Харин тааламжгүй байвал тэр мэдрэмжээс ангижрах хүсэл үүсдэг байна.
Загалмайн шашин:
Загалмайн шашин буюу Христийн шашин нь 1-р зуунд үүссэн бөгөөд Ромын Эзэнт Гүрний Иуда мужад иудей буюу жүүд (израйль) хүмүүсийн дунд бий болсон. Үүний дараагаар Бага Ази болон Египетээр дамжин Грек, Италид тарахсан гэж үздэг. 392 онд Ромын Эзэн Гүрний хаан I Теодосис хаан 2 сарын 27-ний өдөр зарлиг буулган Ромын Эзэнт Гүрний төрийн шашин болгон өргөмжилжээ.
1054 онд Христ Итгэлд тулгуурласан нэгдмэл шашинд хагарал гарч Зүүн Ром буюу Византад Үнэн Алдартны урсгал бий болжээ. XVI зуунд Ромын католик шашнаас эх авч, шинэчлэгдсэн үзэл санааг түгээх Протестант урсгал бий болсон бөгөөд Протестант урсгал нь дотроо маш олон сектүүдэд хуваагдах болжээ.
Шинэ Гэрээнд өгүүлснээр, Иудей хүн Есүс 30 гаруй настай байхдаа (Христийн тооллын 1-р зууны 30-аад оны үе) эхлэн үйлчлэлээ эхлэн, сургаалаа номлож эхэлсэн. Тэрээр мөнх амь, Тэнгэрбурханд итгэх итгэл болон зөвт, гэм зэмгүй амьдралын талаар заадаг байсан. Есүс өвчтэй хүмүүсийг эдгээж байсан бөгөөд хүмүүсийн гэм нүглийн төлөө загалмайд цовдлогдон нас барсан гэж үздэг. Гэм нүглийн төлөөс нь цус бөгөөд Еврейчүүд гэм нүглээ далдлахын тулд хургаар Тэнгэрбурханд өргөл өргөдөг байсан. Ингэсээр уучлал ирдэг гэсэн ойлголтоос бий болжээ. Христ яг тэр хургатай адил өөрийгөө хүмүүсийн гэм нүглийн төлөө өгсөн бөгөөд ингэснээр Түүнд итгэсэн хүн бүр гэм нүглийн уучлалыг хүлээн авах болно хэмээн заадаг.
Христийн шашин эсвэл Христ итгэл нь Есүс Христ гэх Тэнгэрбурханы Хүү, Мессиа хүн төрөлхтнийг (еврейгээр Аврагч) аварна гэх ганц төвт итгэлийг заадаг итгэл бишрэл юм. Тооцоогоор нийт дэлхийн 2,1 тэрбум хүн Христ итгэлийг дагадаг ба энэ нь дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 33,32% юм. Христ Итгэл нь дангаараа шашин биш бөгөөд Христ Итгэлд тулгуурласан шашныг Петр тэргүүтэй Христийн шавь нар Ариун Библи болон Христийн номлол сургаальд үндэслэн залгамжилж, үүсгэн байгуулсан нь Католик шашин юм. Христ Итгэлийг гол цөм болгосон Католик шашнаас Үнэн алдартны урсгал, Протестант буюу Евангелийн шинэ урсгалууд үүсэн бий болжээ. Ингэснээр Христ Итгэлд тулгуурласан нэгдмэл даяар ертөнцийн гэсэн утгатай үгийг Ромын Эзэнт гүрэнд төвтэй Латин сүмүүд залгамжлан авч Ромын Католик хэмээх тодотголыг хэрэглэх болсон байна. Христ итгэлд тулгуурласан цорын ганц Католик шашнаас Үнэн алдартны, Протестант урсгалууд бий болжээ. Үнэн Алдартны сүм, протестант сүм, чуулганы номлол, ёс дэг жаяг, чуулганы зохион байгуулалт зэрэг нь бүгд Католик шашнаас эх авч бий болсон бөгөөд шинэ зүйл бий болгоогүй, шинэчлэл хийсэн учир эдгээрийг “урсгал” хэмээн авч үзнэ. Христ Итгэл нь Библи гэх судрыг хэрэглэдэг бөгөөд энэ нь “Хуучин Гэрээ” ба “Шинэ Гэрээ” гэсэн 2 ботид хуваагддаг. 1600 жилийн туршид нийт 40 гаруй эш үзүүлэгч, дагалдагч нараар бичигдсэн юм.
Исламын шашин:
Монголчуудын хэрэглэдэг “Лал” хэмээх үг нь Төвд хэлний “Лало” буюу Буруу номтон гэсэн үгнээс гаралтай буруу ойлголт бөгөөд дэлхийн бүх хэлэнд Исламын шашин, мусульман хэмээн хэлэгддэг. Ислам гэдэг нь шашиных нь нэр, мусульман гэдэг нь шүтэн бишрэгчдийг нь хэлнэ. Мусульманчуудын тайлбараар бол Ислам гэдэг нэрийг Аллах Эзэн өөрөө хайрласан гэх бөгөөд ислам нь энх амгалан, зөв шудрага, өөгүй сайхан, хор нөлөөгүй гэсэн утга агуулдаг байна. Харин өнөөдөр олон нийт тэр чигээрээ лал, лалын шашин хэмээн бичиж ярьж тэмдэглэж байгаа нь буруу бөгөөд нөгөө талаас лал гэх нь ислам шашинтуудын хувьд томоохон доромжлол юм.
Ислаамын шашинг дотор нь Суннит-Шийт хэмээх хоёр үндсэн том урсгалаар нь бид ойлгож ирсэн. Үнэндээ энэ шашин дотроо Суннит-Шийт-Харижит гэсэн 3 томоохон урсгал, 20 гаруй чиглэл, хэдэн зуун сэкт бүлэглэлтэй юм. Суннит дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж Ханафи, Ханабали, Малики, Шафий гэсэн 4 хэсэгт хуваагддаг. Дараагийн том урсгал нь Шийт (Алигийн бүлэг гэдэг үгний товчлол). 4-р халиф Алиг шүтэн бишрэгчид. Мухаммед нь Алид өөрийнхөө нууцыг дамжуулсан учраас Мухаммедийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь Исмайлийн бүлэг, Жафарын бүлэг, Зейдитын бүлэг гэж хуваадаг. Эдгээрээс салбарласан олон урсгалууд байдаг. Харажит дотроо ибадитын бүлэг гэсэн салбартай. Голчлон Йемен, Оман улсуудад энэ урсгал тарахсан. Мусульман хүний мөрдөх ёстой хууль ёсыг бүхэлд нь шариат гэх ба Шариат нь мусульман орнуудын хууль, шүүх байгууллагын үйл ажиллагаанд чухал байр эзэлдэг.
Исламын шашинд бүгдээрээ нэг зүгт алхах нь ашиг тустай хэмээн сургадаг. Ислам шашин өнөөдөр дэлхийн Мусалмаанчуудийн зөвхөн шашин шүтлэг нь төдийгүй, шинжлэх ухаан, тэдний иргэншил, эдийн засаг, улс төрийн амьдралын зохион байгуулалтын үндэс, хэрхэн аж төрөх, ёс уламжлал, ёс заншил, ертөнцийг үзэх үзэл нь болсон байна. Тухайлбал эмнэлэг, анагаах ухаан, математик, физик, одон орон, газар зүй, хөдөө аж ахуй, урлаг, уран зохиол, түүхийн шинжлэх ухааныг өндөр түвшинд хөгжүүлж чаджээ. Мөн дундад зуунд тэг (0) хэмээх тоог алгебрт оруулсанаараа тэд шинжлэх ухааны маш олон шийдвэрлэгдээгүй асуултанд хариулт өгч чадсан байна. Европчуудын нээлтүүдэд чухал үүрэг гүйцэтгэсэн газрын зураг, луужин, квадрат зэргийг мусалмаанчууд нээж хөгжүүлсэн билээ.
Г.АМАРСАНАА
One reply on “Шашин гэж яг юу вэ?”
ямар ойлгомжтой гоё бичээ вэ