Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Шартаж гөлөрсөн монголчууд архинаасаа салах цаг болсон

Монгол орон тэр чигтээ архин далайд дуниарч байна. Ёстой л хиар цохиулсан юм шиг энд тэндгүй савж унацгааж, зах замбараагүй ууцгааж байна. Уулзсан хүн бүхний нүд нь гөлөрчихсөн, урьд шөнийнх нь уусан архины үнэр амнаас нь арилаагүй, үмхий ханхлах нь гутамшигтай. Юу ярьж байгаа нь огтоос ойлгогдохгүй, шартаж гөлийсөн хүмүүс дүүрэн байна. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд гэлтгүй бүгд ууж байна. Нялх хүүхдийнхээ дэргэд ухаан мэдрэлээ алдан тасраад уначихсан монгол хүүхнүүдийн зураг хаа сайгүй. Мөн баар саванд архидаж, үс гэзэг нь сэгсийлдсэн залуу сайхан охидын зураг ч газар сайгүй. Ингэж л эр эм гэлтгүй ууцгааж байгаа нь аймшигтай.

Ажлын цагаар ажлынхаа байранд ухаан жолоогүй архидацгааж, амьд нүдтэй эрүүл хүн гэж алга. Бүр сүүлдээ хэн хүнгүй архиндаа нэвшрэн донтчихсон, архины төрлийн л бол хор ч хамаагүй ууж мажийцгаах боллоо. Саяхан Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт таван хүн архинд хордож нас барсан. Тэдний шүүх эмнэлгийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа. Уг үйл явдалтай холбогдуулж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ сарын 17-ны 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан юм.

Архийг хориглосны хүчинд амьд нүдтэй хүн хаа нэг тааралдах боллоо. Харамсалтай нь тэд “архины хорио хэзээ дуусах, шагчид архи зарж байгаа, үнэ ханш нь төд байгаа” тухай л ярих ажээ. Тэгээд нэг их бахархалтайгаар хуучин цагийн архидаж явсан дурсамж дурдатгалаа сэргээнэ. Анзаараад байх нь ээ, шагийн архи зарж байгаа нөхдийг жигтэйхэн эвийлж хаацайлсан мэдээллүүд гарах юм. Хэдэн халтар цаасны төлөө ард түмэндээ хор өгч байгаа шагчдыг өмгөөлөн магтацгааж, улс орноо аварч байгаа мэтээр сүйд болцгоон мандуулдаг нь ямар учиртай юм бэ.

Архийг хориглосон өдрүүдэд архидан согтуурснаас үүдсэн гэмт хэргийн тоо хэрхэн цөөрсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол аваар гаргадаг байдал буурсан эсэх судалгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд болоод цагдаагийн газраас гаргасан. Тодруулбал, архигүй өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56.8 хувиар, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83.3 хувиар тус тус буурчээ. Гэмт хэрэг ихээр гардаг нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд энгийн өдрүүдэд архинаас үүдсэн зөрчил дуудлага 80-120 ирдэг байсан бол архийг хориглосон өдөр арав гаруй болж илт буурчээ. Согтуугаар танхайрсан гэмт хэргийн зөрчил бусад өдрийнхөөс 40.4-47.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Архийг хориглосон хоёр, гурван хоногт Улаанбаатар ийм нам гүмхэн өнгөрчээ. Хэрвээ таван хүн амиа алдсанаас болж хориглох шийдвэр гараагүй бол шөнөдөө хасах 50 хэм хүрч хүйтэрсэн өнгөрөгч өдрүүдэд хичнээн хүн согтуу хөлчүү хөлдөж үхэцгээхийг таашгүй. Архигүй өдрүүдийн гэмт хэрэг болоод, согтуу жолоочийн тоо илт буурсан дээрх үзүүлэлт шартаж гөлөрсөн монголчуудыг архинаасаа салах цаг болсныг гэрчилж байна. Бид алийн болгон зоомби шиг, ядуу гуйлгачин, өөдгүй үхээнц дорой амьдрах юм бэ. Нийслэл хот маань агаарын бохирдлынхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Хүн амьдрах эцэсгүй аймшгийн утаатай хотод нохой шиг гутамшигтайгаар амьдарч буйн гол баталгаа бол архи. Архидан хөлчүүрхсэн залхаг залхуу монголчууд энэ олон жилийн туршид юу ч бүтээгээгүй. Хэрвээ хүн бүхэн эрүүл саруулаар сэтгэж, дор бүрнээ хөдөлмөрлөж, бүтээж цогцлоох гэж зүтгэсэн бол монголчууд бид өнөөдөр арай ийм үхээнц дорой, ядуу тарчиг аж төрөхгүй байх байсан. Архин далайдаа живж живж нэг л сэхээ автал Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрчихсэн, бүгд зоомби шиг байж байгаа нь тодорхой.

“Монголчуудад хувиа хичээх үзлийн хамгийн хурцадмал хэлбэр болох өөрийгөө дөвийлгөх үзэл хэрээс хэтэрсэн гэдэг нь ажиглагдаж байна. Энэ нь амиа хичээх үзлээс илүү хор уршигтай” гэж Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын төвийн хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболд хэлсэн. Энэ бол маш үнэн тодорхойлолт. Өөрийгөө дөвийлгөх үзлийн гол учир шалтгаан бол эцсийн дүндээ архитай холбоотой. Архи ууж онгирч, сагсуурсан хүн ерөөс өөрийгөө л худлаа хоосон магтаж, бусдыг дорд үзэх хандлага илт мэдрэгддэг. “Би бол агуу, би бол Чингисийн Монголын үр сад” гэж цээжээ дэлдэж, ширээ шаадаг. Гэвч энэ Монголд агуу нь хаана байна. Бид чухам юу бүтээчихээд, түүгээрээ гайхуулж бардамнаж байгаа юм. Бүгд л дуулж, хуурдаж, барилдаж, бахиралдацгаасан. Тэгээд түүндээ хөөрч дэвэрч ууж сагсуурсан. Үр дүн нь өнөөгийн Монголын өрөвдмөөр, нүд халирмаар нийгэм, Улаанбаатарын утаа, өөр юу ч биш.

Монгол төрийн жолоог атгалцаж явсан тулхтай өвгөн түшээдийн үг, нийгмийн нэртэй зүтгэлтнүүдийн ярианаас нэг зүйл сэтгэл сэрдхийлгэдэг. “Төрийн ордонд чинь эрүүл хүн гэж байна уу. Хүнтэй очоод ажил ярих гэхээр өөдөөс гөлөрсөн, баларсан хүмүүс байх юм” гэх утгатай зүйлсийг хэлдэг. Сонин хэвлэлд өгсөн яриа хөөрөөнөөс нь ч анзаарагдах нь бий. Нээрээ л шинэ засаг төр солигдсоноос хойш залуу төрийн түшээд маань үүрэг хариуцлагыг ухамсарлахаасаа өмнө бүгд баяраа тэмдэглэн архидацгааж, хөөрч дэвэрсэн хэрэг үү. “Би монгол төрийн толгойд гарчихлаа” гэж онгирч омойтон сагсуурсан юм биш үү. Бүр сүүлдээ эмэгтэй гишүүн нь хүртэл Их хурлын танхимд суудлаа олохгүй тэмтчиж яваа харагдах юм.

Монголчууд өнөөдөр бусдыгаа дорд үзэх, басамжлан гутаах, байхгүй нэгнээ үгийн муугаар чичлэх ажлыг сайн хийж чадаж байна. Уужимхан саруул монгол хүний чанар ийм новшийн болсон байна. “Бид хоорондоо эв түнжингүй, ард түмэн төр засгаа шүүмжлээд төр засаг нь ард түмнээ буруутгаад хоёр тийшээ хараад байвал хөндлөнгийн улсын идэш болно” гэж судлаач хэлсэн. Согтуу солиотой иргэд нь төрд гарсан хүмүүстээ бүр нэг ясных нь дургүй хүрч, чин үнэнээсээ үзэж чадахаа больсон. Зөвхөн төрд гэлтгүй сайн сайхан яваа нэгэн рүүгээ хар хор, өшөө хорсол муу муухай бүхнээ цацаж, нэр төрийг нь гутаах, элдэв муу үгээр доромжлох энүүхэнд болжээ. Эл бүхний үр үндэс ерөөсөө л архидалт шүү дээ. Бид бүхэн хөгжил дэвшлийн тухай бус хов жив ярьсан шигээ хундага тулгаж байна. Тэгэхээр сайн сайхан ирээдүй гэрэлтэх нь юу л бол.

“Баярлана гэдэг балгахын нэр биш” гэж “Өдрийн сонин” одоогоос арваад жилийн өмнө бичиж, тийм уриалгыг нийгэмд дэвшүүлж байсан. Монголчуудын баяраар эх захгүй архидаж буйг, ялангуяа шинэ жил зэрэг нийгмийг хамарсан томоохон баяруудаар ухаан жолоогүй ууж байгааг, бүх л зурагт телевиз нь архийг ил цагаан сурталчлан Монгол Улс маань архин далайд живж буйг сануулсан. Бидний энэхүү уриалгыг олон хүн дэмжиж санаа бодлоо илэрхийлж байв. Нэртэй яруу найрагч, хөгжмийн зохиолч, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс архийг “тогтооё” гэж үндэсний телевизээрээ сурталчилж монголчуудаа архин далайд сэлүүрдэхийг уриалж байв. Архичдыг өөгшүүлсэн, тэднийг үндэсний баатар болгосон нэвтрүүлэг, хошин шогийн тоглолт, кино зай завсаргүй гарч, газар сайгүй архидалтыг дэвэргэснийхээ горыг монголчууд амсаж байна. Монголын хөдөө сум сууринд ард иргэд банкны барьцаа, хүнсний дэлгүүрийнхээ архины барьцаа гэх хоёрхон зүйлийн барьцаанд байдаг нь нууц биш. Ингэж хот хөдөөгүй тэр аяараа ууж живцгээж байна. Одоо монголчууд минь болох юм биш үү. Архинаасаа салж шинэ сэргэгээр, эрүүл саруул амьдаръя. Архины хариуд, мунхарч гүйцсэнийхээ төлөөсөнд газар нутгийнхаа тавны гурвыг, хүн амынхаа ихэнх хувийг хоёр хөршдөө алдаж, цэрэг зэвсэг хүч чадалгүй хөгжил дорой улс болсон. Мөнхийн согтуу, залхуу залхаг, үхээнц өөдгүй байгаагүй бол ядаж энэ бүхнийхээ өмнөөс тэмцэж, ярьж хөөрөх байлаа.

Монголын төр эрмэг зоримог, эрс шийдэмгий байх цаг нь ирсэн. Аль болохоор архийг заруулахгүй байх, түүнийг хориглож журамлах шийдвэрийг гаргах хэрэгтэй байна. Хүйтний улиралд архи зарахыг тас хориглох нь зүйд нийцнэ. Ялангуяа хүйтний эрч чангарч шөнөдөө хасах 25, өдөртөө хасах 18 хэмийн хүйтэнтэй л бол архийг улс даяар хориглодог болох хэрэгтэй. Цаг агаарын мэдээ харж байгаад л “за одоо ард иргэддээ сануулахад архийг хориглох цаг ирсэн байна. Хүйтний эрч тэд хүрч байна” гээд албан ёсоор зарладаг байх. Мөн томоохон баяр ёслолын үеэр ч юм уу, ямар л гарц, боломж байна тэр бүгдэд хориглох шийдвэрийг түргэн шуурхай гаргаж байх хэрэгтэй. Иргэд нийтэд ийн хэвшүүлж, улс орны хамгийн гол шийдвэр гэдгийг ойлгуулж сургах нь чухал юм.

Архийг хориглох нь буруу, хориглох тусам шагийн хорт шингэн ихэсдэг, хориглож цагдах тусам ард түмэн уух гэж хорхойсдог гэх архичдын дэл сул үг, гадны улс орнуудын буруу жишгээр явж болохгүй ээ. Монголын төрөөс яг энэ асуудал дээр хахир хатуу зогсохыг шаардаж байна. Хор гэдгийг нь мэдсээр байж уугаад үхэж байгаа аминаасаа уйдсан архичдынхаа өмнөөс алийн болгон далчганаж сайн хүн гэж болох гэж гүйх юм бэ.

Архиндаа хордоод үхэж байгаа нөхдийг “өөрсдийнх нь хохь” гэж төр үздэг байх хэрэгтэй. Түүнээс биш “эвий халаг, төчнөөн иргэн хордчихлоо” хэмээн нялуурч, дэлүүрэхийн хэрэг огтоос байхгүй. Ингэж далчганан, архичдынхаа өмнүүр бөхөлзөж гүйснийхээ хүчинд ахиад л өчнөөн төчнөөн нөхдийг хордуулж алах замыг нээж байна гэсэн үг. Монголчууд бид одоо л сэхээрэхгүй бол, эрс шийдэмгий хатуу бодлого баримтлахгүй бол тэртэй тэргүй хоёр хөрш маань биднийг архин далайд живүүлэх, өөр хооронд нь эв түнжингүй байлгах, өстөн дайсан мэт болгохыг эрмэлзэж байгаа нь нууц биш. Ард түмэн архинаас аль болохоор татгалзаж байж улс орон хөгжин дэвшиж, тусгаар тогтнол, төрийн дархлааны бааз суурь батжин бэхэждэг нь хууль юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шартаж гөлөрсөн монголчууд архинаасаа салах цаг болсон” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өнөөдрийн дугаарыг Улсын манлай харцага, бөхчүүд дундаа “Өвөө” багш хэмээн хүндлэгддэг Чойдорын Өвгөнхүүгийнх чимлээ. Тэрбээр манай сонины “Танайд өнжье” буланд уригдан оролцлоо.

Улс төрийн нүүрэнд сүүлийн үед улс төрийнхний дунд дуулиан шуугиан болоод байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай сонгуулийн хуулийг хамгийн их эсэргүүцэж байсан хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү билээ. Тэгвэл тэрээр энэхүү хууль буцаагдсантай холбогдуулан ярилцлага өгчээ.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Даост болж буй дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа билээ. Түүний “Агаарын бохирдол” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцож ямар асуудлуудыг хөндөж ярилцсаныг өнөөдрийн улс төрийн нүүрээс дэлгэрэнгүй уншаарай.

Дэлхийн мэдээ буланд АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдон тангаргаа өргөөд буй Дональд Трампын эргэн тойронд болж буй онцлог үйл явдлуудын талаар бичжээ.

Эдийн засгийн буланд нүүрсний үнийн бууралт хийгээд дотоод, гадаадын зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа талаар “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй хийсэн ярилцлагыг онцолжээ.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *