Categories
мэдээ соёл-урлаг

“Шарилжин дундах цэцэг” балетыг тоглоно

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” Римский Корсаковын “Шехерезада” балетыг энэ амралтын өдрөөр тоглох гэж байна.

“Шехеразада” балетыг анх 1963 онд манай улс театрын тайзнаа тавьсан. “1001 шөнийн үлгэр” зохиолоос сэдэвлэсэн эл балетад зах хязгааргүй их далайн дунд хугархай шураг дээр үхэлтэй тэмцэн хөвж буй зоригт Синдбад далайчны амьдралыг харуулдаг. Балетын гол дүрд Синдебад – Х.Мөнгөнхөлөг /СТА/, Гульнера – Ч.Ганчимэг /МУГЖ/, цэргийн тэргүүн – О.Ганцоож /СТА/, балетын жүжигчид оролцон тоглож УГЗ Н.Туулайхүү удирдана.

Харин Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” хэмээх нэг бүлэг гурван үзэгдэлт балетын гол дүрд Урангоо /Үзэсгэлэнт бүсгүй/-О.Анужин, Галт /Урангоогийн сэтгэлт залуу/ -М.Од /СТА/, Ширүүнгарьд / Залуу дайчин /-А.Билгүдэй, Ёмбо /Ширүүнгарьдын туслах/ -А.Эрдэнэболд нар тоглох аж. Энэхүү балетын эхэнд олон жилийн өмнө нас эцэслэсэн хоёр баатрын булш харагдана. Булшны нэгэн дээр цэцэг, нөгөө дээр нь шарилж ургасныг харуулж үзэсгэлэнт Урангоо бүсгүй эхний булшны дэргэд гуниглан зогсож буйгаар үйл явдал цааш өрнөдөг.

Эл хоёр балетыг энэ сарын 14, 15-нд 17.00 цагт УДБЭТ-т тоглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *