Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн улмаас айлуудын бохирын цооног дүүрч, хөрс бохирдон хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлтэй байна

Шар усны үер зурган илэрцүүд

Сүхбаатар дүүргийн XV-XX хорооны айл, өрх шар усны үерт автсан нөхцөл байдалтай байна. Үерийн улмаас дүүргийн гэр хорооллын айлууд, гудамж талбай шар усны үерт автан, бохирын цооног дүүрч, хөрс бохирдон хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлтэй байгаа аж. Мөн далан шуудуу усны урсгалыг даалгүй, эвдэрсэн, авто замд усны хаялга хийгээгүйн улмаас эвдэрч нийтийн тээвэр, том оврын тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж, зам сэтэрч, цөмөрсөн зэрэг хүндрэлүүд гарчээ.

Сүхбаатар дүүргийн XVII хорооны засаг дарга Даваацэцэг ярихдаа: XVII хороон 7000 мянгаад хүн амтай, 190 га газартай, 2000 өрхтэй юм. Хорооны нутаг дэвсгэр нь цэвдэг ихтэй газар байршсан. Иймээс нэгдүгээрт айлуудын дундаас булаг ойж гарч ирдэг. Хоёрдугаарт сүүлийн үед дулаарч байна. Ингэснээр цас хайлж зүүн талд байгаа уулын жалгаар шар усны үер бууж энэ хэсэгт төвлөрдөг. Энэхүү шар ус нь айлууд дундуур урсаад доор 52 дугаар гудамж дахь Сэлбэ гол руу холбосон сувагтай нийлдэг. Тэр хүртэл шинэ суваг татах ажил хийгдэж байна. Хойд талын бүсүүд бол намаг, шалбааг ихтэй. Өмнө эмнэлгийн түргэн тусламжийн тэрэг, хогны машин хүрэх ёстой газраа очиж чадахгүй байх тохиолдол байдаг байсан. Сүүлийн тав зургаан жил хайрган замууд их тавигдсан. Ингэснээр эмнэлэг, онцгой байдлын газар, цагдаагийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдсэн.

-Хэчнээн айл шар усны үерт автсан бэ?

-Доошоо хоёр талаасаа хорь гаруй гудамж байгаа. Тухайн гудамжинд амьдарч байгаа 40 гаруй айлын хашаанд шар усны үерийн ус орсон. Хоёр айлын гэр лүү ус орсон, айлуудын бохирын цооног руу ус орж сагасан. Цооног нь сагасан айлуудын бохирыг соруулах ажил бас хийгдэж байна.

-Гамшгийн үед иргэдийн оролцоо хэр байна?

– Шар усны үер бууснаас хойш нэг ч иргэн гарч ирсэнгүй.Иргэдээ ойлгуулж, ухамсар суулгамаар байна. Онцгой байдлын, гамшгийн үе гэдгээ мэдэхгүй байна. Гамшгийн үед иргэн бүр хүрзээ бариад ажиллах ёстой. Төрийн хэдэн албан хаагчид л ажиллаж байна. Гамшгийн үед иргэн бүр үүргээ биелүүлэх ёстой. Манай хашаанд орж ирээгүй гэсэн байдлаар хандаж болохгүй. Мөн ЕБС-ууд Иргэний боловсролын хичээлийг заах хэрэгтэй. Хүүхэд байхаас нь үер болбол яах ёстой, ямар арга хэмжээ авах юм, газар хөдлөхөд яах вэ гэх мэдлэг мэдээллийг суулгамаар байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир хэлэхдээ: “Энэ жил эрт дулаарлаа. Ингэснээр шар усны үерт автсан айл 147-д хүрлээ. Ингээд Засаг дарга Х.Болормаагийн захирамжийн дагуу “Өндөржүүлсэн бэлэн байдал”-д ажиллаж байна. Шар усны үерт өртсөн айлууд, гудамж талбай далан шуудууг засварлах, авто замын нөхцөл байдалд мэргэжлийн баг бүрэлдэхүүн үнэлгээ хийж учирсан хохирлыг арилгаж байна. Цаашид үүсэж болзошгүй нөхцөл байдлыг судлан тогтоож хүн хүч техник хэрэгслийн судалгааг гарган холбогдох арга хэмжээ авч, цэвэрлэх тохижуулах, сэргээн засах шинээр бүтээн байгуулах ажлууд өнөөдрөөс эхэлж байгаа юм.

Яаралтай арга хэмжээ авах газруудын нэг болох XVII хороонд үерийн усны бетон суваг татах ажил явагдаж байна. Мөн бидний хүч хүрэхгүй ажил байна л даа. Дүүргийн мөнгө санхүүжилт хүрэхгүйгээс зарим газар хүрч ажиллаж чадахгүй байна. Тухайлбал XVIII хороонд байдал нь хүнд хоёр гурван цэгүүд байгаа. Тодруулбал байгалийн гуй жалгууд нь нийлээд өргөсдөг, урсгалын даац ихэсдэг хэд хэдэн газар байдаг.

Эдгээр газарт маш их хэмжээний ус хуримтлагдаад урсаад ирэхээр, хуучин байсан жижиг гуй, жалгаа сэтлээд айлууд руу үерийн ус нь орсон. Ялангуяа Бэлхийн хуучин эцэс зам талбай руу ус хальж орж ирээд өргөн хэмжээний юм болсон. Энэ мэт олон газар байна. Уг газрууд хайрга буулгах жалгын өндөрлөх зэрэг түр аргацаах ажлуудыг бол хийсэн. Энэ бүхэнд дүүргийн төсөв санхүү хүрэхгүй учраас Нийслэлийн онцгой комисст албан бичиг хүргүүлсэн. Техник технологи болон хүн хүч, үерийн усны суваг байгуулахад тусламж гуйж хүсэлт явуулаад байна” гэв.

Ус зайлуулах төмөр болон бетонон хоолой 111 ширхгийг байрлуулж, 20 гаруй айлын орчимд хайрга, дайрга буулгаж тогтсон усыг соруулах хөрс нягтруулах ажлыг хийгээд байгаагаа онцолж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *