Дуучин Шакира найман настай хүүтэйгээ хамт Испанийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явтал зэрлэг гахайнууд дайрчээ.
Тэрээр энэ талаараа өөрийн сошиал хуудастаа /инстаграмын сторид/ “Цэцэрлэгт хүрээлэнд явж байтал хоёр зэрлэг гахай бидэн рүү дайрч цүнхийг минь аваад мод руу орчихсон. Цүнхэнд миний утас бусад эд зүйл маань байсан ба тэд хамаг зүйлийг минь талаар нэг тараачихсан байсан” гэжээ. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн “Хотын удирдлагуудаас асуумаар байна. Хэчнээн хүн тэр дундаа ээжүүд зэрлэг гахайн дайралтад өртөж над шиг хохирогч болж байгаа вэ. Үүний эсрэг ямар арга хэмжээ авч байгаа вэ” гэжээ.
2016 онд гэхэд хүнээс гадна мал амьтан, нохой муур, автомашин руу зэрлэг гахай дайрсан гэх 1187 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Грэммигийн шагналт дуучин Шакира Каталан хотод сүүлийн үед их ихсээд буй зэрлэг гахайн дайралтад хамгийн сүүлд бүртгэгдсэн хохирогч болсон нь энэ аж. 2016 онд гэхэд хүнээс гадна мал амьтан, нохой муур, автомашин руу зэрлэг гахай дайрсан гэх 1187 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Мөн 2013 онд дуудлагаар очсон цагдаа зэрлэг гахайг буудах гэж байгаад гал алдаж хамтрагчаа буудан шархдуулж байв.
Олон төрлийн өвчин тээгч хэмээгддэг зэрлэг гахайг дэлхийн хамгийн түрэмгий амьтдын жагсаалтад оруулсан байдаг ба тэд ямар ч орчинд амьд үлдэх чадвартай байдаг гэнэ. Тэд сүүлийн жилүүдэд хот суурин газрууд руу хэт ойртох болж, хүмүүсийн хаясан хог хаягдлаар амьдардаг болжээ.
Зэрлэг гахайн тоо Европ даяар ихсэж, хамгийн сүүлийн үеийн тооцоогоор тус тивд 10 сая орчим давсан байна. Тэд илүү түрэмгий болж, иргэдэд төвөг учруулах болсон тул олон хотын удирдлагууд тоо толгойг нь багасгахын тулд янз бүрийн арга ашиглаж байна. Жишээ нь Берлин хотноо анчид тэднийг олон тоогоор агнадаг ч асуудал өнөөг хүртэл байсаар байгаа аж.