Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын урилгаар Монгол Улсад айлчлалаар ирсэн ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн акедемийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницкийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр хүлээн авч уулзлаа. Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид батлан хамгаалах салбарын харилцаандаа цэргийн онол, цэргийн урлаг, зэвсэглэл техникийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг ОХУ-тай тогтоосон хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг” гээд, ЗХУ-ын, дараа нь ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн үе үеийн төгсөгчид манай цэргийн удирдлагад албаа амжилттай хааж, Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, цэргийн байгуулалтыг төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгааг онцлов.
ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн захирал хурандаа генерал В.Б.Зарудницкий Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академитай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсны дагуу багш, эрдэмтдээ солилцож, цэргийн сургалт, судалгааны туршлагаа хуваалцаж байхаар болсныг Шадар сайд Ө.Энхтүвшинд мэдэгдлээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, үүний дотор цэргийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа хөгжүүлэхийг Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжинэ. 2019 онд бид Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг зөвлөлтийн, Оросын нөхөдтэйгөө тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ ялалтын ойг угтаж бид түүхийн сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, түүхэн болон баримтат кино, ном, зургийн цомог гаргахад танай судлаачдыг оролцохыг хүсье” гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.