Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шадар сайд Ө.Энхтүвшин: Мал тэвээргээ алдахаас урьтан малчдад өвс, тэжээл хүргэе

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.01.15) өвөлжилт болон малын гоц халдварт өвчний мэдээлэлтэй танилцаж, Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд яаралтай үүрэг өглөө. Энэхүү шуурхай хуралдаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогтбаяр нар оролцов.

Шадар сайд Ө.Энхтүвшин нэн тэргүүнд шүлхийн голомт бүхий аймаг, сумдад хорио цээрийн дэглэмийг чангатгах, хүн мал, машин техникийн хөдөлгөөнийг хязгаарлан халдвар тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, иргэд болон холбогдох байгууллагуудыг мэргэжлийн заавар зөвлөмж, удирдлагаар хангаж ажиллахыг ОБЕГ-т даалгалаа. Мөн ОХУ-аас эхний ээлжинд 1 сая тун вакцин яаралтай худалдан авахыг ХХААХҮЯ-нд үүрэг болголоо.

ОБЕГ болон ХХААХҮЯ-наас хамгийн сүүлд авсан мэдээллээр, манай орны 10 аймгийн 55 сум цагаан зудтай, 8 аймгийн 45 сум цагаанаар зудархуу байна. Шадар сайд Ө.Энхтүвшин 2017-2018 оны өвөл, хаврын болзошгүй хүндрэлд зориулан төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн улсын нөөцөөс шаардлагатай өвс, тэжээлийг цас, зуд хүндэрч мал тэвээргээ алдахаас урьтан малчдын гарт хүргэх саналаа Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж, шийдвэрлүүлэхээр болов.

ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Архангай аймгийн 12, Баян-Өлгий аймгийн 5, Булган аймгийн 12, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 14, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 9, Сэлэнгэ аймгийн 1, Төв аймгийн 27, Увс аймгийн 17, нийт 10 аймгийн 100 суманд “Цагаан зудтай” буюу “Цагаанаар зудархуу” нөхцөл байдал үүссэн. Цаг уурын байгууллагаас гаргасан “Зуд”-ын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд аймгийнзарим сумын нутгаар нэн их буюу их эрсдэлтэй, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *