Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Д.Тэрбишдагва Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.07.07/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, уул уурхай, төмөр зам, чөлөөт бүсийн асуудлаар харилцан ярилцаж санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва, Өвөр Монголын Өөртөө Засах Орон нь Монгол Хятад улсын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хоёр талын харилцаанд гүүр болж байдгийг онцолж, ноён Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал хоёр улсын болон ӨМӨЗО, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд маш том түлхэц болно гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Мөн тэрээр, хил дамнасан аж үйлдвэр, худалдааны чөлөөт бүс байгуулах болон зөвхөн уул уурхайн салбараас гадна аж үйлдвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг татаж хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. Түүнчлэн Хөх хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газрын асуудлыг нааштайгаар шийдсэнд талархал илэрхийлээд, газрын асуудлыг ойрын үед эцэслэн шийдвэрлэхийг хүслээ. Мөн ӨМӨЗО-нд хийгдэж буй шинэ бүтээн байгуулалт, ололт амжилтын туршлагаас судлахын сацуу ялангуяа Ардын эмнэлгэтэй харилцан туршлага солилцож хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва, хоёр талын боомтын захиргаа жил бүр ажлын уулзалт хийж байх саналыг дэвшүүлсэн юм.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Зюнь, төлөөлөгчдийг цаг зав гарган тусгайлан хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, анхны айлчлалын томилолтоо Монгол Улсаас эхлүүлж байгаад баяртай байгаагаа дуулгав. Мөн тэрээр, сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ баялаг болон өргөжиж байгааг тэмдэглэж, зөвхөн эдийн засаг төдийгүй хүмүүнлэгийн салбарт харилцааг өргөжүүлэх нь чухал гэлээ. Хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр ярилцаж, гарын үсэг зурсан урт, дунд хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь чухлыг мөн тэрээр онцолсон. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын тавьсан бодит асуудлуудыг хамтын ажиллагааны хүрээнд нарийн судалж үзэх шаардлагатайг тэмдэглээд, хоёр тал хамтран чармайж ажилласны үр дүнд тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *