Энэ намрын ургац хураалт ямар байх талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийлээ. Манай улсын хэмжээнд өнгөрсөн хавар нийт 390 мянган га талбайд үр тариа тариалсан байна. Үүний 370 орчим мянган га-д улаан буудай тариалжээ. Тариалалт хэдий сайн эхэлсэн ч энэ зун нийт нутгаар гантай байсан тул ургацын нэлээд хувийг авч чадахгүй болоод байна. Газар тариалангийн бүс нутгаар тавдугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай байсны дээр зургаадугаар сард өдөр, шөнийн температурын хэлбэлзэл их, олон хоног үргэлжилсэн аагим халуун болж, хур бороо багатай байснаас гангийн нөхцөл байдал үүсчээ.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг, хэрэгцээт гурилын 58.2 хувийг хангахуйц хэмжээний буудай авахаар урьдчилсан төлөв гарсан” гэж мэдээлэв.
Харин урьдчилсан балансаар ургац хураах шатанд 252 мянган тонн улаанбуудай үтрэмд буух бол үрийн нөөцөд 30 мянган тонн, малын тэжээлд 12 мянган тонн, спиртийн үйлдвэрлэлд 9 мянган тонныг хэрэглэх тооцоо гарсан байна. Ингэснээр 141 мянган тонн улаанбуудайг гурил үйлдвэрлэх хэрэгцээнд үлдээх аж. Мөн үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нөөцөд байгаа 27 мянган тонн улаан буудай нэмэгдэх юм байна.
Монгол Улс жилдээ 240 мянган тонн гурил буюу 320 мянган тонн улаанбуудай хэрэглэдэг аж. Тэгэхээр энэ жил 100 мянга гаруй тонн улаан буудай дутах болж буй юм. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар гурил үйлдвэрлэхэд шаардлагатай улаан буудайг гадаадаас импортоор авахыг салбарын сайдад үүрэг болгосон.