-ТУС СУМ ОДООГИЙН БАЙДЛААР 1992 ТОНН ХҮНСНИЙ НОГОО ХУРААГААД БАЙНА-
Сэлэнгэ аймгийн Шаамар сумыг хүнсний ногооны өлгий нутаг гээд хэлчихэж болно. Ялангуяа төмсөөрөө алдартай. Бүр Шаамарын төмс шал өөр амттай гэх яриа хүртэл байдгийг сумын төвд орж ирээд мэдэв. сэлэнгийн төв рүү явах замаас салаад сайжруулсан шороон замаар арав гаруй км давхих замд гар өргөн суусан өвөө ингэж хэлсэн юм. Өвөө машинд суусан хойноо ямар ажлаар хаа хүрч явааг асуухад нь танай нутгийн хүнсний ногоог сонирхож явна гэж хэлсэн хэрэг. Тэр үед өвөөгийн нүд сэргээд яг зөв газраа ирсэн байна гэж магтсан юм. Бас “Төмс тэргүүтэй хүнсний ногоогоороо алдартай нь ховд, манай хоёр. харин ховдчууд төмс, тарвас хоёроосоо арвин ургац хураахын тулд янз бүрийн хүний биед ашиггүй бордоо хэрэглэдэг болсон байна лээ. Муу золигнууд амны хишгээ ар дээрээ гаргах гэж байгаа юм. Харин манай нутаг жинхэнэ монгол ногоо тарьдаг” гээд өөд уруугүй магтаж байна. бас “хотод хямрал нүүрлээд байгаа гэсэн үү. монголчууд өлсөж үхэх хаа байсан юм” гэсээр баахан улс төр ярив. Өвөөгөөс хашаа дүүрэн хүнсний ногоо тарьдаг айл зааж өгөөч гэхэд “манай сумын нохой хүртэл ногоочин, эсвэл зөгийчин гээд хэлчихвэл арай л дэгсдүүлсэн болчих уу” гээд хөхөрч байна. Тэгснээ “Манай суманд зүгээр суудаг, ажилгүй айл байхгүй. Өвөө нь хүртэл байшингийнхаа урд хэдэн төмс суулгасан. худлаа гэвэл манай сумын хөдөө аж ахуйн тасгийн даргатай уулз” гэсээр захиргаа руу дагуулан орлоо. Тасгийн дарга Ж.баярсайхан энэ жил хэдэн га талбайд хүнсний ногоо тарьсан болон бусад мэдээлэл өгсөн юм. Сэлэнгэ аймгийн Шаамар сум нийт 3600 га эргэлтийн талбайтай ажээ. аймгийнх нь бусад сум голлон үр, тариа тарьж байхад Шаамарынхан хүнсний ногоогоор дагнадаг. Уг нь зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө хадлан сайн авдгаараа алдартай байж.
Сүүлд 1990 оноос хойш хувьчлал эхлэх үед иргэд нь өөрсдийнхөө сонирхлоор хүнсний ногоо, тэр дундаа төмс тарьж эхэлсэн байна. Өдгөө сумын 1100 өрх айлаас 420 гаруй нь хүнсний ногоо тарьдаг болжээ. Үлдсэн айлууд нэг бол зөгийн аж ахуйтай, эсвэл мал аж ахуй эрхэлдэг гэсэн. Ер нь ямар нэгэн аж ахуйгүй айл Шаамараас олохгүй гэж нутгийн олон сайрхана. Энэ жил тус сум нийт 64 га талбайд төмс тарьжээ. 187 га-д бусад төрлийн хүнсний ногоо тарьсан гэнэ. Төмсний хураалт 90 орчим хувьтай байгаа, нэг га талбайгаас 110-120 цн төмс авч эцсийн мэдээгээ гаргахаар төлөвлөжээ. Бусад төрлийн хүнсний ногоог 187 га-д тарьсан бөгөөд одоогоор 1992 тонн ургац хураагаад байгаа юм байна.
Эндхийн нэг онцлог нь эрт ургацын ногоо. Өнөө жил ихэнх нутгаар гандуу байна, үр тарианы ургалт муу гэх янз бүрийн шалтгаан байсан болохоор хүнсний ногооны үнэ тэнгэрт хаджээ. “Хотод эрт ургацын төмс 1500 гэж байна” гэх яриа амнаас ам дамжсаар ихэнх хүмүүс ургац хураалтаа идэвхжүүлжээ. Бүр есдүгээр сарын дунд үеэс ургацаа хураана гэж байсан ногоочид төмс, хүнсний ногоогоо түүврийн аргаар хугацаанаас нь өмнө хураажээ. Угаасаа хүнсний ногоо наймдугаар сард үнэд орно гэдэг тэр бүр олдоод байх боломж биш учраас ийн идэвхийлсэн байна. Уг нь ногоочид жил бүрийн эрт ургацын төмсөө 500-800 төгрөгөөр зардаг байсан бол өнөө жил 1500 төгрөг хүргэжээ. Худалдан авалт ч сайн байсан болохоор Шаамарын ихэнх ногоочид нийслэлийг зорьсон гэнэ. Тиймээс өдгөө намрын ургац хураалт бага хувьтай байгаа ажээ.
Өнгөрсөн долоо хоногт Шаамар суманд очих үеэр тэндхийн ногоочид бас л эзгүй шахуу байсан. Учир нь жил бүрийн есдүгээр сард болдог “Шаамарын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцохоор явжээ. Уг нь есдүгээр сарын эхээр буюу 10 гэхэд эхэлчихсэн байдаг намрын ногоон өдрүүд энэ жил орой болж байгаа нь цаг агаартай холбоотой гэсэн. Долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр бороо орж эхэлсэн болохоор хүнсний ногооны болц оройтжээ. Ногоочид ургацаа оройхон авсан болохоор “Шаамарын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаагаа есдүгээр сарын 28-наас “Мишээл экспо”-д эхлүүлсэн байна. Уг үзэсгэлэн худалдаанд оролцогчид бүгдээрээ өрхийн үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүс. Том хэмжээний аж ахуйн нэгж нэг ч байхгүй. Тэднээс ногоо худалдаж авснаар аль нэг компанийг биш, жирийн ногоочдод орлого оруулна гэсэн үг. Шаамарчууд жил бүрийн намар болгон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн худалдаанд тун дуртай оролцдог гэнэ. Бүр долоохон хоногийн дотор бүтэн жилийнхээ ашиг, орлогыг хийдэг сүйхээтэй ногоочид ч бий. Өөрсдийнхөө тарьсан ногоог өөрөө борлуулдаг болохоор нийслэлчүүд ч таатай ханддаг ажээ. Энэ жилийн тухайд тус үзэсгэлэн худалдаанд 30 гаруй өрхийн 40 орчим ногоочин оролцож байгаа юм билээ. Нэг өрх доод тал нь гурван тонн хүнсний ногоо борлуулахаар төлөвлөн Улаанбаатарыг зорьдог гэсэн. Нутгаасаа гарахдаа “Портер”, “Бонго” тэргүүтэй ачааны машин хөлслөн явах бөгөөд энэ жил нийт 100 гаруй тонн хүнсний ногоотой нийслэлд иржээ. Тэдэнтэй хамт зөгийн аж ахуй эрхэлдэг 12 өрх айл ирсэн. Нэг өрх дунджаар 50 кг зөгийн бал борлуулахыг зорьжээ. Үзэсгэлэн худалдаанаас бусад үед нийслэлийн дөрвөн дүүргийн таван цэгт Шаамарын 27 ногоочин борлуулалт хийдэг юм байна. Хуучин “Барс” захын арын талбайд ногоогоо бөөндөж өгчихөөд буцдаг байсан бол сүүлийн гурав, дөрвөн жил өөрсдөө лангуу түрээслээд ч болтугай жижиглэнгээр зарах сонирхолтой болжээ. Ченжүүдэд бөөндөж зарахаар ашиггүй биш ч гэлээ лангууны ард зогсохоос бага мөнгө олдог гэсэн. Тиймээс жил бүрийн намар зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа хэзээ болохыг чих тавин хүлээдэг болсон байна.
Шаамарын ногоочид өнгөрсөн жилээс эхлэн тарьж буй хүнсний ногооныхоо нэр төрлийг олшруулах үүднээс хар манжин, артишок, гишүүнэ тарьж эхэлжээ. Хар манжин шар, хүрэн хоёрыгоо бодвол илүү чихэрлэг амттай. Гаднах хальс нь тас хар өнгөтэй, доторх нь цагаан гэсэн. Шарж, хуурахаас илүүтэй шөлтэй хоолонд хийгээд идэхээр витаминлаг чанар нь илүү. Харин гишүүнийг ихэнх хүмүүс айраг гэх нэрээр нь мэднэ. Өндөрлөг газар, ууланд ургаж байгаа байгалийн зэрлэг гишүүнийг түүж авчирч үрийг нь салгаж авснаар шаамарчууд гишүүнэ тарих болжээ. Түүгээрээ чанамал, компот хийнэ. Гишүүнээр хийсэн чанамал бусад төрлийн жимснийхийг бодвол өтгөнөөс гадна хэт нялуун амтгүй гэсэн. Чихрийн шижинтэй хүмүүс гишүүнийг ямар ч чихэртэй холилгүй чанамал хийж идэхэд нэн тохиромжтой гэж байлаа. Бас усанд хийж буцалгаад уувал хорт хавдрын эд эсийг үхүүлдэг шидтэй юм байна. Үхүүлдэггүй юмаа гэхэд цааш үсэрхийлэхээс сэргийлдэг болохоор Шаамарын ногоочид тарьж эхэлсэн гэнэ. Энэ мэт Монголд урьд өмнө ургаж байгаагүй шинэ төрлийн ногоо тарих боломжийг ногоочид хэдийнэ эрэлхийлдэг болжээ. Тэгээд ч гаднаас янз бүрийн нарийн ногоо их орж ирж байгаа болохоор зах зээлээ алдахгүйн тулд байнга шинэ зүйл сэдэж, туршиж үзэж байгаа гэсэн. Мөн нарийн ногоо тарих арга барилаараа бусад газрын ногоочдыг бодвол арвин туршлагатай болохоор хүнсний ногооныхоо нэр төрлийг улам олшруулна гэж байв.
Өнөө жилийн ургацад цаг агаар гойд нөлөө үзүүлсэн гэсэн. Есдүгээр сарын сүүлээр орсон цас, мөндөр ургац хураалтыг удаашруулж байгаа ажээ. Төмс цасанд хайрагдаж байгаа болохоор нартай хэдэн өдрийг ашиглан ургац хураалтаа түргэсгэж байв. Төмснөөс гадна бусад төрлийн нарийн ногоо ч хяруунд хайрагджээ. Мөндөр, цасны дараа төмсөө хураах гэхээр талбай шавар ихтэй байсан учраас ялгах ажил давхар нэмэгдсэн гэсэн.
Энэ сумын тухайд өнөө жил таван мянган тонн хадлан бэлтгэнэ гэж төлөвлөжээ. Гэвч хэт халсны улмаас хадлан төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй ч 3500-4000 тонн хадлан бэлтгэж сумынхаа хэрэгцээг бүрэн хангах юм байна. Улаан буудайны тухайд энэ жил 1405 га талбайд тариалалт хийсэн ч ургацынхаа ихэнхийг алдаж байгаа юм билээ. Мөн 980 га-д рапс, 505 га-д малын тэжээл тарьсан ч урьдчилсан байдлаар ургацынхаа 50 гаруй хувийг алдсан гэнэ.
С.АЛТАНЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ