Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Тэнгисболд: Төрийн шагналыг гуйж авдаггүй эд л дээ

Төрийн шагналт зураач, уран барималч Ш.Тэнгисболдтой ярилцлаа. “1921 онд баронтой байлдаж явлаа гээд ярих уу” хэмээн Ш.Тэнгисболд гуай наргиа хийсээр бидний яриа өрнөлөө.


-Д.Бодоо Ардын намын анхны тамгыг сийлсэн гэдэг шиг та бас 1992 онд төрийн тамга сийлж явсан гэл үү?

-Үндсэн хууль батлаад, нөгөө шувууг (Цагаан шонхор) чинь дэмжээгүй, П.Очирбат гуай “Миний хүүгийн нэг юм төрд байх хэрэгтэй шүү” гээд “Чи тамга хийгээдэх” гэсэн. Тэгээд би тамгыг нь хийж өгсөн. Дардас нь шүү дээ.

-Таны зурсан “Цагаан шонхор” шувуу төрийн сүлдэнд өрсөлдөж байсан гэсэн. Эсэргүүцэлтэй тулгарсан юм уу?


-Тийм. Манайхан чинь моринд дуртай, шувуунд дургүй улсууд юм билээ. Уг нь шонхор шувуу чинь амьд амьтны хувьд хурдны туйл шүү дээ.

Эд чинь баруун зүүн, монгол болоод үзчихдэг. Сүүлд Н.Чүлтэм гуай бид нар “Соёмбыг гаргая” гэж яриад, түүнийг ч хүлээж авахгүй, ийм л юм зураад тавьчихсан шүү дээ. Би өнгөрсөн хойно нь үглээд ч яадаг юм. Тэр үед төрийн сүлдэнд 600-гаад төсөл ирсэн. Н.Чүлтэм гуай бид хоёр Бага хурал дээр ялаад, Их хурал руу морь, шувуу хоёроо “барилдуулаад” аль нь ч биш болсон шүү дээ.

-Та тамга тэмдэг их урлаж байсан юм билээ, түүх их судалж байв уу?

-Түүх, есөн шидийн юм судалж байлаа.

-Ерэн онд та Монголын Ардчилсан Холбооны анхны гадаад томилолтоор сахал Б.Билэгт, Д.Баасан лам нарын хүмүүстэй хамт явсан гэлүү?

-Би зөндөө л тийм юманд оролцдог байсан.

-1990-ээд онд та чөлөөт уран бүтээлч байжээ?

-Байсан байсан. Ц.Доржпалам гээд миний багш байдаг. Тэр хүн тэтгэвэрт гараад, би 1980 онд Ардын ансамблийн ерөнхий зураачаар очсон юм. Тэнд П.Адарсүрэн ах, Г.Түмэндэмбэрэл эгч эд нартай хамт ажиллаж байлаа. Би өөрөө театрын зураач хүн.

-Таныг ардчилагчдын нэг байсан юм болов уу гэж бодлоо?

-Үгүй ээ. Д.Баасан манай нэг өрөөнд амьдардаг байсан юм. Би бол нэг их хувьсгалч хүн биш шүү дээ. Хэдэн төгрөгийг нь өгвөл хийх юмаа хийж өгчихөөд явж байдаг тийм л хүн. Ерээд онд баахан компаниуд нээгдсэн, тэдний лого тэмдэг хийсэн. Тиймэрхүү л юм хийж ах нь амьдарсан шүү дээ.

-Таныг бас Есөн хөлт цагаан тугийг залах санаачилга гаргасан гэх юм билээ?

-И.Нямгаваа бид хоёр наадмын шоу гээд хийсэн юм. Эрээн туг байсан шүү дээ. Ерэн онд Х.Билэгжаргал, Б.Жамъяандагва гуай бид нар “Бөртө чоно” гэж балет хийсэн юм. Түүний тугийг наадмын талбайд аваачиж сахилгагүйтэхгүй юу. Тэгсэн чинь бөхчүүд сүйд болоод, тэрнээс хойш иймэрхүү юм яваад байдаг юм. Тэр үед 45 хоногт багтааж хийдэг. Бид бас зарим юмыг нь хийж амжаагүй. Одоо ч тэр чигээрээ л явж байдаг. Хөх шонхортой шувуу байх ёстой шүү дээ. Хэлтэй далбаа байх ёстой. Тэр нь одоо хүртэл хийгдээгүй байж л байдаг юм.

-АСЕМ-ын үеэр таны “Хаданд мөнхөрсөн урлаг” үзэсгэлэн гарсан. Бас таны зурсан хадны сүг зургийг 53 орны төрийн тэргүүнд бэлэглэсэн гэдэг шүү дээ?

-Тэр бол харин агуу юм болсон шүү. 60 зургаа нэг өдөр зарчихсан хүн байхгүй юу. Ц.Элбэгдорж надаас худалдаж авсан юм. 53 улсын тэргүүнд бэлэглэсэн. Тэр бас их гоё тохиолдол шүү.

-Та тэгээд 53 янзын хадны сүг зураг зурсан гэсэн үг үү?

– Хадны сүг зураг чинь 30-40 мянган жилийн өмнөх түүх шүү дээ. Түүнийгээ л сурталчилж байгаа ухаантай. 53 өөр зураг зуралгүй яах вэ. АСЕМ-ын том хурал болсон гэрт миний 60 зургийг өлгөчихсөн байсан юм. Хадны зургийн хар зургийг хөдөлгөхгүйгээр өнгө, сэтгэл нэмж, зохиомжийг нь өөрчилсөн юм. Ийм бүтээлүүд хийсэн дээ.

-Эдгээр зургийг зурахад хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Бүтэн жил гаруй хугацаанд хийсэн юм.

-Та хадны сүг зураг судалдаг гэсэн. Танд бол 50, 60 байтугай зургийн санаа байсан байх, тийм үү?

-Зөвхөн нэг ууланд л дөч, тавин мянган хадны зураг байдаг шүү дээ. Тэгэхээр 53 зураг юухэн байх вэ.

-Хадны сүг зураг танд ямар дохио, мессэж өгдөг вэ?

-Пикассо, Матисс гээд

улсууд хадны сүг зураг шахуу юм зураад л нэртэй болчихсон товарищууд шүү дээ. Манай хадан дээр чинь 30-40 мянган жилийн өмнөх бүтэн үзэсгэлэн байна шүү дээ. Хүн төрөлхтний балчир үеийг хадны зураг санагдуулдаг. Хадан дээр очоод харахад хөгшин ижийтэйгээ ч уулзаж байгаа юм шиг эртний үүх түүх бодогддог.

-Та их аялсан уу?

-Явсаан. Монголоороо бол бүх газраар явсан. Ардын ансамбльд байхад бол судалгаа их хийдэг байлаа.

-Гадаадын хадны сүг зураг судалж амжсан уу?

-Амжилгүй яадаг юм. Гэхдээ манайд бол хамаагүй их зурагтай.

-Та олон мундаг хүмүүстэй хамт ажиллаж байсан юм билээ. Содон учрал байв уу?

-Байлгүй яах вэ. Х.Уртнасан бид хоёр чинь 1984 онд Филатова ид мандаж байх үед “Шидэт ваар” гээд дуурь хийж явлаа. Н.Норовбанзад эгч бид хоёр бараг хуурай эгч дүү байхгүй юу. Б.Сарантуяагийн анхны “Инээмтгий хүн” цомгийн хавтасны зургийг зурж байлаа. Гурван “Зууны манлай” эмэгтэйтэй найз л байгаа биз дээ. Норов эгчийг бол бишрээд л сууж байдаг. Манай эхний эхнэр эд нар нэг анги байсан байхгүй юу.

-Эхний эхнэр гэснээс таны “Гэргий” гээд гоё зураг байсан даа.

-Тэр чинь “Их замын эхэн”-д тоглодог Д.Ариунаа байхгүй юу. Дээр үед “Сүнжидмаа”-д дуулж байсан шүү дээ.

-Яруу найрагчид эхнэртээ шүлэг зориулдаг бол зураачид хөргийг нь зурдаг юм байна даа?

-Тэр чинь зураачдын 40 жилд хоёрт орж байсан зураг шүү. 1982 онд зурж байсан.

-”Их хөлгөн туульс” бол соц үед хамгийн үнэд хүрсэн зураг гэдэг. Хэдээр үнэлж байв?

-Тухайн үед “Азарганы ноцолдоон” гэдэг ч юмуу Г.Одон багшийн “Ажлын дараа” гээд төрийн шагнал авсан зурагнууд 2500 төгрөгөөр үнэлэгдэж байсан. “Их хөлгөн туульс”-ыг 8000 төгрөгөөр авсан. 1988 онд зураачид бараг бослого гаргах шахаж байлаа.

-Та тэр мөнгөө яаж зарцуулж байв?

-Архи л уухгүй юу.

– Нээрэн үү?

-Тийм.

-Ерөнхийлөгчийн төрийн шагнал олгох зарлигт таны уран бүтээлүүдийг дурдсан байна лээ. Нэг сонирхолтой нь “Их хөлгөн туульс”, “Аргусан хуурчийн тууль”, “Цаст уулын цадиг” зурагт нэг л өвгөн яваад байх шиг санагдсан?

-Тал, хээр, говь гэсэн гурван сэдэв байхгүй юу. Нэг нь уулын өвгөн, нэг нь талын өвгөн. Нөгөө нь говийн өвгөн. Гурван цуврал зураг. Албаар тийм давтамж хийсэн юм. Талд ч, говьд ч адилхан өвгөчүүд байдаг шүү дээ.

-Өвгөн танд онгод өгсөн үү?

-Яах вэ. Хөгшчүүлтэй байсан болохоор сайн мэднэ л дээ.

-Таны багш нартайгаа хамт авахуулсан зургийн тайлбарыг харсан. “Л.Гаваа, Г.Одон, хүний хайлан өвгөн багш нарынхаа хамт, 1983 он” гэсэн байна лээ?

– Агуу улсууд байсан л даа. Хар багаас маань зураг заасан улсууд байхгүй юу. Тэд нар үхээгүй, дээрээс хараад сууж байгаа гэж боддог.

-Таны урласан Хотгойдын Шадар ван Чингүнжавын морьт хөшөөний дэргэдүүр явахдаа олон удаа харж байсан. Дотно сайхан санагддаг бас “Төр, үр хоёр минь мөнх оршиг” гэсэн үг нь их таалагддаг.

-Хөшөөнөөс өмнө 1982 онд зурсан Чингүнжавын том зураг Хувьсгалын музейд байгаа. Яг 33 жилийн дараа би хөшөөг нь хийсэн байхгүй юу. Тэр зураг чинь бас зураачдын 40 жилээр байр эзлээд сүйд болж байлаа.

-Таны “Чингис хаан” зураг бусад Чингисийн зурагнаас огт өөр хүчирхэг дүртэй юм билээ?

-Тэр ч ордонд дарга нарын өрөөнд л байгаа байлгүй.

-Та үндсэрхэг үзэлтэй уран бүтээлч явжээ?

-Тэгэлгүй яадаг юм.

-“Эсэргүү” байсан уу?

-Одоо яах вэ дээ. О.Дашбалбартайгаа нийлээд явдаг байсан болохоор үндсэрхэг юм байлгүй. (инээв) Б.Лхагвасүрэн бид нийлээд зөндөө л юм хийсэн шүү дээ. “Нарны домог”, Чингисийн тухай “Бөртө чоно” гээд балет байна.

-Санжийн Баяр сурвалжлагч байхдаа Б.Лхагвасүрэн гуай та хоёроос яриа авч байсан гэхээр сонин. Тэр үед юун тухай ярьж байв?

-Зураг хөргийн тухай, өөрийгөө бага зэрэг магтаад тиймэрхүү л юм ярина биз дээ.

-Та “Загас судлаачийн хэтэрхий мэргэн жараахай” гэж хочилдог байсан гэлүү. Одоо ч холбоотой байдаг уу?

– (инээв) Хэтэрхий мэргэн жараахай гэдэг байлаа даа, хөөрхий. Холбоотой байлгүй яах вэ. Найз нөхөд гэдэг салахгүй шүү дээ.

-Төрийн шагнал авахаар өөр мэдрэмж төрөх юм уу?

-Тэрийг ч гуйж авдаггүй эд л дээ. Шагнал авъя гэвэл надад өчнөөн л вариант байна шүү дээ. Манай нутгийнхан л дэмжсэн, Хөвсгөлийнхөн. Том дарга нар дэмжиж байна. Тэгээд болж байгаа юм байлгүй. Урьд нь нэг их шагнал тоодоггүй байсан. Авахад бол сайхан л санагддаг юм билээ.

-Хүмүүс их л баяр хүргэж байх шиг байна. Та урлан дээрээ сууж байгаа юу?

-Тэгсээн. Би урлан дээрээ л бараг амьдардаг шүү дээ. Гэр, урлан хоёр хамар хашааны зайтай.

-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Одоо тэгээд баахан захиалга байна даа.

-Та шавьтай юу?

-Мэр сэр юм бий. Албан ёсоор цалинг нь авч байгаад ном заагаагүй л дээ, би. Багшаа гээд явдаг хүмүүс зөндөө л байдаг гэв. “Хамаагүй цаасан малгай өмсгөчихөв” хэмээн анхааруулсаар Ш.Тэнгисболд зураач яриагаа өндөрлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *