Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Шинэбаяр: Гадаад зах зээл дээр улаанбуудайн хомсдол үүсч, үнэ өссөн нь манай гурилын үнэд нөлөөлж байна

Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, доктор Ш.Шинэбаяртай гурилын үнэ, хангамж тойрсон сэдвээр ярилцлаа.


-Статистик мэдээллээс харахад өнгөрсөн долдугаар сард нэг кг гурил 1195 төгрөг байсан бол энэ сард 1288 төгрөг болж кг тутамд 100 гаруй төгрөгөөр нэмэгджээ. Гурил бол стратегийн хүнс. Үнэ өсөх шалтгаан юу байсан бэ?

-Өнгөрсөн жилийн ургацын блансаар 70-80 мянган тонн улаанбуудай дутах тухай хавар ярьж байсан. Энэ бол 3-4 сарын гурилын хэрэгцээ юм. Тиймээс энэ жил дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангахад улаанбуудай яах аргагүй дутаж байгаа. Гэхдээ үүнийг дутна гэж тооцоод салбарын яамнаас квот өгөөд үүний дагуу гурилын үйлдвэрүүд улаанбуудайгаа оруулж ирсэн. Гэвч шаардлагатай хэмжээгээр улаанбуудай оруулж ирсэн эсэх нь асуудалтай. Учир нь цар тахалтай холбоотойгоор тээвэрлэлтийн асуудал удааширсан. Үүнээс болж авах ёстой цаг хугацаандаа улаанбуудайгаа оруулж ирж чадахгүй байдлаас үүдэж үнэ өсөх шалтгаан болсон байж болно. Хоёрдугаарт, өнгөрсөн жил бидний гол импортлогч ОХУ-ын хэд хэдэн томоохон газар тариалангийн бүс ургацаа алдсан. Тиймээс тус улсад улаанбуудайн үнэ нэлээн өссөн. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээл дээр хомсдол үүсч, үнэ өссөн нь манайд нөлөөлж байгаа. Ийм хоёр шалтгааныг хэлмээр байна. Түүнээс биш гурилын үйлдвэрүүд монополь байдлаа ашиглаж үнэ хөөрөгдөх боломжгүй. Гурил бол стратегийн хүнс. Тиймээс Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж, үнийн хэлбэлзэл тэр бүр хүчтэй явагдаад байдаггүй. Гурилын үнийн асуудлаар илүү нарийвчилж тодруулахыг хүсвэл бид үйлдвэрүүдээр дагуулаад тайлбар авахуулаад явж болж байна.

-Энэ намар хураан авах буудайгаар жилийнхээ хэрэгцээг бүрэн хангах боломжтойг хэлсэн. Та орон нутгаар явсан уу. Буудайн болц, чанар урьдчилсан байдлаар ямар байна вэ. Санаа зовоох асуудлууд байна уу?

-Бид наймдугаар сараас эхлээд газар тариалангийн гол бүс нутгуудаар явлаа. Монголын улаанбуудайн бараг 90 хувийг хангадаг 10 аймаг бий. Эдгээр аймгийн долоогоор нь яваад байна. Хамгийн томд тооцогдох Сэлэнгэ, Төв аймаг, Булган, Хөвсгөл зэргээр орсон. Баруун талаас Увс аймагт улаанбуудай ихээхэн тариалдаг. Энэ жил бороо хур элбэг байсан. Энэ нь улаанбуудайн ургалтад сайнаар нөлөөлсөн.

Харин чийг их байснаар болцыг 15-20 хоногоор хойшлуулдаг. Нэмээд хэнзэлж ургах зэрэг асуудал гардаг. Зарим орой тариалсан газрууд ногоон тэжээлд шилжүүлэхээс өөр аргагүй байна. Энэ сарын 3-нд ургацын комисс хуралдсан.

Түүн дээр нийт 10 гаруй мянган га-г ногоон тэжээлд шилжүүлэх талаар орон нутгийн асуудал хариуцсан дарга нар хэлж байна лээ. Тэгэхээр бага зэрэг хүндрэлүүд бий гэж харах хэрэгтэй.

Гэхдээ Хүнс хөдөө аж ахуйн яамнаас бид хангалттай хэмжээний ургац авна гэж мэдэгдсэн. Нийт 487 мянган тонн буудай хураан авах бүрэн боломжтой гэсэн. Төлөвлөсөн буудайгаа бүгдийг нь авчих юм бол гурилын дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Нэмээд дараа жил тариалах 60-70 мянган тонн үрээ нөөцлөөд, онцгой байдлын албанд 40-50 мянган тонн буудай хадгалуулж, спиртийн үйлдвэрийг 18-20 мянган тонн буудайгаар хангана.

Гэхдээ цаг болоогүй байна. Өнөөдөр дөнгөж эхний аж ахуйн нэгжүүд тариа хураалтад орж байна.Чийг ихтэй үед буудайн цавуулаг жаахан багасдаг. Урсчихдаг гэсэн үг. Харин гурилын үйлдвэрүүд 14 хувийн чийглэгтэй, цавуулаг өндөр байхыг шаарддаг. 24 болон түүнээс дээш хувийн чийглэгтэй буудайг 14 хувийн чийглэгтэй болтол хатааж, сэрвээж, цэвэрлэх шаардлагатай. Үүнээс үүдэж чанарт бага зэрэг өөрчлөлт гарч магадгүй гэж харж байна. Одоо бидэнд үнэхээр сайн ажиллах 20 хоног үлдлээ. Энэ сарын 25 гэхэд 70-80 хувиа авдрандаа хийгээд авчих хэрэгтэй.

-Ургац хураалтын үед тариаланчдад тулгарч байгаа голлох хүндрэлийг хэрхэн харж байна вэ. Тарих нэг хэрэг. Түүнийг хаягдалгүй хураан авч, чанартай буудайг үйлдвэрлэлд нийлүүлнэ гэдэг бас чухал байх. Энэ тухайд тодруулахгүй юу?

-Аж ахуйн нэгжүүдээр явж байхад техникийн засварын асуудал дээр их анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал, комбайн засварыг нэгдүгээрт тавих шаардлагатай. Комбайн засвар, тохиргоог муу хийснээс болж нийт ургацынхаа 10-20 хувийг хаядаг. Хоёрдугаарт, бороо ихтэй жил байна. Иймээс буудай чийгтэй бууна. Ингэхээр наранд халаад дотроосоо шатаж эхэлдэг. Нэмээд чанар нь мууддаг. Тиймээс үтрэмийн талбайгаа сайн бэлдэх хэрэгтэй. Талбайгаа цементлээд цэвэрлээд бэлдэх ёстой. Түүнчлэн, цэвэрлэгээ, ачигч машинууд маш их шаардлагатай болдог. Энэ машинуудын засвар, тохиргоог сайн хийх хэрэгтэй байна. Үүнээс гадна ажиллах хүчин тун чухал. Талбай дээр буучихсан улаанбуудайг хатаах, сэрвээх, цэвэрлэх ажиллах хүчин хэрэгтэй. Үүнд оюутан цэргийг дайчлах ажлыг төрөөс зохион байгуулж өгөх шаардлагатай. Одооноос хуваарилаад явуулж байх хэрэгтэй. Тухайлбал, мэргэжлийн чиглэлийн Хөдөө аж ахуйн их сургууль, Техникийн дээд сургууль байна. Мэргэжлийн чиг хандлагатай, номын дууг нь жаахан ч гэсэн сонсчихсон залуусыгаа орон нутаг руу яаралтай явуулж цэвэрлэгээний машиныг засварлах, үтрэмээ янзлах, сав суулгаа бэлтгэх зэрэгт ажиллуулмаар байна. Оройтох вий гэж санаа зовж байгаа. Боловсон хүчний дутагдлаас болж цэвэрлэгээ дутуу хийгддэг. Ийм буудай гурилын үйлдвэрт очихоор маш их хорогдол тооцогддог. Дээр нь нэмээд чийгтэй очсоноор чанарт нөлөөлнө. Гуравдугаарт, газар тариалангийн салбарт хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн асуудлыг ихээхэн анхаарах хэрэгтэй. Шинээр очиж байгаа хүүхдүүд унжсан, дээл зэрэг хувцастай ажиллаад хормой хотоо машинд оруулж гар хөлөө бэртээх үзэгдэл гардаг. Энэ мэтээр таны хэлсэнчлэн, тариалах нэг хэрэг. Хаягдал багатай хурааж, чанартай буудай бэлтгэн авах мөн чухал асуудал юм.

Түүнчлэн, Засгийн газраас хавар тариаланчдаа дэмжинэ гээд 150 тэрбум төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй зээлэх тогтоол гаргасан. Гэвч энэ шийдвэр одоог хүртэл хэрэгжихгүй байна. Үүнээс болж тариаланчид нэлээн хүндрэл учирч байгаа. Яагаад гэхээр манай тариаланчид хавар 150 тэрбум төгрөгөөр дэмжих юм байна гэж банкнаас сарын 1.5-1.8 хувийн хүүтэй зээл аваад ажлаа эхэлчихсэн. Одоо хүртэл хөнгөлөлттэй зээл нь олгогдохгүй байгаагаас болж аж ахуй нэгжүүд маань өрийн дарамтад өртөж эхэлсэн. Өмнө нь зээл авахдаа би төлж чадах болов уу, яах бол гэж тооцдог байсан. Харин хавар Засгийн газраас тэртээ тэргүй гурван хувийн хүүтэй зээл өгөх юм чинь арилжааны банкнаас зээл авч тариалалтаа явуулж байгаад дээрх зээл ороод ирэхээр хөрвүүлчихнэ гэж цээжний хонжоо хийсэн юм. Одоо энэ ургац хураалтын үед богино хугацаанд шийдвэр гаргаж дэмжлэгээ үзүүлээч ээ. Мөн Дарханы замаас болж тариаланчдын хувьд тээвэрлэлт ихээхэн хүндрэлтэй байна. Үүнд ч гэсэн анхаарах шаардлагатай.

-Бид дотоодоосоо улаанбуудайн хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй бол гаднаас нөхөж авахад хүндрэл үүсэх эрсдэл бий юү?

-Муугаар бодож ургац дутлаа гэхэд гадаад эрсдэл байгаа. Казахстан, ОХУ-ын (манай улаанбуудайн гол импортлогч улс) хүмүүстэй ярьсан. Ургац тааруухан байгаа гэсэн. Хоёрдугаарт, бидэнд гадагшаа экспортлох квот өгөөгүй байгаа гэж байна лээ. Энэ нь 10 дугаар сарын сүүлээр шийдэгдэх юм байна. Тийм болохоор үнэ хэлж чадахгүй байна, хоёрдугаарт ургацын бланс гараад агуулахдаа хийж аваагүй байгаа учир гадагшаа улаанбуудай экспортлох боломж хомс байгааг хэлсэн. Гуравдугаарт, ковидтой холбоотойгоор улс орнууд дотоодын улаанбуудайн нөөцөө бүрдүүлэхэд ихээхэн анхаарч байна. Цар тахал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байгаа учир улс орнууд эхлээд дотооддоо хангалттай нөөц бүрдүүлэхийг эрмэлзэх болсон. Энэ үүднээс эрсдэл байгаа. Төр засаг, иргэд, аж ахуй нэгж анхааралтай байж нөөцөө бүрдүүлж авах хэрэгтэй гэж хэлмээр байна. Гэхдээ би иргэдийн гурил аваад нөөцөл гэж хэлж байгаа юм биш шүү.

Түүнчлэн, энэ жил 237 мянган тонн төмс хурааж авна гэсэн бланс гарсан. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 60 гаруй мянган тоноор илүү. Бид төмсний дотоодын хэрэгцээний 90 хувийг хангах боломжтой. Үүнд үрээ хадгалаад, спиртийн үйлдвэр өгөхийг тооцсон. Хүнсний ногооны хувьд 113 мянган тонныг авна гэсэн бланс гарсан. Энэ нь өнгөрсөн жилээс 20 мянган тонн илүү юм. Тэгвэл төмс, хүнсний ногоог хураахад улаанбуудай хураахаас хэд дахин илүү ажиллах хүч шаарддаг. Мөн хөрсөн дээр хүйтрэхэд л хөлддөг. Улаанбуудай бол цас орсон ч хурааж авах боломжтой. Тиймээс богино хугацаанд маш их ажиллах хүчин, техникийн хүчин чадал шаарддаг учир улаанбуудай гэлтгүй төмс, хүнсний ногоон дээр ч анхаарах нь зүйтэй. Мөн энэ жил 109 мянган тонн ногоон тэжээл авна. Энэ нь өмнөх жилээс 10 дахин өндөр үзүүлэлт юм. Зун, намар бороо элбэг байсан бол өвөл хүйтэн болдог гэж ярьдаг. Харин ногоон тэжээл өвөл малд хамгийн хэрэгтэй шим тэжээлийг өгч чаддаг. Тэгэхээр их хэмжээний ногоон тэжээл авч байгаа учир борлуулалт дээр зөв зохион байгуулалт хийж ажиллах шаардлагатай.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *