Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ш.Сэлэнгэ: Хөнгөлөлтөөр олгодог байсан эмийг авахад иргэд 70, төрөөс 30 хувийг төлдөг болсон DNN.mn

ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Сэлэнгэтэй ярилцлаа.


-Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хувь өөрчлөгджээ. Чухам хэзээнээс өөрчлөгдөв. Хэзээнээс мөрдөгдөж эхлэв?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр үзүүлдэг тусламж үйлчилгээнүүдийн нэг нь үнийн хөнгөлөлттэй олгодог зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт. 2020 онд Эрүүл мэндийн багц хуулиудыг шинээр баталсан. Энэхүү хуулийн шинэчлэлийн хүрээнд манайх гүйцэтгэлийн санхүүд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор эмийн жагсаалтдаа зарчмын шинэчлэл хийсэн.

-Өвчлөл дээр суурилна гэдэг нь хүн амын дунд хамгийн түгээмэл өвчлөлийг түүсэн гэсэн үг үү?

-Манай улсад хамгийн их нас баралтын тэргүүлэх шаалтгаан юу байна, архаг өвчин хэр их байна, тэргүүлэх таван өвчлөл гэж ярьдаг. Өндөр настнуудын түгээмэл ямар өвчлөл байна, хүүхдүүдийн дунд ямар өвчин түгээмэл байна гэдэг судалгааг эхэлж гаргаад, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн датанаас аваад, манай улсын хэмжээнд түгээмэл 125 өвчлөл байгааг илрүүлсэн. Эдгээр өвчлөлийг ямар эмээр эдгээх вэ, эмчлэх вэ гэдэг эмийн жагсаалтыг бас гаргасан. 2020 онд баталсан Эрүүл мэндийн багц хуульд орсон өөрчлөлтөд олон улсын эмнэл зүйн удирдамжийг баримтална гэж заасан. Тэгэхээр энэхүү 125 өвчлөл дан болон давхардсан оношийг олон улсын эмнэл зүйн удирдамжаа дагаад эмчилнэ.

Жишээлбэл, артерийн даралт ихсэх өвчнийг олон улсын удирдамжаараа ямар эмээр эмчлэх үү, ямар тун хэмжээгээр уух ёстой юм, хүүхэд ууж болох уу, насанд хүрэгчид уух ёстой юу гэдэг бүх тун хэмжээ, хоногийн тун зэрэг нарийн зүйлсийг бүгдийг нь түүж тогтоогоод эдгээр эмүүд Монгол Улсын зөвшөөрөгдсөн эмийн жагсаалтад байгаа эсэхийг шалгаж, тус жагсаалтаа гаргаж ирсэн.

-Хуучин хөнгөлттэй эмийн жорыг анхан шатны эмч, эмнэлэг бичиж өгдөг байсан бол одоо өөрчлөгдсөн гэсэн. Яаж өөрчлөгдсөн юм бэ?

-Урьд нь хөнгөлттэй эмийн жагсаалтыг зөвхөн анхан шатны эмч нар бичдэг байсан. Гэтэл Эрүүл мэндийн багц хуулийн өөрчлөлтөөр бүх шатлалын эмч нар хөнгөлттэй эмийг бичих болсон. Лавлагаа шатлалын дүүргийн эмнэлгүүд бичиж болно. Аймгийн төрөлжсөн нарийн эмнэлгүүд бичиж болно. Клиникийн эмнэлгүүд бичиж болно. Амаржих газрын, түргэн тусламжийн гээд жор бичих эмч нар нь бичихээр болсон. Хуучин өрхийн эмч нар жор бичдэг байхад гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч нар буюу нарийн мэргэжлийн эмч нарын бичсэн жороор хөнгөлөлт олгохгүй учраас дүүргийнхээ эмч дээр очоод хувиргаад бичүүлэхээр хөнгөлөлт эдэлдэг байсан шүү дээ. Тэгэхээр иргэд дандаа өрхийн эмчээрээ жороо бичүүлээд сурчихсан. Хууль өөрчлөгдсөнөөр нарийн мэргэжлийн эмч нар өөрийнхөө жор тунгаар хөнгөлөлт бичдэг болсон.

-Тэгэхээр өрхийн эмчийн жор тусдаа, нарийн мэргэжлийн эмчийн жор тусдаа болж байгаа хэрэг үү?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт батлагддаг. Тэр жагсаалт дээр энэ эмийг анхан шатны эмч, эмнэлгийн байгууллага хэрэглэнэ. Үүнийг лавлагаа шатны эмнэлгүүд хэрэглэнэ гээд ялгачихсан. Тэгэхээр энэ жагсаалтын дагуу A, B, C, D ангиллын эмүүдээ жагсаан гаргасан. А жагсаалтын эмийг өрхийн эмнэлэг, В жагсаалтын эмийг хоёрдугаар шатлалын D жагсаалтын эмийг зөвхөн нарийн мэргэжлийн хавдрын эмч бичнэ гэдгийг нарийн тогтоож өгсөн. Энэ нь эмийн зохистой хэрэглээг хангах үйл ажиллагааг дэмжиж байгаа явдал юм.

-Манайх бол өвчлөл дээр суурилж хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтаа гаргасан юм байна. Тэрхүү жагсаалтад багтаагүй эмийг хөнгөлөхгүй гэсэн үг үү?

-Тэрхүү жагсаалтад нийлмэл найрлагатай эмийг оруулдаггүй. Нийлмэл найрлагатай эм гэдэг нь хоёр өөр эмийг тус тусад нь уух ёстой байтал эм үйлдвэрлэж байгаа компаниуд ашгийн байгууллага учраас маркетингийн хэлбэрээр хоёр эмийг нийлүүлээд нэг болгон гаргаж авсан. Тэгэхээр эмийнх нь өртөг нь өндөр гарч ирнэ ээ дээ. Хэрэглэгч талаасаа арай өндөр хэрэглээтэй, боломжийн хүмүүст зориулаад гаргасан. Гэтэл зайлшгүй шаардлагатай эмийг хэн хэрэглэх вэ гэхээр нийт масс хэрэглэнэ. Түүнд манай улсад зайлшгүй шаардлагатай эмийг оруулж байх ёстой. Энэ зарчмын үүднээс нийлмэл найрлагатай эмийг оруулдаггүй. Олон улсын удирдамжийн дагуу нөгөө эмийн жагсаалтаа гаргаж ирээд практикт хэрэгжүүлэх гэтэл бидэнд хүндрэл учирсан. Ямар хүндрэл гэхээр иргэд нийлмэл найрлагатай эмийг хяналтгүйгээр хэрэглээд сурчихсан. Үүнээс болоод эмийн зохистой хэрэглээ алдагдсан. Тэгэхээр хэрэглээд сурчихсан хүмүүс миний хэрэглээд сурчихсан эм хөнгөлөлтгүй болчихлоо гэдэг. Тиймээс иргэд хэрэглээд сурчихсан учраас буцааж оруулъя гээд оруулаад ирсэн. Нийлмэл найрлагатай эм нь ихэвчлэн манайд зүрх судасны өвчлөлийн үед уудаг, артерийн даралт ихсэх үед даралт буулгадаг эмүүд орчихоод байгаа юм. жишээлбэл, гальвус мед гээд сахарын эм уугаад байдаг нь гальвус метформин-денк гэдэг хоёр тусдаа эм. Тэр нь манай жагсаалтад хоёулаа байгаа. Хоёуланг нь нэг нэгээр нь аваад ууж болно. Гэтэл заавал нийлүүлсэн хэлбэрээр нь буюу гальвус мед эмийг нийлмэл найрлагатайгаар нь ууя гэж иргэд хүсч байна. Олон улсын удирдамжид түүнийг нийлмэл найрлагаар нь зөвлөөгүй. Тийм болохоор дан дангаар нь оруулчихсан. Нийлмэл найрлагаар ч оруулж өгсөн гэхдээ хөнгөлөлтийнх нь хувийг багасгаж өгсөн.

-Нийлмэл найрлагатай эмийн хөнгөлөлтийн хувийг багасгасан юм байна. Бусад төрлийн эмийн хөнгөлөлт яагаад багасах болов?

-Швецарын холбооны улс болон манай улс хооронд эмийн хүртээмжийг сайжруулах “Новартис” хөтөлбөр хэрэгжсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд зарим халдварт бус өвчний эсрэг эмүүд орж ирсэн. Тухайлбал, зүрх судасны эмнүүд түүн дотроо артерийн даралт бууруулах, чихрийн шижин, уушгины зарим нэг хавдрын үеийн өвчнийг эмчлэх ерөнхий нэршлээрээ 15, худалдааны нэршлээр задалвал 24 төрлийн эмийг манайх жагсаалтдаа оруулсан. Энэ эмүүдийг даатгалын сангаас 100 хувь хөнгөлнө. Яг энэ төрлийн эмүүдтэй ижил найрлагатай эмүүдийн хувь хэмжээг бид бууруулсан. Ингээд яваандаа нийлмэл найрлагатай эм хөнгөлттэй эмийн жагсаалтаас хасагдана. Одоохондоо иргэд хэрэглээд хэвшчихсэн учраас оруулчихсан байгаа. Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлтөөр олгодог байсан эмийг авахад иргэд 70, төрөөс 30 хувийг төлдөг болсон.

-Эрүүл мэндийн багц хууль 2020 онд батлагдсан гэхээр Ковидын үед батлагджээ. Ковидоос хойш иргэд хөгшин залуугүй цус шингэлэх эмийг хэрэглэх болсон. Энэхүү хөнгөлөлттэй эмийн жагсаалтад цус шингэлэх эм бий юу?

-Цус шингэлэх эм жинхэнэ D ангилал буюу төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн бичдэг эм. Цус шингэлнэ гэдэг нь заавал эмийн хяналттай явах процесс. Заавал гурван өдөр юм уу, таван өдрийн дараа үзүүлж, хянуулж шинжилгээ өгч байх ёстой. Цус шингэлэх эмийг хяналтгүй хэрэглэснээр цус алдах, ямар нэгэн хүндрэл үүсч магадгүй. Магадгүй тэр хүн гэнэт ямар нэгэн тусламж аваад яаралтай мэс заслын эмчилгээнд ороход цус тогтохгүй байх гэх мэт хүндрэл гарах эрсдэлтэй учраас заавал төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн хяналтаар уух ёстой.

-Хүмүүсийн утсанд “Та эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авсан учраас эүүл мэндийн даатгалаас тэдэн төгрөг хасагдлаа” гэх мэссэж ирж байна гэсэн. Гэтэл тухайн иргэн ямар ч эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй байхад яагаад ингэж аваад байгааг гайхаад байгаа юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Иргэд төлж буй шимтгэлийнхээ хувь хэмжээнээс үл хамааран даатгалаас үзүүлэх үйлчилгээг бүгд тэгш эрхтэй эдэлдэг. Тухайн хүн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ аваад та тэдэн төгрөгний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас аваад эмнэлэгт хэвтсэн, хагалгаа хийлгэсэн, сувилалд явсан, хөнгөлттэй эм авсан шүү гэдэг мэдээллийг цахим хэлбэрээр өгч байгаа. Даатгуулагч иргэдээ мэдээллээр хангах үүргээ бид биелүүлж байгаа хэрэг. Үүн дээр яагаад тусламж үйлчилгээ аваагүй байхад мэдээлэл ирээд байна гэхээр иргэдийн өвчний түүх дээр утасны дугаарыг нь тэмдэглэж авдаг. Тэр дугаарыг л бид ашигладаг. Гэтэл түүн дээр өөрийнхөө дугаарыг хүмүүс бичихгүй хамт яваа хүн, хамаатан садан, дүү, найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүсийн утасны дугаарыг биччихдэг. Магадгүй эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй байхад нь мэссэж ирж байгаа бол миний ойрын ямар хүн эмнэлэгт хэвтлээ, эмлэгт үзүүллээ, тусламж үйлчилгээ авлаа гэдгээ бодох хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *