Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Оюунбаатар: Хакухо аваргын рекордыг эвдэх хүн ойрын 10 жилд гарахгүй DNN.mn

Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргалын зодог тайлах ёслолын ажиллагаа өнгөрсөн бямба гаригт Японд болов. Үйл ажиллагааны талаар, сумо бөхийн тайлбарлагч, Zogii.mn сайтын эрхлэгч Ш.Оюунбаатартай ярилцлаа.


-Өнгөрсөн амралтын өдөр мэргэжлийн сумогийн их аварга М.Даваажаргалын зодог тайлах ёслол боллоо. Энэ ёслолын ажиллагаанд та оролцсон. Хүндэтгэлийн арга хэмжээ ямар болов. Танд ямар сэтгэгдэл үлдэв?

-Өргөн цар хүрээг хамарсан сайхан арга хэмжээ боллоо. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд цуглаж. Оролцож байгаа эрхмүүдийг харахад энэ цагийг эзэлсэн их аваргын зодог тайлах ёслол олон улсын анхаарлын төвд байгаа нь анзаарагдлаа. Монгол Улсаас 400 гаруй зочид зодог тайлах арга хэмжээнд оролцсон. Аваргын зодог тайлах үйл ажиллагааны үеэр Монгол Улсын төрийн дууллыг гавьяат жүжигчин Г.Ариунбаатар сумогийн ордонд эгшиглүүлсэн нь онцгой сэтгэгдэл төрүүллээ. Ордонд цугласан олон босож хүндэтгэл үзүүлж байгаа нь үнэхээр бахархмаар. Түүнчлэн аваргын охины хэлсэн үгс, сүүлийн барилдаанаа хүүтэйгээ хийгээд буусан мөч гэх мэтчилэн сэтгэл хөдөлгөсөн явдлуудаар дүүрэн үйл ажиллагаа болсон. Аваргын охин нь “Аавынхаа үсэнд хүрч болдоггүй байлаа. Одоо аав минь үсээ авахуулж байна. Толгойг нь илж эрхлүүлж болох нь” гэж хэлсэн нь ордонд цугласан олонд онцгой сэтгэгдэл төрүүлсэн.

-Энэ үйл ажиллагаанд Монгол, Японы талаас өндөр ач холбогдол өгч байна. Ерөнхий сайдын нэрэмжит цомыг М.Даваажаргал аваргад үүрд хадгалуулахаар дурсгаж байна лээ.

-Японы талаас ч, Монголын талаас ч өндөр ач холбогдол өгч байна лээ. Мэргэжлийн сумогийн түүхэнд дээд амжилт тогтоосон гэдэг утгаараа ийн хүндэтгэх нь зүйн хэрэг болов уу. Энэ үйл ажиллагаа олон улсын анхаарлын төвд байснаас харвал Мөнхбатын Даваажаргал гэдэг хүн олон улсад тод од гэдэг нь харагдлаа. Аваргын үсэнд хүндтэй хүмүүс хүрсэн. Яг энэ ажиллагаанд нь 280 орчим хүн оролцож байна лээ. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Б.Бат-Эрдэнэ сайд оролцож Ерөнхий сайдын нэрэмжит цомыг М.Даваажаргал аваргад үүрд хадгалуулахаар батламжийн хамт гардуулсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболд, Сү.Батболд, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, Э.Бадар-Ууган нарын алдартай хүмүүс хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байна. Ерөнхий сайдын нэрэмжит цомыг анх М.Энхболд санаачилж гаргаж байсан юм билээ. Нутгийн дүүдээ зодог тайлах ёслолынх нь үеэр гардуулсан нь сайхан сэтгэгдэл төрүүллээ. Цаашид өөр цом санаачилж түрүү бөхчүүдэд гардуулаад явах байх. Миний тухайд өмнө нь хоёр ч удаагийн зодог тайлах ёслолын ажиллагаанд оролцож байсан. Сумогийн ордон хөл гишгэх зайгүй дүүрч байхыг би хараагүй. Энэ удаагийн үйл ажиллагаанд олон хүндтэй эрхмүүд цугласнаараа онцлог байлаа. Түүнтэй нэг цаг үед барилдаж явсан манайхны танил бөхчүүд бүгд оролцсон.

-Та олон жилийн турш М.Даваажаргал аваргын барилдааныг тайлбарлаж монголчуудад хүргэсэн. Их аваргын зодог тайлах ёслолд оролцож байхад онцгой сэтгэгдэл төрсөн байх. Аваргыг анх гарч ирж байхад нь л та тайлбарлаж байсан шүү дээ.

-Олон мянган жилийн түүхтэй энэ спортод үнэмлэхүй амжилт тогтоож, бүх рекордыг нь тогтоосон аваргаар бахархаж, омогшиж суулаа. 33 дахиа түрүүлж дээд амжилт тогтоосон өдөр нь аваргатай анх уулзаж өөрийн биеэр баяр хүргэж байлаа. 45 дахиа түрүүлээд зодог тайлж байна. Их бахархлаа. Аваргын барилдааныг олон жил тайлбарласан. Тайлбарлагч хүн бөхчүүдийн хэн нэгнийх нь талд орох нь зохимжгүй байдаг. Аваргын тухайд хэлэхэд бяр чадал, мэдрэмж төгс заяасан хүн. Барилдааны үеэр алдаа гаргана гэж бараг үгүй. Дээр нь тамирчны сахилга бат, ёс зүйн хувьд маш сайн. Тийм ч болохоор хатуу ёс жаягтай спортын оргилд гарсан гэж ойлгодог. Биеэ авч яваа байдал нь ч тамирчдад үлгэр жишээ болох тийм хүн гэж хувьдаа дүгнэдэг юм. Товчхондоо ингэж л тодорхойлно.

-Хүндтэй зочдын нэг нь Харүмафүжи М.Бямбадорж аварга байлаа. Ёслолын ажиллагааны үеэр аваргын чихэнд үг хэлээд нулимс унагаж байгаа харагдсан. Аваргууд юуны талаар ярьж дохё дээр нулимс унагав?

-Яг хажууд нь байгаагүй болохоор юу хэлсэн талаар нь хэн ч мэдэхгүй л дээ. Сүүлд Японы хэвлэлээс харахад Харүмафүжи “Нэгэн үед хамт барилдаж явснаараа бахархаж байна” гэж хэлсэн байна лээ. М.Даваажаргал, Д.Бямбадорж аваргуудын тухайд мэргэжлийн сумогийн дэвжээнд нэгэн цагт бие биенээ хурцалж явсан улс. Сайн өрсөлдөгч байсан тулдаа М.Даваажаргал аварга ийм хэмжээний амжилт үзүүлсэн болов уу. Сайн өрсөлдөгч байж өөрийгөө хурцалж илүү хол явсан биз ээ.

-М.Даваажаргал аварга сүүлийн барилдаанаа хүүтэйгээ хийгээд дохёноос бууж байна лээ. Энэ үйлдлийг та яаж харав?

-Ёслолын үеэр дохёд гурван хүүхэд гарч аваргатай барилдсан. Эхнийх нь дархан аварга Г.Өсөхбаярын хүү. Энэ хүү сумогийн ахлах сургуульд сурдаг. Хоёр дахь хүүхэд нь Хакухо аваргын төрсөн эгчийнх нь хүүхэд. Улсын начин Б.Батжаргалын том хүү нь л дээ. Ингээд хамгийн сүүлд ууган хүүтэйгээ барилдсан. Энэ үйлдлээс нь хүүгээ бөх болгох сонирхолтой байгаа юм болов уу гэж харсан. Хүүдээ мартагдахааргүй дурсамж үлдээсэн үйлдэл болсон байх.

-Аварга дэвжээнээс буухдаа юу хэлж байв?

-“Миний бөхийн амьдрал төгсгөл боллоо. Дараагийн амьдралдаа хөл тавьж байна. Энэ нь багш болж шавь бэлтгэх байх болно” гэж хэлж байна лээ. Аварга цаашид Мияагино дэвжээг удирдаж авч явна. Энэ дэвжээнээс олон залуус барилдаж байна. Сая нэг хүү макүүчита зиндааны 15-аас орж ирээд шууд түрүүлж байна лээ. Энэ бол мэргэжлийн сумогийн түүхэнд шинэ рекорд тогтоосон л үзүүлэлт болсон. Мияагино дэвжээнээс олон залуус сайн барилдах байх аа.

-М.Даваажаргал аварга 45 түрүүлж дээд амжилт тогтоогоод зодог тайллаа. Энэ амжилтад ойрын онд дөхөж очих бөх байна уу. Та яаж харж байна вэ?

-Ойрын хугацаанд ямар ч боломжгүй л дээ. Дараагийн хүн нь л 33 түрүүлсэн байгаа юм. Жилд зургаан тэмцээн болдог. Ингээд тооцоход 45 түрүүг гүйцэх хүн ойрын 10 жилд гарахгүй болов уу. Өрсөлдөөн ямар ширүүн болж байгаа билээ. Энэ дархалсан амжилтад ойртож очих хүн бараг л байхгүй болов уу даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *