Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн хүндэт профессор, доктор Ш.Лувсандоржтой ярилцлаа.
-Багш болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-1951 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсөөд их сургуульд орохоор ирлээ. Тэр үед Монгол Улсын их сургууль хүн эмнэлэг, мал эмнэлэг, багш нарын гэсэн гурван факультеттай байлаа. Бүх л хүүхдүүд багш нарын факультетийг сонирхдог үе байлаа. Тэр үед Багш нарын факультетийн хуваарь дуусчихсан. Элсэлтийн комисс нь хүн, мал эмнэлгийн ангид орвол ор. Үгүй бол их сургуулийн бэлтгэл ангид ор гэдэг юм. Тэгээд бэлтгэлд орсон. Бэлтгэлд сурсан хүүхдүүд дуртай мэргэжлээ сонгодог байсан юм.
-Түүхийн багш тухайн үед ховор байсан байх. Түүхийн багш нарын яг юу нь таалагдсан юм бэ?
-Багш нарын ур чадвар гэж хэлнэ дээ. Их Монгол Улс, XIII зууны түүхийг зааж байгааг сонсоод сонирхолтой санагдаж, судлаад үзвэл их олон сонин юм мэдэх нь байна шүү гээд л түүхийн ангид орчихсон.
-Багшийн ажил сайхан ч түүхийн багш ул суурьтай судалгаа шинжилгээ, нөр их хөдөлмөрийг шаарддаг байх, тийм үү?
-Би Дундговь аймагт л багш болсон хүн. Дээр үеийн багшийн дүр надад буугаад байдаг юм. Хийхгүй, оролцохгүй юм гэж алга байж дээ. Соёлын довтолгооны багшаар хүртэл явж байлаа.
– Та хаана, хаана багшилж байв?
-Би Дундговь аймагт долоон жил багшилчихаад Улаанбаатарт шилжиж ирсэн. Тухайн үед гэр бүлийн хүн маань Эдийн засгийн дээд сургуульд оюутнаар тэнцчихсэн учраас өргө-дөл өгч хотод шилжих зөвшөөрөл авсан. 1963 онд хөдөөнөөс шилжиж ирээд Улаанбаатар хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн оройн их сургуулийн багш болсон юм. Тэгэхэд дандаа гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн, яам, газрын мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч нар тэнд сурдаг байлаа. Бүр нийгмийн ухааны багш нарыг Төв хорооны мэдлийн боловсон хүчин гэж авчихаад ийм үзэл суртлын үүднээс ингэж заа гэдэг байсан. Дараа нь би Намын дээд сургууль, Монгол Улсын их сургуульд багшлахад ч ялгаагүй марксизмын онолын үүднээс үзэл суртлыг эрхэмлэдэг байсан.
-Түүхчид дүгнэлт хийх хэрэгтэй юу?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ тухайн үйл явдлыг болсон цаг хугацаа, нөхцөл байдалд нь тайлбарла гэсэн зарчим бий. Ер нь миний дүгнэлтээр Монголын төрийн зүтгэлтнүүд улс орныхоо эсрэг хийсэн нэг ч алхам түүхэнд байхгүй. Тайлбарлахдаа л түүхийг харлуулчихаад байна.
-Тэгэхээр түүхийг ямраар ч эргүүлэх бололцоо түүхчдэд байна гэж харахаар болж байх шиг?
-Бидний баримталдаг нэг зүйл бий. Түүхийг судалж болно, өөрчилж болохгүй. Түүх түүхээрээ л байх ёстой.
-Түүхийг гуйвуулдаг хүмүүс байна уу?
Түүхийн үнэн, баримтандаа байдаг. Түүхийн баримт бол хөдөлшгүй. Харамсалтай нь дүгнэлт хийхдээ л гуйвуулчихаад байх болсон. Ялангуяа социализмын үеийн нэг хэсэг. Бүх зүйлийг нь харлуулаад л байдаг. Тэгтэл тэндээс авах юм маш их байсан. Тэр үед байгуулагдсан олон үйлдвэрүүд Монголыг тэжээж байсан юм шүү дээ. Савхи, хүнс, сүү, гурил, мах зэрэг үйлдвэрүүд бүгд тухайн үед байгуулагдаж байсан. Ерөөсөө юм хийгээгүй юм шиг үзээд байна. Өнгөрсөн түүхийг харлуулж, гуйвуулж болохгүй л дээ. Өмнөх үеэ тойлсон хүний хойч үеийнхэнд юм үлддэг гэсэн сургаал байдаг. Социализмыг харааж зүхэхээр сэтгэл гонсойж эмзэглэж явдаг. Тухайн үеийн нэгдсэн төлөвлөгөө жоохон алдаатай байсан л даа.
-Түүхийн талаар олон ном зохиол гарч байна. Хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлах ч зүйл анзаарагдах юм.
-Эрдэмтэд түүх бол хувцас өлгөхийн тулд хананд хадсан хадаас гэж хэлсэн байдаг. Хэн дуртай нь тэнд хувцасаа өлгөж байдаг. Тэр хадаас шиг хэн дуртай хүн нь түүхийг дураар ярьж байна гэж байгаа юм. Одоо үед бараг хүн бүр л түүхийн ном бичиж байна. Түүх гэдэг тэгж байх ёсгүй эд л дээ. Тэр баримттай зүйл шүү дээ. Монголын түүхээ хүн бүр мэдэж байх ёстой. Оюутан байхдаа л би “Монголын нууц товчоо”-той танилцсан. “Нууц товчоо”-гоо уншаад Чингисийг өмөөрөх сэтгэл төрж байсан. Чингис бол дэлхийн хүн. Багшлахдаа би өмөөрч өмгөөлж байсан минь ил байгаагүй л дээ. Чингис хааны тухай эерэг, сөрөг талыг хоёуланг нь эрхбиш гадарладаг байх хэрэгтэй шүү гэдэг. Түүхийг аль болохоор энэнээс юу сурмаар байна, ямар сургаал авмаар байна, ямар сургамж авмаар байна гэдгээ бодох хэрэгтэй. Нэгдсэн үндэсний байгууллага шийдвэр гаргаад Евроазийн 40 гаруй улсад Чингис хааны 800 жилийг тэмдэглэж байсан юм. Ингээд бодоод үз л дээ. Чингис хаанаас танай нутаг хаанаас хаа хүртэл вэ гэж асууж. Тэгэхэд манай нутаг нар мандахаас, шингэх хүртэл гэж хэлсэн байгаа юм. Монголоос Самаркан хотод хүрэхийг л жирэмсэн эмийн шээсний газар гэж хэлж байсан шүү дээ. Тэр үеийн монгол морины хөл гэдэг айхтар. Дайн байлдаанд танк л гэсэн үг.
-Монголчуудын түүхийн дархлаа сул байна уу?
-Түүхийн дархлаа гэдгийг Гегель бий болгосон. Үнэн бол тухайн орны түүхэнд л байдаг гэж хэлсэн. Бид түүхээ үнэнд ойртуулж чадах юм бол дархлаа бий болно. 1990-ээд оноос хойш Монголд энэ дархлаа бий болж байгаа гэж бодож байгаа. Өмнө их ч гуйвуулсан. Тэр хэрээрээ дархлаагүй шахуу байлаа. Ялангуяа түүхэн хүнээс ч их цэрвэдэг байлаа.
-Багш хүн ямар байх ёстой вэ?
– Хүн төрөлхтөнд бүхнээс илүү хөдөлмөрлөх ёстой хүн бол багшийн мэргэжил байдаг гэж Маркс хэлсэн байдаг. Багш хүн ямар ч нөхцөлд шантаршгүй, цуцашгүй хөдөлмөрлөж байх хэрэгтэй. Д.Пүрэвдоржийн хэлсэн дөрвөн мөрт бий.
Хүүхдээс сүү үнэртэнэ
Хүүхнээс сүрчиг үнэртэнэ
Хүнээс хүн үнэртэнэ
Хүнээс чоно үнэртэнэ.
Чоно үнэртдэг хүн хүртэл байна шүү дээ. Санаа бодол нь чоноос дутахгүй муу хүн байна. Багш хүн бол “хүн” байх хэрэгтэй. Хүний үрийг гомдоох, доромжлох ёс байхгүй. 2006 онд нэг өдөр намайг тэнхимдээ орж ирэхэд миний ширээн дээр ахимаг насны хүн суугаад нот хуулан бичиж дуусгаад Н.Галиймаад хандан үүнийг Лувсандорж багшдаа өгөөрэй гэдэг юм байна. Тэгтэл өнөөх маань Лувсандорж багш цаана чинь сууж байна шүү дээ гэсэн. Нөгөөх чинь миний сонинд өгсөн ярилцлагыг уншаад сэтгэл нь хөдлөн надад зориулж “Багшдаа өргөх дуу” гэдэг шүлэг бичээд өөрөө ая оруулснаа авчирч сийрүүлэн “Танд өргөж байна” гэсэн юм. Энэ ердөө мартагддаггүй юм даа.
-Таны шавь нар ч тоогоо алдсан байх даа?
– Тоолж үзээгүй, олон шавь бий. Миний шавь нараас олон эрдэмтэн төрсөн дөө. Доктор профессор Мягмаржав, Д.Өлзийдолгор нар байна. Тэр дотроос ардын уран зохиолч, төрийн шагналт, СГЗ Дөнгөтийн Цоодол байна. Хөдөлмөрийн баатар гурав төрсөн. Үүнээс Г.Занданшатарын аав хөдөлмөрийн баатар Гомбожав байна.
-Таныг Лу багш гэж цоллодог. Багшийн хөдөлмөрт зориулсан он жилүүддээ сэтгэл хангалуун байдаг уу?
-Арван жилийн дунд сургуульд байхдаа бас хөөрхөн атаманы нэгээр тооцогдож байсан. Хэд хэдэн хоч аваад амжчихсан шүү. Түүх заадаг байсан болохоор Чингисийн бор хүү гэж ч нэрлэдэг байсан. Сүүлд нас яваад ирэхээр Лу багш гэж дууддаг болсон доо. Сургуулийн хаалгаар ороход л “Лу багшаа сайн байна уу” гэх бүрийд л сайхан сэтгэгдэл төрдөг. Энэ зэрэгтэй яваа маань олон шавь нарын хүндлэл, багш болсны минь хүч гэж боддог.
-Та ямар ном бүтээл гаргаж байв?
-Би анх МАХН-ын түүхийн гурван дэвтэр номонд оролцож байлаа. Монголын түүх 1,2 дугаар дэвтэр сурах бичиг, ШУТИС-д хүрсэн 40 жил, ШУТИС-ийн түүхэн замналын 50 жил номууд гаргасан. Монголын нэгдсэн улс байгуулагдаж төр ёс төлөвшсөн, Чингис хааны өрлөг түшмэлүүд, фашизм-милитаризмийн эсрэг тэмцлийн жилүүд дэх нам төрийн бодлого, түүний хэрэгжилт зэрэг нэгэн сэдэвт бүтээлүүд, эрдэм шинжилгээний олон арван илтгэл өгүүллэгүүд туурвисан даа.
-Та аль нутгийн хүн бэ?
-Дорноговийн Мандах сумын хүн. Би сумынхаа түүхийг бичиж, 2017 онд сумынхандаа дурсгасан.
-Та одоо хэд хүрч байна вэ?
-Би одоо 89 настай. Монголчуудын ерөөлийн насанд дөхөж л явна даа. Гэхдээ хол байна аа. Одоо ханьтайгаа, ач хүүтэйгээ амьдарч байна. Бид хоёр 67 жил ханилж байна даа.
-Та өдий насандаа хичээл заагаад явж байна. Бэрхшээл байх юм уу?
-Би улсад 63 жил багшилсан. Одоо ШУТИС-ийн харьяа Бизнесийн ухааны хүмүүнлэгийн сургуульд хүмүүнлэгийн зөвлөхөөр ажиллаж байна. Хажуугаар нь хоёр цагийн хичээл зааж байна. Ер нь нас дагадаг юм байна аа. Хэдэн цагаар хичээл заах хүндхэн болж байх шиг байна.