Налайх хотын захирагчийн сонгуульд нэр дэвшигч Ш.Хаантай ярилцлаа.
-Налайх дүүрэгт Налайх хот байгуулахыг дүүргийн иргэд дэмжсэн. Тэр утгаараа захирагчийн сонгууль ням гаригт боллоо. Сонгуулийг та хэр шударга болсон гэж үзэж байгаа вэ?
-Юуны өмнө миний төлөө саналаа өгсөн налайхчууддаа баярласнаа илэрхийлье. Ер нь УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн гээд бүх шатны сонгуульд санал хураалтын ирц буурсаар байгаа нь үнэн юм. Хэдийгээр би дийлэнх олонхийн санал авсан ч санал хураалт дахиж явагдахаар боллоо, хуулийн заалт нь ийм байлаа. Нийт санал хураалтад оролцогчдын 30.8 хувь нь надад саналаа өгсөн. Энэ нь удаах нэр дэвшигчээсээ мянга гурван зуу орчим санал илүү авсан хэрэг. Би баяртай байгаа.
-Хот байгуулалтын тухай хуулиараа нэр дэвшигч Ц.Минжинхүү, та хоёрын дунд дахин санал хураалт явуулахаар болсныг та хэрхэн харж байна вэ?
-Сонгуульд өрсөлдөх, дахин санал хураалтад оролцоно гэдэг мэдээж амаргүй. Бид Налайхын ирээдүйн хөгжлийн дүр зургийг мөрийн хөтөлбөртөө суулгаж өрсөлдөж байгаа хоёр. Налайхчуудын маань өгсөн санал надад итгэл, урам зориг өгсөн. Дахиж өрсөлдөөд гараад ирнэ. Налайх бол миний өсч өндийсөн, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа төрсөн нутаг минь. Налайхыг тав тухтай, амар амгалан, ажил орлоготой, амьдрал тэгширсэн хот болгох нь миний мөрөөдөл.
-Ер нь Налайх хотын захирагч болбол ямар зүйлсийг шийдвэрлэнэ гэж бодож байгаа вэ?
-Налайх бол уурхайгаа түшиглэж байгуулагдсан газар. Өнөөдөр ч, цаашид ч бидэнд байгаа боломж бол нүүрсний уурхайгаа ашиглаж эдийн засгийн сууриа бий болгох асуудал байгаа юм. Хөндөгдөөгүй 50-60 сая тоннын нөөц бүхий нүүрс Налайхын хөрсөн доор бий. Уурхайн инженер хүний хувьд сайн хөрөнгө оруулагч сонгож тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж, уурхайгаа ашиглаж эхлэх ёстой гэж үзэж байна. Жилдээ сая тонн олборлоод байхад Налайхчууд хангалттай ажил орлоготой, амьдралтай болно. Налайх бол нүүрсээ борлуулах бэлэн зах зээлд маш ойр, автозам, төмөр замын сүлжээнд холбогдсон, хамгийн гол нь айл бүрээс уурхайчид гараад ирэх хүний нөөц хангалттай бүрдсэн газар. Бид хотынхоо эдийн засгийн тулгуурыг олсон байхад бусад нийгмийн асуудлаа төвөггүй шийдэх боломжтой. Хүүхдүүддээ сайн сургуульд сургана, эмч нартаа сайхан эмнэлэг байгуулж өгнө, ахмадуудаа амралт сувиллыг нь байгуулаад өгчихнө. Цалин орлоготой газар шинэ хорооллууд аяндаа босч, банк санхүүгийн зах зээл аандаа бий болдог жамтай.
-Налайх хотын захирагч болсон ч эрх мэдэл байхгүй. Бүх эрх мэдэл нь дүүргийн Засаг даргад байдаг гэсэн яриа гарч байгаа. Хотын захирагч болсноор яг ямар боломж байгаа вэ?
-Хуулинд засаг дарга, хотын захирагчийн эрх мэдэл, хэм хэмжээг тусгаад өгсөн байгаа. Хуулийн хүрээнд л ажиллах учиртай. Налайхыг хот шиг хот болгохын төлөө хамт ажиллах бүх хүмүүстэй ойлголцож, хамтраад явах ёстой.
-Заавал энэ жил сонгууль явуулж байхаар 2016 оны сонгуультай хамт явуулах боломж байгаагүй юм болов уу. Дахин санал хураалт явуулна гээд бас л улсаас зардал гарах нь?
-Налайхын захирагчийн сонгууль бол НИТХ-ын шийдвэр, 1994 оны хуулиар явагдаж байгаа сонгууль. Багануур, Багахангай гээд дагуул хотуудын захирагчийг сонгох сонгууль Налайхын араас гарч ирнэ. Бодох, шийдэх, сургамж авах зүйлс байна.
Хэн ч хийхгүй, юуг ч оролдохгүй бол дахиж дэвших тухай яриа байдаггүйтэй адил дагуул хотын анхны захирагчийн сонгууль ингээд явагдаж байгаа зөв цаг үе юм. УИХ-ын сонгуультай дагуул хотын захирагчийн сонгуулийг хутгаж болохгүй.
Э.ЭНХБОЛД