Categories
мэдээ цаг-үе

Ш.Жавхлан: “Сайн аав” кинонд тоглож байхдаа аавыгаа их бодсон

“Нөгөө ах” нэрээр олонд танигдсан таксины жолооч Т.Даваасүрэн агсны бодит амьдралаас сэдэвлэсэн “Сайн аав” уран сайхны кино саяхан нээлтээ хийсэн билээ. Уг кинонд эхнэр Д.Амаржаргалынх нь дүрийг бүтээсэн “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлантай ярилцсан юм.


-“Сайн аав” кино нэлээд хүлээлт үүсгэсэн шүү?

-Хамгийн эхлээд энэ кинонд хамтран ажилласан уран бүтээлчдэдээ баяр хүргэе. Баярлалаа гэж хэлье. Ийм сайхан гэгээлэг кинонд оролцсондоо баяртай байгаа. Фэйсбүүк, онлайн орчинд нэг хэсэг шуугиан дэгдээсэн, таксины жолооч Т.Даваасүрэн агсны амьдралаас сэдэвлэсэн уран сайхны кино. Зуун хувь бодит амьдралаас сэдэвлэсэн. Ямар нэг нэмэлт, хачир байхгүй, хасалт ч байхгүй. Энэ киноны зохиолыг эхнэрээр нь яриулж бичсэн юм билээ. Би зохиолыг уншаад хамгийн түрүүлж тэр аавыг үнэхээр их шүтсэн. Энэ кино манай залуу гэр бүл, залууст маш их зүйлийг өгөх юм байна гэж бодогдсон л доо. Нөгөө талаараа тэр тэнгэрт хальсан сайхан хүнд өргөх буян юм болов уу гэж бодсон болохоор кинонд тоглохоор зөвшөөрсөн юм.

-Зохиолыг нь уншчихаад дараа нь зохиолын баатрууд болох эхнэр, хүүхдүүдтэй нь уулзахад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Одоо та тэр гэр бүлийнхэнтэй сайн найз болсон байх даа?

-(Инээв). Тийм ээ. Т.Даваасүрэн агсны гэргий Д.Амаржаргал киноны туршид байнга хажууд байсан болохоор хараад дуурайж, үлгэр авч байсан минь их давуу тал болсон. Мундаг, ухаантай, дайчин эмэгтэй байна лээ. Манай нийгэмд өрх толгойлсон эмэгтэйчүүд олон болоод байгаа. Тэдгээр эмэгтэйчүүдэд шантрах хэрэггүй, хүний амьдралд ороо бусгаа янз бүрийн л зүйл тохиолддог. Тэр бүгдийг туулаад гараад ирдэг. Мөнхийн сайн сайхан явна гэж юу байх вэ, тэр болгонд шантралгүй зүтгэ гэж өөрөөрөө хэлж өгсөн сайхан эмэгтэй санагдсан. Үр хүүхдүүд нь ч ээж, ааваараа бахархдаг нь мэдрэгдсэн.

-Кинонд ууган охин нь өөрийнхөө дүрд тоглосон байх аа?

-Том охин Д.Энхжин нь өөрийнхөө дүрд тоглосон. Т.Даваасүрэн ах “Би өөрөө жүжигчин болж чадаагүй юм чинь охиныхоо мөрөөдлийг биелүүлж жүжигчин болгоно. Охиноо жүжигчин болгохын төлөө үхэн үхтэлээ зүтгэнэ ээ” гэж ярьдаг байсан юм билээ. Энэ кинонд тоглосноор Д.Энхжингийн хувьд жүжигчин болох эхлэл нь тавигдаж СУИС-д орж магадгүй.

-Энэ киног үзсэн хэн ч аавынхаа тухай эрэгцүүлж “Миний аав чинь их сайхан аав шүү” гэж бодогдохоор юм билээ дээ?

-Тэгэлгүй яахав. Миний аав бурхны оронд очсон. Ээж маань байдаг юм. Хамгийн гол нь элэг бүтэн амьдарна гэдэг хамгийн том аз жаргал. Бидэнд өнөөдөр юу дутаад байна вэ. Гэр бүл, үр хүүхэд байна, бүх юм байна. Аз жаргал гэдэг бол бидний хажууд л байдаг юм байна гэдгийг энэ киноноос ойлгох болов уу. Эцэг хүн үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө яаж зүтгэдэг юм бэ, ямар ч их ажилтай байсан бүхнээс түрүүнд, нэг номерт гэр бүлээ тавьж чаддаг бол гэр бүлийн аз жаргал, ирээдүй бат оршино гэдгийг ойлгуулсан. Киноны зургийн явцад тавын таван хүүхэдтэй бөөнөөрөө бужигнаж нэг аяга хоолыг тавуулаа хуваагаад идэж байсныг нь харахад муу аав маань бодогдож, сэтгэлдээ аавыгаа үгүйлж байсан (хоолой нь зангирав). Эцэг хүн гэдэг үр хүүхдээ өлсгөхгүйн төлөө юуг л бол юуг хийдэг мундаг хүмүүс.

-Т.Даваасүрэн агсны дүрд жүжигч С.Баттулга тоглосон. Гадаад байдал нь нэлээд дөхсөн байсан?

-Гадаад байдал нь ерөнхийдөө төстэй. Үсний халцархай гээд л (инээв). Үр хүүхдүүдэд нь ч аавтай нь төстэй санагдсан юм билээ, анхнаасаа. Жүжигчний хувьд Тулгаа (С.Баттулга) ахтай эхнэр, нөхөр болж тоглож байгаагүй. Хамтарч ажиллахад түшигтай нөмөртэй, мэдрэмжтэй сайн жүжигчин. Мундаг жүжигчин бас сайн найруулагч хүн шүү дээ.

-Мэдээж тэнгэрт одсон аавынх нь дүрийг гаргахаар хүүхдүүд нь хэцүү, хань ижилд нь ч амар байгаагүй л байх?

-Тийм зүйл мэдрэгдсэн. Д.Энхжин маань өөрийнхөө дүрд тоглосон шүү дээ. Аав нь амьд сэрүүн байхад болж байсан процессыг бид киноны зураг авалтын үеэр гаргахад тэр охинд амьдралынх нь өмнөх үйл явдал давтагдаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд түүнээсээ болоод гуниглах, нүдэнд нь нулимс цийлгэнэх гээд сэтгэл зүйн хувьд цочролын гэмээр байдалтай байсан нь хэд хэдэн удаа анзаарагдсан. Д.Энхжинг яг тийм байдалтай байхыг харахад надад үнэхээр хэцүү байсан. Тэр хүүхдэд “За миний охин тайвшир” гэж хэлээгүй л дээ. Тэгж болохгүй байх гээд орхисон. Хүүхэд болохоор тэр түр зуурын гуниглалаа мартаад л буцаад зураг авалтдаа ороод явчихсан. Найруулагч ч яг тэр мөчид тэр зургийн хэсгийг орхиод өөр зүйл хийж сатааруулж байсан шүү. Тиймэрхүү процесс хэд хэдэн удаа болсон.

-Танай “Маск” продакшн хөдөөгүүр явах сурагтай?

-Зүүн болон говийн аймгуудаар тоглох гэж байна. Валентины баяраар МҮЭСТО-д тоглоно.

-Танд ойрд кинонд тоглох урилга ирэв үү?

-Нэг санал ирсэн. Зохиолтой нь танилцаад байж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *