Монголын кино институтийн дэд тэргүүн, “Алтан өргөө” олон улсын кино наадмын захирал Ш.Ихбаяртай ярилцлаа.
-“Алтан өргөө” кино наадмын олон улсын бүртгэл дууссан. Энэ хэсэгт хэчнээн бүтээл ирсэн бэ?
-Монголын кино институтийн зохиодог “Алтан өргөө” олон улсын кино наадмын олон улсын бүртгэл энэ сарын 1-нд дууссан. Бид хүүрнэлт, баримтат, хүүхэлдэйн, эксперименталь гэсэн үндсэн дөрвөн төрлөөр богино кино хүлээн авсан. Эдгээр төрлүүдэд нийт 70 орны 558 уран бүтээл бүртгүүлсэн нь урьд жилийнхээс 100 гаруй бүтээлээр их тоо юм. Энэ жилээс кино наадмын нэрийг өөрчилж “Алтан өргөө” буюу “Golden Ger” болгосон нь олон улсын уран бүтээлчдэд илүү тогтооход дөхөм болсонтой үүнийг холбож үзэж байна. Өмнөх долоон жилд бүртгүүлж байсан олон улсын уран бүтээлчид олон байснаас цөөнгүй нь уралдаант хэсэгт сонгогдох болно.
-Монгол уралдаант хэсгийн бүртгэлийн хугацааг энэ сарын 20 хүртэл сунгасан. Бүртгэлийн хугацааг яагаад сунгахаар болов?
-Монгол залуу уран бүтээлчид энэ жил кино хийхэд илүү бэрхшээлтэй тулгарч байгаа гэж үзэн бүртгэлийн хугацааг цөөн хоногоор сунгасан байгаа.
-Энэ жил Монгол уралдаант хэсэгт ямар ямар төрлийн кинонуудыг хүлээн авч байгаа вэ?
-Монгол уралдаант хэсэгт хүүрнэлт, баримтат, хүүхэлдэйн, эксперименталь гэсэн үндсэн дөрвөн төрлөөс гадна Milky Way гэдэг төрлийг нэмсэн. Монгол уралдаант хэсгийн хувьд хэчнээн кино бүртгүүлснийг бид зөвхөн уралдаант хэсгээ зарлахдаа мэдэгддэг уламжлалтай.
-Milky Way хэмээх төрлийн талаар… ?
-Milky Way кино наадам нь бие даан зохион байгуулагддаг байж байгаад энэ жилээс бидэнтэй нэгдэн манай кино наадмын нэг төрөл болж байгаа. Milky Way нь Ротаракт Найрамдал клубын санаачилсан хүүхдийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй кино бүтээх төрөл юм.
-Уралдаанд ирүүлсэн кинонуудыг үзэгчдэд хэрхэн үзүүлэх вэ?
-Манай кино наадам уралдаант хэсгийн болон бүрэн хэмжээний кинонуудаа онлайн платформ дээр байршуулан зургадугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд үзэгчдэд үнэгүй үзүүлэхээр зорьж байна.
-Ямар ямар кинонуудыг үзэгчдэд үзүүлэх вэ?
-Бүрэн хэмжээний киноны хөтөлбөрт Машбатын Бишрэлийн “Сахиусан тэнгэрийн оронд орхигдогсод” (АНУ, 2019) болон Такаши Нишихарагийн “Эмэгтэйчүүд”(Япон, 2019) гэсэн бүтээлүүдийг гаргахаар зарласан байгаа. Удахгүй бүрэн хэмжээний кино үзвэрийг нэмж зарлах болно.
-Энэ жил кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?
-Монголын кино институтийн тэргүүн Г.Жигжидсүрэн ахлан гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллах болно. Уралдаант хэсгийн бүртгэл дууссаны дараа бид шүүгчдийнхээ нэрсийг зарлах болно.Шүүгч нар маань уралдаант хэсэгт шалгарсан монгол бүтээлүүдийг үзэж хэлэлцэн шалгаруулна.
-“Алтан өргөө” кино наадам энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ямар онцлогтой болж байгаа вэ?
-Энэ жил анх удаа онлайн хэлбэрээр зохиох гэж байна. Онлайн үзвэрүүд маань уламжлалт театрт үзүүлснээс илүү олон хүнд хүрнэ гэж бодож байгаа.
-“Алтан өргөө” кино наадмын үеэр Канадын Монгол угсаат уран бүтээлч Алс Тэлэнгүдийн “Дөрвөн тэнгэр” киноны дэлхийн нээлтийг хийх гэж байгаа гэж дуулсан. Уран бүтээлчийн талаар?
-Алс Тэлэнгүдийн гэр бүл Өвөр Монголын Шилийн голоос Канад руу цагаачилсан юм. Тиймээс түүний Монгол угсаатны түүх болон гүн ухааны талаарх сэдвийг хөндөх хүүхэлдэйн кинонууд дээр гарах эмэг эхийнх нь үгсийг монголчууд төвөггүй ойлгох болно. Алс Тэлэнгүд нь хэдий залуу ч өөрийн нөр их хөдөлмөрийн хүчээр бүтээлүүд нь Америкийн кино институтын кино наадмын шилдэг хүүхэлдэйн кино төрөлд нэр дэвшсэн, Торонто, Энн Арбор, Сандэнсийн зэрэг Хойд Америкийн хамгийн нэр хүндтэй кино наадмуудад албан ёсоор сонгогдож байсан юм.
У.ЧИНЗОРИГ