Categories
мэдээ нийгэм

Ш.Идэрбаясгалан: Хөвсгөлийг нэгэнт л аялал жуулчлалын бүс болгож байгаа бол казино байгуулах шаардлагатай гэж үздэг

Ш.Идэрбаясгалан Бид хамтын хүчээр л эрүүл бүс нутгаа хамгаална

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд үргэлжилж байна.

Чуулганы нээлтийн хэсэгт “Хөвсгөл нуур ба орон нутгийн хөгжил” сэдвээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан илтгэл танилцуулсан юм.

Тэрбээр илтгэлдээ “2021 оны эцсийн байдлаар Хөвсгөл аймагт нэг ээлждээ 7,000 гаруй хүн хүлээн авах чадалтай 94 жуулчны бааз, 132 гэр буудал, Мөрөн хотод нэг ээлждээ 390 хүн хүлээн авах найман зочид буудал, 15 амралтын газар ажиллаж байна. Өнгөрсөн онд Хөвсгөл аймагт дотоод 56 мянга гаруй жуулчин ирсэн.

Хөвсгөл нуур нь дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа бүрдүүлдэг. Мөн дэлхийн хамгийн гүн цэнгэг устай нэн эртний нууруудын нэг бөгөөд ойролцоогоор 2 сая гаруй жилийн настай гэж үздэг. Нуурт 65 гол горхи цутгаж, Эгийн гол эх аван урсдаг. Дөрвөн аралтай. Гадаргын усны цэврийн ангиллаар Цэвэр, Маш цэвэр хэмээх ангилалд багтдаг хосгүй үнэт нуур юм” хэмээн танилцуулав.

Хөвсгөл нуур орчмыг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхтэй холбоотойгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг тэрбээр мөн дурдсан. Тухайлбал, хяналтын цэгүүд, ариун цэврийн эко байгууламж байгуулах, нуур тойрсон сумдын иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнд нийтдээ 19 сая ам.доллароор хэрэгжүүлж эхэлжээ.

2016 онд Хөвсгөл аймагт 54 мянган жуулчин ирснээс 13 орчим мянга нь гадаадынх байсан байна. Тухайн оноос хойш нуурыг зорих жуулчдын тоо ихэссээр 2018 онд ирсэн 90 мянган жуулчны 15 мянга нь гадаадын аялагчид байсныг аймгийн Засаг дарга нь хэлэв.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан “Хөвсгөл нуурыг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд Мөрөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох, жижиг оврын онгоцоор нислэг үйлдэх, Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг онгоцоор үзэх сонирхолтой хүмүүс байдаг тул Хөвсгөл нуур болон түүний ойр орчимд нисэх буудлуудыг ашиглалтад оруулах, босоо тэнхлэгийн замд холбох зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Мөн нэгэнт л аялал жуулчлын бүс болгож байгаа бол казино байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Үүнийг хууль тогтоомжид суулгаж, аялал жуулчлалыг дэмжих гэж байгаа бол энэ мэт зүйлийг хийх зайлшгүй шаардлага бий гэж харж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *