Categories
мэдээ цаг-үе

Ш.Ичинхорлоо: Багш хүн сурагчаа, өөрийгөө, хөдөлмөрөө судлах ёстой

МУБИС-ийн, Боловсрол судлалын сургуулийн, Боловсролын судалгаа арга зүйн тэнхимийн доктор, профессор Ш.Ичинхорлоо багштай ярилцлаа.


-Танай тэнхим хэзээ байгуулагдсан, хэдэн жилийн түүхтэй билээ. Сүүлийн үед хэрхэн шинэчлэгдэж байна вэ?

-Манай тэнхим анх 1951 онд байгуулагдсан. Тэр үедээ сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим гэж байлаа. Сүүлийн 10 гаруй жилд сурган хүмүүжүүлэх зүй гэж хичээлийнхээ арга зүйг өөрчлөөд, энэ хичээл маань үндсэн гурван хэсэгтэй болсон. Тухайлбал, суралцахуй ба багшлахуй, сургалтын онол арга зүй, боловсролын үндэс гэж гурван хичээл болж задраад хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрөө бид сүүлийн үед боловсронгуй болгохын тулд Оросын сурган хүмүүжүүлэх зүй, монгол багш нарын сурган хүмүүжүүлэх зүйн үзэл санааг нээсэн ном зохиол, бүтээл манайд хэрэгтэй байж болох үзэл санааг авч, нутагшуулж сайжруулсан. Ном гарын авлагууд ч олноор нь гаргаж байгаа. Одоогоор багш нар тестийнхээ номон дээр ажиллаж байна. Мөн элсэлтийн шалгалтыг цахимаар авдаг болж байгаа. Зөвхөн 2018 он гараад энэ хичээлийнхээ хүрээнд 500 гаруй тестийн даалгаврыг шинээр боловсруулж байна. Үе үеийн эрдэмтэн судлаач нар, олон арван жил боловсролын сайд байсан Даваасүрэн гэж хүн манай эрхлэгч байлаа. Манай тэнхим 60 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд манай тэнхимээс олон эрдэмтэн судлаачид, сайн багш нар төрөн гарсан түүхтэй. Сүүлийн үед манай тэнхимийн бүрэлдэхүүн багш нар нэлээд шинэчлэгдэж, гадаад хэлтэй, гадаадад суралцсан багш нараар эгнээгээ тэлээд хөгжиж байна. Сүүлийн гурван жил нийт мэргэжлийн ангид боловсрол, сурган хүмүүжүүлэх зүй, боловсрол судлалын хичээл орохоос гадна, бие даасан боловсрол судлалын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа. Анхны элсэлтээ 2015 онд авсан. Монголд ховор, маш эрэлттэй чухал мэргэжил байгаа юм. Энэ чиглэлээр төгсөөд боловсролын салбарт удирдах ажил эрхэлж болно. Бүх шатны захиргааны болон судалгааны байгууллагад ажиллах боломжтой тусгай мэргэжлээр бэлтгэгдэж байгаа хүмүүс гэсэн үг. Энэ жил мөн элсэлт авна. Элсэлтийн тоо хязгаартай байгаа. Тодруулбал, энэ бол зүгээр нэг математикийн юмуу, физикийн багш биш, боловсрол судлаач гэдэг утгаараа, өргөн хүрээний хичээлийг судалдаг, өргөн хүрээний чадвар, дадалтай болдог зэрэг олон давуу тал онцлогтой мэргэжил байгаа юм.

-Сурган хүмүүжүүлэх зүйн тухай хичээлүүдийн гол онцлог юу вэ?

-Багш болж байгаа оюутан нэгдүгээрт, багш гэж хэн юм, хэрхэн яаж суралцах юм гэх мэт хүмүүжлийн нийгэмшлийн тухай үзнэ. Багш гэж хэн бэ гэх үзэл онолын тухай, багшийн арга зүй, ёс зүйн суурь мэдлэгийг олж авна.

Ямар зорилготой, ямар шинэ онолуудыг бид хэрэгжүүлэх вэ. Хичээлээ яаж заах вэ. Сурагчийнхаа мэдлэг оюуныг яаж, хэрхэн үнэлэх вэ гэх багш болох хүн зайлшгүй мэдэх ёстой хамгийн суурь мэдлэг чадварыг манай тэнхим эзэмшүүлдэг гэсэн үг.

-Танай сургалт орчин цагтай хэрхэн уялдаж байгаа вэ?

-Манай сургалтын хөтөлбөр маш их шинэ мэдээллээр баяжсан. Бид шинэ мэдлэг, шинэ хандлага төлөвшүүлэхэд чамгүй анхаарч ажиллаж байгаа.

-Тухайлбал?

-Мэдлэг, ур чадвар, хандлага харилцаа гэх мэт бүх төрлийн хичээл орно. Харилцааны ур чадварт их анхаарч байна. Хичээл сургалтыг зохион байгуулах, хүүхдийг сургах ур чадвар эзэмшүүлэхэд нь ихээхэн анхаарч байна. Манай оюутнууд хоёрдугаар курстээ дадлага хийнэ. Гуравдугаар курстээ багшлах дадлагад гараад, онолоор эзэмшсэн чадварыг өөрийн болгох гэж нэлээд оролддог. Хэдий онол суралцсан ч ур чадвар сайтай багш болохын тулд ажил дээр гараад эхний гурав, дөрвөн жил сурснаа бодит болгоход суралцдаг юм.

-Ер нь багш хүн ямар байх ёстой, хамгийн түрүүнд юуг сурсан байх хэрэгтэй вэ?

-Багш хүн ажилдаа эзэн болж, ажилдаа гаршиж дадлагажих ёстой, орчин үеийн багш нар байнга хөгжиж, мэдлэг чадвар, хандлагаа өөрчлөхгүй бол бүх зүйл маш хурдацтай хөгжиж байгаа. ХХI зууны багш бол судлаач багш болж байгаа. Багш нар сурагчаа судална, өөрийнхөө хичээлийг судална, өөрийгөө, хөдөлмөрөө ч судлах ёстой. Хичээлд нь гарч байгаа асуудлаа шийдвэрлэнэ. Багш нь байнга хөгжиж байвал сурагч нь багшийгаа дагаад л хөгждөг. Багш хүн баталгаатай хэдэн цаг хичээлээ заагаад явах биш, үргэлж өөрийгөө хөгжүүлж байхгүй бол мэдлэг нь амархан хуучрах цаг үе ирж байна.

-Сурагчид нь багшаасаа илүү мэдлэгтэй байх тохиолдол ч байх болжээ?

-Зарим дунд ангийн сурагчид багшийн мэдэхгүй зүйлийг мэдэж байна. Тиймээс багш хүүхдэдээ гологдож болохгүй. Хурдацтай хөгжих шаардлага байна. Багш орчин цагтаа нийцэж байх нь багшийн чухал чадвар шүү дээ.

-20, 30 жилийн өмнөх оюутнууд, одоогийн оюутнуудын хамгийн гол ялгаа юу байна вэ?

20,30 жил гэлтгүй. 10 жилийн өмнөх оюутнууд ч өөр байсан. Тухайн үеийн оюутнууд их зүйл уншдаг бие даасан, сурах эрмэлзэлтэй байсан. Одоогийн оюутнууд интернэтээр аялаад, ном сурах бичиг уншихаас илүү бэлэн зүйл хайдаг болсон байна. Гэхдээ яахав цаг үе бүр л өөр, өөрийн онцлогтой, сул болон давуу талтай учраас тухайн цагт нь тохируулаад л сайн багш бэлдэх хэрэгтэй юм.

-Та тухайлбал, танхимдаа ямар ямар хичээл зааж байна вэ?

-Бакалаврт багшлахуй, суралцахуй зэрэг хичээл орж байна. Магистрт бол боловсрол социологийн үндэс арга зүй гэх мэт. Саяхан “Багшийн ёс зүй” сурах бичгийн номоо гаргасан.

-Багш хүний ёс зүйн хэм хэмжээ мөн цаг үеэ дагаад өөрчлөгдөж байгаа юу?

-Ёс суртахууны гол ухагдахуун түүний шалгуур үзүүлэлт. Тэр нь ямар шалтгаантай байх вэ. Багшийн ёс зүйн дүрэм зэргийг нэлээд дэлгэрэнгүй хичээлүүдээрээ ордог. Энэ хичээлийг орсноос хойш оюутнууд “Би хэн билээ” гэх асуултыг нэлээд тунгаан боддог болоод байгаа. Мөн ёс зүйн хичээлийг сонгож үздэг оюутнуудын тоо анхны жилээс гурав дахин нэмэгдсэн.

-Багшийн ёс зүйн талаарх үлгэр жишээ ямар улс байдаг вэ. Энэ талаар хаанаас, ямар чиг баримжаа авч сургалтандаа тусгадаг вэ?

-Ёс суртахуун гэдэг бол нийтлэг үнэт зүйл, хэм хэмжээтэй, тухайн улсын соёл уламжлалыг ч тусгадаг. Гаднын ном зохиолуудыг үзэж байхад тухайн улсын хөгжлийн онцлог нь хүний ёс суртахуунтайгаа холбоотой байдаг. Монгол багш яавал ёс суртахуунтай байх вэ. Монголд гараад байгаа ёс суртахууны асуудал юу байна вэ зэрэгт тулгуурлан судалдаг хичээл. Тиймдээ ч багш болох оюутан миний төлөв байдал ямар байна вэ гэдгийг олон асуудлаар судлаад үзсэн чинь, өөрийнхөө ёс суртахууныг би мэдээгүй байсан юм байна гэж байгаа юм. Оюутнууд энэ надад их хэрэгтэй байлаа гэцгээж байна.

-Ёс суртахууныг хүүхдэд багаас нь суулгах нь чухал байх?

-Хэлд орох үеэс нь ёс суртахууны сайн гэж юу вэ, муу гэж юу вэ хэмээн сайн муугаа ялгахаас л, ээж аавыгаа хүндлэх хайрлахаас л ёс суртахуун эхэлнэ.

Мөн сүүлийн үед бид амжилт гэж юу вэ гэдэг шинэ сэдэв нэмэхэд оюутнууд ихэд сонирхож байгаа.

-Тухайлбал, амжилт гэдгийг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Амжилт гэдэг бол универсал ойлголт биш. Хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Түмэнд хэрэгтэй зүйл хийж, зорьсон зүйлээ хэрэгжүүлээд сэтгэл хангалуун байхыг л амжилт гээд байгаа юм. Гэхдээ амжилт гэсэн тогтсон ойлголт, тодорхойлолт байдаггүй. Тиймээс өөр өөрийнхөөрөө ойлгоно. Багш нэг тодорхойлолт цээжлүүлдэг байсан цаг үе ард хоцорсон. Оюутнуудад өөрсдийн хамтын ойлголтыг гаргах байдлаар хичээл явагдаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *