Categories
мэдээ нийгэм

Ш.Ариунжаргал: Цус өтгөрсөн үед мах, өтгөн кофе, давс, сахарын хэрэглээг хязгаарлаарай DNN.mn


“Наран М” клиникийн эмч, Монголын уламжлалт анагаах ухааны тэргүүлэх зэрэгтэй эмч Ш.Ариунжаргалтай ярилцлаа.


-Монголчуудын дунд даралт ихсэх, харвах, зүрхний шигдээс зэрэг өвчнүүд түгээмэл боллоо. Залуу улсуудын гэнэтийн үхлийн шалтгааны нэг нь цус өтгөрөлт болж байна?

-Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтийн асуудал боллоо. ДЭМБ-ын мэдээгээр 60 хүртэлх насны эрчүүдийн нас баралтын шалтгааны дөрөвний нэг нь харвалт шигдээс болж байна гэжээ. 1900 онд хүн амын дунд зүрх судасны өвчнөөр нас баралт нэг хувь эзэлдэг байсан бол 2020 оны байдлаар 40-50 хувьд хүрсэн бөгөөд энэ хувьд 2022 онд 60 хувьд хүрэх магадлалтай, энэ тоо цаашид өснө гэсэн тооцоолол гарсан байна лээ.

-Цус өтгөрсөн үед ямар арга хэмжээ авах вэ?

-Цус өтгөрөлттэй холбоотой эмгэгийг бууруулах үүднээс хоолондоо амьтны гаралтай ханасан өөхний хүчил ихтэй махан бүтээгдэхүүн, өтгөн кофе, давс, сахарыг хязгаарлан биеийн жиндээ тохируулж буцалсан ус, жүүс хэрэглэх нь тохиромжтой.

-Хүн өөрийнхөө цусыг өтгөн байгааг энгийнээр яаж мэдэх боломжтой вэ. Ямар шинж тэмдэг анхлан илэрч байвал “Миний цус өтгөрчээ” гэж үзэж болох вэ?

-Нойргүйднэ, амархан ядарна, хүйтэн хөлс гарна, зүрх дэлсэнэ, даралт ихсэнэ. Зарим хүний царай минчийж улайдаг бол зарим хүнийх цайж, арьс нь хүйтэн болох ийм хоёр шинж царайд илэрдэг. Мөн хүний суурь өвчнүүд сэдэрч толгой, нуруу, бөөр, үе мөч өвдөх нь бий. Цус өтгөн ч биш, хэт шингэн ч биш хэвийн байх ёстой. Цусаа шингэн байлгаарай гэсэн гээд янз бүрийн сүлжээний бүтээгдэхүүн эм тангуудыг замбараагүй хэрэглэж болдоггүй. Зүрх судасны өвчний үед зөвлөдөг цус шингэлэх холестрин бууруулах, даралт буулгах, хаван хөөх эмүүдийг удаан хэрэглэсэн тохиолдолд цусан дахь шээсний хүчил ихэсч тулайтах тохиолдлууд цөөнгүй тул дээрх эмүүдийг ууж байгаа тохиолдолд биохимийн шинжилгээ өгч хянаж байх нь зөв шүү.

-Таны үйлчлүүлэгчид дунд цусны даралт ихсэх өвчинтэй байсан хүмүүс эрүүл болсон тохиолдол их байдаг гэсэн. Тэдгээр хүмүүс даралтаа хэрхэн бууруулсан бэ, туршлагаас нь хуваалцвал?

-Насандаа баймгүй хөнгөн шингэн 94 настай үйлчлүүлэгч маань “Урьд намайг бага байхад цус харвах, зүрх хаагдах гээч өвчин байдаггүй, нутаг болгонд ханадаг хүн байлаа. Одоо залуус мах их иддэг, дээл өмсөхөө болиод гэдэс ихтэй болсноос өвчин тусдаг болж. Өлсөхгүй, цадахгүй явбал болно доо” гэж хэлж билээ.

Германд 83 настай эмээтэй таарч байлаа. Өдөрт цас бороо орж байсан ч хамаагүй нэг цаг дугуй унадаг, өглөө хөнгөн талх, боов өдөр халуун хоол иддэг, оройд нэг хундага улаан вино уудаг. Зүс царай, арьс, булчин, ухаан санаа саруул сайхан эмэгтэй. Ямар ч зүйлийг бичиж тэмдэглэхгүй цээжлэхийг эрмэлздэг гэж ярьсан. Тэгэхээр амьдралын зөв хэвшил, зөв явдал мөртэй байх нь хүний эрүүл мэндэд маш их эерэг нөлөөтэй.

-Цусны даралт ихсэх өвчнийг эдгээх ямар шинэ арга анагаах ухааны салбарт нэвтэрч байгаа вэ?

-Миний хувьд хануур засал гайхамшигтай үр дүнтэй гэж үздэг. Цулын өвчнийг хануураар зас гэсэн үг байдаг. Өвчтэй хүмүүсийн хувьд жилийн аль ч улиралд ямар ч өдөр шууд хануулж болдог. Эрүүл чийрэг байж цусны эргэлтээ сайжруулах зорилгоор хавар дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15, намар наймдугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15 бол хануур хийхэд зохимжтой үе.

Ханах засал нь биеийн хар судасны тодорхой бэлчирт хатгаж өвчний цус буюу муу цус, цусны уурыг гадагшлуулах эмчилгээ. 2500-аад жилийн түүхтэй бөгөөд анх Монголоос үүсч дорнын анагаах ухааны гол заслын нэг болсон. Судлаачдын тодорхойлсноор муу цус нь өөхний хэт исэлдлийн эцсийн бүтээгдэхүүн ихэссэнээр улаан эсийн ханын бүтэц алдагдаж наалдамхай чанар ихэсч эсүүд их хэмжээгээр гэмтэж, үүрэг гүйцэтгэх чадваргүй болсон эсүүд наалдаж судасны хана гэмтээхээс гадна цусан болон өөхөн бөглөрөл үүссэнтэй холбоотой харвалт шигдээс болох нэг хүчин зүйл болдог.

Нөгөө талаар муу цус нь цусны урсгалтай нягт холбоотой. Эрүүл цус судсан дотроо бууны бянт шиг хуйларч эрчилж урсдаг. Цусны зуурамтгай наалдамхай чанар ихэссэнтэй холбоотой цус чөлөөтэй урсаж чадахгүй зүрхний ачааллыг нэмэгдүүлж захын судасны агших чадвар буурч эд эсэд очих хүчилтөрөгч болон хэрэгцээт витамин эрдэс, уураг тэжээлийн дутагдал үүссэнээс өвчлөлийг бий болгодог.

-Ковидын дараах хүндрэл, цус өтгөрөлт, даралт ихсэх өвчний үед уламжлалтын эмчилгээг хүмүүс их сонгох болжээ?

-Бид уламжлалт анаагаах ухаантай цөөхөн үндэстний нэг. Халуун өвчнийг засах хануур, хүйтэн өвчнийг засах төөнүүр засал гэсэн хоёр том эмчилгээний арга Монголоос үүдэлтэй. Зүү, бариа, бумба, хануур, төөнүүр эмчилгээ нь эсийн түвшинд хүрч үйлчилдэг учраас эмчилгээгүй, эм уух заалттай олон өвчинд эерэг үр дүнтэй. Артерийн даралт ихсэх, хавагнах, саажилт, хавдар болон ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээг уламжлалтаар хийлгэж болно.

Сүүлийн үед системийн өвчин ихэсч залуужиж байгаа. Эрт үед нь илрүүлж эмчилгээ хийлгэвэл бүрэн эрүүлжих боломжтой. Аливаа асуудалд нухацтай хандаж эрүүл мэндээ тэргүүнд тавьж, өвчний шинж тэмдэг зовуурийг намжаах гэж хүчтэй эм тариа дур мэдэн хэрэглэхээс татгалзаарай. Даралт ихэсдэг, зүрх өвддөг пульс олширдог хүмүүс шаардлагатай эм дусаалга биедээ байнга авч яваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *