Categories
мэдээ нийгэм

Ш.Анхмаа: Нийслэлийн хэмжээнд 19 жишиг өрхийн эмнэлэг барина

Улаанбаатар хот, Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй “Тика” төслийн хүрээнд хийгдэж буй Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан танилцлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа: “Нийслэлийн хэмжээнд нийтдээ 19 жишиг өрхийн эмнэлэг буюу олон улсын стандартад нийцсэн өрхийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр холбогдох тогтоол шийдвэрүүд гарсан байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10, БНТУ-ын Истанбул хотын буцалтгүй тусламжаар есөн өрхийн эмнэлгийн барилга барина. Нийслэлийн хэмжээнд нийт 142 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн дийлэнх нь өөрийн гэсэн байргүй. Хороо, цагдаагийнхаа байртай хамт байдаг учраас иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд маш хүндрэлтэй байгаа. Энэ асуудлыг шийдэх үүднээс эхний ээлжид өрхийн эмнэлгийн 19 байрыг барихаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд стандартад нийцсэн барилгыг бариад зогсохгүй сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмжөөр хангах талаар “Тика”-тай ярилцаж, гэрээ хэлэлцээр хийсэн. Олон улсын стандартад нийцсэн барилгыг барьснаар иргэдэд үйлчлэх ээлтэй орчин бүрдэж, анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдэх юм” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *