НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.
-Нийслэл дэх сургууль, цэцэрлэгийн тоо хангалттай хэмжээнд хүрч чадсан болов уу?
-31 сургууль гурван ээлжээр хичээллэж байсныг хоёр ээлжид бүрэн шилжүүллээ. Нийслэл Улаанбаатар хотод 2016-2020 онд нийтдээ 135 цэцэрлэг, 67 сургууль, 16 бага сургуулийг барьжээ. Ингэснээр бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж чадлаа. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт ирэх хичээлийн жилд дэлхийн жишигт нийцсэн 85 хувьд хүрэх болно. Үүний төлөө цэцэрлэгийн барилга барих, өргөтгөхөөс гадна байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг зохион байгуулж хэд хэдэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн цэцэрлэг нээн ажиллуулж байгаа.
Мөн нийслэлийн хэмжээнд хамгийн их дулааны алдагдалтай есөн сургууль, цэцэрлэгийг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран дулаалсан. Энэ жил ч гэсэн дулаалгын төсөл үргэлжлэх бөгөөд нийт 20 гаруй сургууль, цэцэрлэгийг дулаалахаар төлөвлөж байгаа. Ингэснээр тухайн сургууль, цэцэрлэг дулаан алдахгүй, дээрээс нь барилгын насжилт уртасдаг давуу талтай. Засвар дулаалга хийсэн тухайн сургуулиудад хүүхдийн өвчлөл 63 хувь, багш нарынх 80 хувиар буурсан гэх тооцоо судалгаа гарсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмээд зогсохгүй хүүхдүүдийн сургалтын чанарыг зайлшгүй анхаарах ёстой. Мэдээж гурван ээлжийг хоёр ээлж болгосон нь хүүхдүүдийн сурлагын чанарт шууд нөлөөлөх нь дамжиггүй. Түүнчлэн чөлөөт цагаараа сургууль дээрээ давтлага, секц дугуйланд хамрагдах боломж нь нэмэгддэг. Эдгээр нь сурлагын чанар, хүүхэд хөгжлийн асуудалд асар их үүрэгтэй байдаг. Үүний сацуу бид хүүхдүүдийн сурлагын чанарыг сайжруулахын тулд сүүлийн гурван жилийн хугацаанд төгсөх ангийнхнаас “Амжилтын гараа” гэх шалгалтыг авдаг болсон. Энэ ажлын үр дүн гарч нийслэлийн хүүхдүүд ЭЕШ-ын дүнгээр улсын хэмжээнд 9 дүгээрт жагсаж байсан бол өнгөрсөн жилийн үзүүлэлтээр 4 дүгээр байранд эрэмбэлэгдсэн.
-“Сургуулийн автобус” үйлчилгээг нэвтрүүлсэн. Ирэх жилд сургуулийн автобусны тоог нэмэх үү?
-Сургуулийн автобусаар 33 чиглэлд нийтдээ 29 сургуулийн 7000 орчим хүүхэд үйлчлүүлсэн. Ингэснээр эцэг, эхчүүдийн цаг, мөнгийг хэмнэж, ажил хийх боломж олгож өрхийн орлогыг нь нэмэхэд тус дэм болсон гэж бодож байна. Хамгийн гол нь хүүхдүүд аюулгүй тээврээр зорчиж, энэ нь эргээд хотын замын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдол үзүүлж байгаа юм. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ бугуйн дахь чипийн тусламжтайгаар хүүхдээ автобуснаас буусан эсэхийг ч мэдэх боломжийг бүрдүүллээ. Ийм цогц ажил болсон. Сургуулийн автобусны тоо ирэх жилүүдэд эрэлтийнхээ хэмжээгээр нэмэгдэх бүрэн боломжтой.
-Нийслэлээс хүний хөгжлийг юу гэж тодорхойлж, энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ?
-Хүний хөгжил гэдэг өөрөө маш өргөн ойлголт. Хүн хөгжиж байж айл гэр хөгжинө. Гэр бүл хөгжиж гэмээнэ хот, улс орон хөгжинө. Тиймдээ ч хүний хөгжил нь улс орны тулгуур. Хүний хөгжилд эрүүл мэнд, боловсрол, орлого нөлөөлдөг. Иймд иргэдээ хэрхэн эрүүл байлгаж, урт удаан наслуулах вэ, яаж боловсрол эзэмшүүлж, орлоготой байлгах вэ гэдэг нь бидний ажлын зорилго юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд салбар тус бүрт тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан. Эрүүл мэндийн салбарын тухайд иргэдэд хамгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлгүүдийн хүртээмжийг нэмсэн. Эдгээр жилүүдэд 17 эмнэлгийн барилгыг барьж, ашиглалтад оруулаад байна. Үүгээр ч зогсохгүй бид дүүргийн эмнэлгүүдийн чадавхыг сайжруулахаар мэс заслын, гэмтлийн, хавдрын өдрийн туяаны эмчилгээний тасгуудыг шинээр нээсэн. Энэ нь гуравдугаар шатлалын буюу улсын чанартай томоохон эмнэлгүүдийн ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төв, амаржих газар зэрэг улс, дүүргийн эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтыг шийдсэн. Урьд нь өвчтөнүүдэд эмнэлгээсээ гараад тухтай суух саравч, салхилах ногоон байгууламж, машины зогсоол байгаагүй юм. Энэ асуудлыг шийдсэн нь эмч, эмнэлгийн ажилчид болоод өвчтөнүүдийн таашаалд нийцсэнд бид бүхэн баяртай байгаа. Түүнчлэн эмч, ажилчдын иргэдтэй түргэн шуурхай, соёлч боловсон үйлчлэхэд чиглэсэн аянуудыг ч зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрээд байна.
-Эмнэлгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ямар ажлууд хийгдсэн бол?
-Хамгийн гол нь бид сүүлийн гурван жилийн хугацаанд эмнэлгүүдийг барьж, нийт 300 орчим хүүхдийн ор нэмлээ. Эмнэлгийн дотоод зохион байгуулалтыг өөрчилж орны тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Ханиад томуу ихтэй, өвлийн ид ачааллын үед хүүхдүүдийг оргүй, шалан дээр хэвтүүлэхгүй байхын тулд бид бүхий л боломжоороо ажилласны нэг жишээ нь энэ юм. Дээрээс нь энэ зургадугаар сард Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсын жишигт нийцсэн эмнэлэг байгуулагдана. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд олон улсын жишигт нийцсэн эмнэлгүүд барихаар гэрээ хэлцэл хийж байна. Ерөнхийдөө энэ жилүүдэд эмнэлгийн хүртээмж, чанар, тусламжийг иргэдэд хүргэж чадсан жилүүд болсон гэж харж байгаа.
-Манай улсын иргэдийн дундаж наслалт багад тооцогддог. Магадгүй нйислэлийн иргэдийн дундаж наслалт стресс, агаарын бохирдол зэргээс үүдэж илүү бага байгааг үгүйсгэх аргагүй. Нийслэлийн зүгээс энэ талаар судалж, хэрэгжүүлсэн зүйл бий юү?
-Монгол хүний дундаж наслалт олон улсын жишгээс бага байгаа. Үүнийг олон улсын жишигтэй нийцүүлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь хамгийн чухал. Гэтэл манай иргэдийн тэр дундаа эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах оролцоо тун хангалтгүй байдаг. Нийслэлийн хэмжээнд л гэхэд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8.2-оор бага байгаа. Нас баралтын түвшнээр нь аваад үзвэл эрэгтэйчүүдийнх 61.1 хувьтай байгаа юм. Энэ асуудлыг шийдэх үүднээс бид “Эрүүл иргэн” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Нийслэлийн бүх дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрхийн эрүүлд мэндийн төвүүдээр дамжуулан нийтдээ долоон төрлийн оношилгоо хийж байгаа юм. Үүнд нийслэлийн бүх иргэн хамрагдах бүрэн боломжтой. Долоон төрлийн шинжилгээнд рентген, эмэгтэйчүүд, хүүхдийн үзлэг, оношилгоо, хавдрын маркерын шинжилгээ, В,С вирусийн шинжилгээ зэрэг багтаж байна. Иргэд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж аливаа өвчнийг даамжирахаас нь өмнө оношлогдож, эмчлэгдэх боломж нээгдсэн. Энэхүү мэдээллийг авч үзлэг, оношилгоонд идэвхтэй оролцоосой гэж бодож байна. Энэ жил ч гэсэн энэ ажил үргэлжлэх болно.
-Нийслэлээс залуучууд руу чиглэсэн тодорхой арга хэмжээ хэрэгжүүлдэг үү?
-Тэгэлгүй яахав. Нийслэлийн залуучуудын эрүүл мэндэд анхаарч, мансууруулах бодистой холбоотой асуудлууд яригдах болсон тул соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байна. Залуучуудын гэр бүл төлөвлөлтийг ч анхаарч үздэг. Хүүхдүүдийн тухайд хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжил гэсэн хоёр чиглэлээр ажилладаг. Эрсдэлд орж болзошгүй хүүхдүүдийг урьдчилан хамгаалах ажлыг хүүхэд хамгааллын төвүүдээрээ дамжуулан хийж байна. Зорилтот бүлгийн эцэг, эхчүүдэд зориулсан сургалтуудыг явуулж байна. Хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг ярихын тулд эцэг, эхтэй нь зайлшгүй ажиллах шаардлага тулгардаг учир “Би хариуцлагатай аав, ээж” аяныг зохион байгуулж заншлаа. Энэ аяны хүрээнд эцэг, эхчүүд рүү чиглэсэн сургалтуудыг хийж байна.
-Жендерийн асуудлыг хөндөж хөтөлбөр хэрэгжүүлжээ. Бид жендер гэхээр эмэгтэйчүүдийн асуудлыг ярьж байна гэдэг бичигдээгүй ойлголттой болжээ. Үнэхээр эрэгтэйчүүд жендерийн тэгш бус байдалд өртдөггүй хэрэг үү?
-Нийслэлийн есөн дүүргээс жендерийн эрх тэгш байдлын дүн шинжилгээг гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн жендерийн дэд хөтөлбөрийг НИТХ-аар гаргууллаа. Дээр эрэгтэйчүүдийн нас баралтын тоо эмэгтэйчүүдийнхээс дариу хоёр дахин их байгааг дурдсан. Нас баралтын шалтгааныг аваад үзэхэд өвчлөлийн болон өвчлөлийн бус шинжтэй байна. Өвчлөлүүдэд нь зүрх судас, хавдар, хоол боловсруулах тогтолцооны эмгэгүүд бий. Өвчлөлийн бус гэдэгт амиа хорлолт, спиртэд хордсон гэх хүчин зүйлүүд багтаж байгаа. Амиа хорлолт, архидан согтуурах зэрэгт сэтгэл зүйн байдал чухал нөлөө үзүүлж байгааг үгүйсгэх аргагүй. Нөгөө л жендерийн хэвшмэл ойлголт энэ жишээгээр өөрчлөгдөх болсныг харуулж байна. Иймд бид дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт эрэгтэйчүүдийн тасгийг байгуулж, эрэгтэйчүүдийн эмч, сэтгэл зүйчийг ажиллуулах юм.