Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ш.Адьшаа: Төрийн нэрээр татвар хураамж авч, хувийн компаниудыг санхүүжүүлдэг буруу жишгийг өөрчлөх ёстой

Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай ярилцлаа.


-Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн өргөн барьсан. Уг хуулийг өргөн барих шалтгаан нөхцөл юу байв?

-Жолоочийн даатгалын тухай хуульд бодлого, тогтолцооны хувьд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм.

Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд төр 230 тэрбум төгрөг жолооч нараас хураан авч төвлөрүүлснээс 110 тэрбум төгрөгийг осол гаргасан жолооч нарт нөхөн төлбөрт олгосон байна. Үлдсэн 120 тэрбум төгрөгийг хуримтлал бий болгох, үйл ажиллагааны зардлаар ашигласан гэх санхүүгийн тайлан гарсан байна лээ. Тиймээс энэ хуулийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлага байна. Учир нь одоо хэрэгжиж байгаа хууль өнөөгийн нийгмийн шаардлагыг биелүүлж чадахгүй байна. Мөн осол гаргасан иргэдийг ихээхэн чирэгдүүлдэг, нөгөө талаас хүнд үйлчлэх, жолооч нарын эрх ашгийг хамгаалах, зөв бодлого явуулах хууль эрх зүйн орчин дутагдалтай. Төрийн нэрээр иргэдээс албан татвар, хураамж авч, хувийн компаниудыг санхүүжүүлдэг буруу жишгийг бид өөрчлөх ёстой. Монгол Улсад нийт 91 мянга 685 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд бүгд зах зээлийн зарчмаар ажиллаж байгаа бөгөөд ковидын үед бүгдийнх нь орлого тасалдаж, хүнд байдалд байхад 14-хөн компанид төр албан журмаар, албадлагын аргаар нийт жолооч нараас мөнгө хурааж, халаасанд нь ашиг орлого болгон өгсөөр 10 жил боллоо.

-Даатгалын компаниуд жолоочийн албан журмын даатгалаас жилд нийт хичнээн тэрбум төгрөг татан төвлөрүүлж, хэдийг нь иргэдийн нөхөн олговорт эргүүлэн олгож байна вэ?

-Даатгалын нэр бүхий 14 компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас жилдээ нийт 30 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төрийн оролцоотойгоор татвартай адил албадлагын аргаар төвлөрүүлдэг бол үүний 50 орчим хувийг жолооч нарт нөхөн төлбөрт олгож байна гэсэн тоон мэдээ бий. Энэ онд буюу 2021 онд нөхөн төлбөрт 38.2 хувийг олгосон байна. Мэдээж даатгалын компаниуд Жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой тодорхой хэмжээний зардал гарах ч СЗХ-оос өгсөн мэдээллээс харахад энэхүү албан журмын даатгалаас төрийн оролцоотойгоор ихээхэн хэмжээний ашиг олж байгаа нь тодорхой байна.Жолооч нар албан журмын даатгалд даатгуулсан хэрнээ осол, аваар гаргасан тохиолдолд олон шалгуур үзүүлэлтийг хангаж байж, даатгалаас авах ёстой үнийн дүнгийнхээ тал орчим хувийг л олж авч байна. Даатгалын компаниуд зөрчил гаргасан жолоочид аль болох бага зардал олгох бодлого баримталж ирсэн. Тиймээс бид Монгол Улсын нийт иргэний төлөө л энэ хуулинд өөрчлөлт оруулахыг зорьж байгаа.

-Төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд гар дүрж, бизнесийг нь булаахыг оролдож байна гэх байр суурь ч нийгэмд байна?

-Сүүлийн үед даатгалын компаниудаас ил далд хэлбэрээр Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эсрэг зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна. Төр, хувийн компанийн дотоод хэрэгт оролцсон мэтээр олон нийтийн сүлжээгээр цацаж, зохион байгуулалттайгаар энэ хуулийн төслийг харлуулахын төлөө ажиллаж байгаад харамсаж байгаа. Одоогийн албан журмын даатгалын тогтолцоог өөрчилснөөр иргэдэд л ашигтай. Өнөөдрийн үйлчилж байгаа даатгалын систем бол ашиг олохын төлөө цэвэр бизнесийн үйл ажиллагаа байгаа юм. Үнэхээр даатгалын компаниуд бизнесийн алтан дундаж зарчмаар үйл ажиллагаагаа явуулсан бол ямар ч маргах асуудал байхгүй. Ил тод, нээлттэй иргэдийн төлөө үйлчилж байгаа компаниудын үйл ажиллагаанд төр оролцож байгаа бол төр хувийн хэвшлийг устгах бодлого баримталж байна гэж ойлгож болно. Гэтэл төрийн нэрээр иргэдээсээ хураамж аваад түүнийгээ хувийн компаниуд, тэр дундаа улстөрчдийн нөлөө бүхий хэдхэн компаниудыг санхүүжүүлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Хувийн хэвшлийг төр дэмжих ёстой нь үнэн боловч энэхүү дэмжлэг нь дээрх байдлаар хэн нэг компанийг зүй бусаар дэмжихийг хэлэхгүй.Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан.Төр нь хувийн хэвшлийг нийтлэг байдлаар, бүх аж ахуй эрхлэгчдэд хүртээмжтэй, тэгш дэмжих ёстой юм. Тухайлбал, аж ахуй эрхлэгчдийг татварын бодлогоор, төсвийн бодлогоор, хөрөнгө оруулалтыг дэмжих, шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, аливаа саад тотгорыг багасгаж, таатай орчин бүрдүүлэх, улс орон, хүн амын эрх ашгийн төлөө зарим салбарыг татаасаар дэмждэг юм. Одоогийн Жолоочийн хариуцлагын даатгал дахь төрийн зохицуулалтыг төрийн дэмжлэг гэхээс илүү улс төр-бизнесийн хуйвалдаан гэвэл зохилтой. Энэ их хэмжээний орлогыг төвлөрүүлдэг ихэнх даатгалын компаниуд жолооч нарын хохирлыг барагдуулахад туйлын хойрго бөгөөд хохирлыг бүрэн гүйцэд үнэлүүлж, барагдуулдаггүйгээс гадна олсон ашгаасаа зам тээврийн ослыг бууруулах үйл ажиллагаанд огт мөнгө зарцуулдаггүй. Учир нь энэхүү даатгалыг ашгийн төлөөх компаниуд гүйцэтгэдэг учраас тэд ашгийн мөнгөөсөө иргэдэд зарцуулахаас илүү өөрсдөө хүртэхийг л эрмэлздэг юм.

-Жил бүр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулдаг хэрнээ осол аваар гаргадаггүй, хариуцлагатай жолооч нар олон байдаг. Эдгээр иргэдэд хуулийн өөрчлөлтөөр ямар боломжууд бий болох вэ?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниуд арилжааны нийт 16 төрлийн 68 бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгааг хууль санаачлагч гишүүд огт хөндөөгүй бөгөөд даатгалын компаниуд зах зээлийн зарчимд нийцсэн эдгээр үйлчилгээгээ үзүүлсээр байх болно. Эдгээрээс ганцхан төрлийн үйлчилгээ буюу жолоочийн хариуцлагын даатгалын орлогыг нь төрийн оролцоотойгоор албан журмаар буюу албадлагын аргаар иргэдээс хураадаг учраас ашгийн бус хуулийн этгээд гүйцэтгэдэг болгохыг зорьж байгаа юм. Хэрэв ашгийн төлөө бус байгууллагад энэ үйлчилгээний эрхийг өгвөл осолд өртсөн жолооч нарын хохирлыг бодитоор бүрэн, шуурхай барагдуулахаас гадна дундын сангийн ашгийг осол гаргаагүй олонх, улмаар нийт жолооч нарын эрх ашгийн төлөө зарцуулдаг болох юм. Тухайлбал, осол гаргаагүй жолооч нарын хураамжийг бууруулахаас гадна жолооч нарыг соён гэгээрүүлэх, осол ихээр гардаг хар цэгүүдийн замыг өргөтгөх, засах, гүүрэн болон нүхэн гарц байгуулах, камержуулах, гэрэлтүүлэг хийх, авто зогсоол барих гэм мэтээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зардалд зарцуулах боломжтой болох юм. Жолоочийн хариуцлагын даатгалын гол үзэл санаа буюу зорилго, зарчим нь ийм бөгөөд дэлхийн олон улс оронд ийм практик хэрэгжиж байна.

-Төр муу менежер гэх шүүмжлэл бий. Албан журмын даатгалыг төр авснаар одоо байгаагаас дээрдүүлнэ гэж үзэж байна уу?

– Төр муу менежер гэдэгтэй би хувьдаа санал нийлдэггүй. Зөв менежер хийгээд ашигтай ажиллаж байгаа төслүүд олон бий. Иргэн бүрд 1072 ширхэг хувьцаа олгож ногдол ашиг хүртээж байгаа “Эрдэнэс Таван толгой”, 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжсэн Эрдэнэт үйлдвэр гэх мэт сүүлийн жилүүдэд ашигтай ажиллаж байгаа компаниуд бий. БНХАУ-д төрийн компаниуд нь хамгийн өндөр ашигтай ажилладаг. Төр муу менежер гэх ойлголт бол муу гэх нэрийг төрд зүүлгээд улсын, төрийн мэдлийн өмч хөрөнгийг өөртөө авч завших, төр муу гэх нэрээр төрийн өмчийг хувийн хэвшил авч сайжуурлна гэсэн ийм л ойлголтоор уг цуурхлыг тарааж байгаа. Төрийн нэрээр зүй бусаар олж байгаа асар их ашгаа алдахгүйн тулд зарим нэг даатгалын компаниуд их хэмжээний мөнгийг хэвлэл мэдээлэл, УИХ-ын гишүүдийг лоббидоход зориулж зарцуулж байна. Тэд хуулийн өөрчлөлтийн мөн чанарыг гуйвуулахын тулд хувийн хэвшлийн бизнесийг төр булааж байна, даатгалын салбарыг төр бүтнээр нь авах гэж байна, НД, ЭМД шиг дампууруулах гэж байна, төр данхайх гэж байна гэх мэт олон сөрөг мэдээлэл тарааж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн дөрөвт, “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан бөгөөд албан татвар хураадагтай яг адил албан журмаар хураадаг зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалыг төрийн оролцоогүй, ашгийн бус, нийтийн оролцоотой хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх зорилго тавьсан.Жолоочийн хариуцлагын даатгал албан журмын байх ёстой. Учир нь осол гарвал буруутай этгээд хохирлыг барагдуулах мөнгөгүй бол бусдын эрх ашиг хохирох эрсдэлээс сэргийлж байгаа юм. Гагцхүү Монгол Улсад албан татвартай адил албан журмаар, албадлагын аргаар хураадаг бүх даатгалыг ашгийн бус хуулийн этгээд гүйцэтгэдэг бол зөвхөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөөх компаниуд гүйцэтгээд 10 жил болсон уг даатгалын үйлчилгээ үндсэн зорилгоосоо ихээхэн гажуудсан юм. Ашиггүй юм бол тухайн хувийн байгууллагууд яагаад улайран зүтгэж, улстөрчдийг лоббидоод, их хэмжээний мөнгө зарцуулаад байгаа юм бол… Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд Жолоочийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилсан бөгөөд үүний цаана жолооч нарын эрх ашгийг хангахыг зорьсон болохоос, өөр хувийн ямар ч эрх ашиг байх үндэслэлгүй юм.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *