Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Адьшаа: Нүүрсний хулгайн анхны шүглийг үлээж, Хянан шалгах түр хороог байгуулсан хүн нь би DNN.mn

УИХын гишүүн Ш.Адьшаатай нүүрсний хулгай болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нүүрсний хулгайн хэрэг Монголын улс төрд маш том гал өрдчихлөө. Шулуухан асуухад, нүүрсний хулгайчдын эхний жагсаалт гарахад дунд нь таны нэр явсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ. Та нүүрсний хулгайч мөн үү?

-Шулуухан хариулъя. Би нүүрсний хулгайч биш. Эсрэгээрээ нүүрсний хулгай байна гэдэг анхны шүглийг би үлээсэн байдаг юм. Сүүлийн үед анзаарахад амтай болгон би шүгэл үлээсэн гэж байх шиг. Гэхдээ баримт үлддэг. 2022 оны зургадугаар сарын 3-ны өдөр 26 гишүүнээр дэмжүүлж гарын үсэг зуруулж, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хилийн боомтууд, нүүрс тээвэрлэлт, төр, хувийн хэвшлийн уул уурхайн компаниуд, оффтейк гэрээ зэргийг шалгаж, ард түмэнд мэдээлэх, алдаа завхралыг засах УИХ-ын Түр хянан шалгах хороог УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд байгуулж, УИХ-д өргөн мэдүүлж, тогтоол гаргуулсан.

-Бид үнэндээ Т.Доржханд гишүүн Түр хороог байгуулсан, анхны шүглийг үлээсэн гэж ойлгож байлаа, гэвч та байж ээ?

-Т.Доржханд гишүүнийг би санал өгч оруулсан. Яг хэн шүгэл үлээснийг тодруулах гээд байгаа бол баримт өгч болно (инээв). Үнэндээ одоо бол шүглийг би үлээсэн, тэр биш, энэ мөн гэх нь тийм чухал биш. Юу чухал вэ гэвэл сүүлийн 10 жил Монголын төр, ард түмний өмчийг бүлэглэн луйвардаж ирсэн нам дамжсан бүлэглэлүүдийн гэмт үйлдэл задарч, дэлбэрч, олон нийтийн анхааралд орсон нь чухал юм. Нүүрсний хулгай, луйвар байгаа юу гэвэл байгаа. Байх байхдаа эрх баригч нам буюу эрх баригчдын түвшинд явагддаг зүйл. Сөрөг хүчний, тэгэх тусмаа УИХ-д нэг, хоёр жил суусан хэн нэгэн, мөрөөрөө бизнес эрхэлж яваа жирийн иргэн хийх ямар ч боломжгүй гэсэн үг. Сошиалаар нүүрсний хэрэгт холбоотой хүмүүсийн жагсаалт гэгч зүйл анх гарахад дунд нь миний нэр явсан. Үүнд би хүлээцтэй хандаж байгаа. Нийгэм, олон нийт асуудлыг олон талаас нь харах, хардах эрхтэй. Энэ хүрээнд л миний нэр тэр жагсаалтад орсон байгаасай гэж хүсч байна. Харин хэн нэгэн хүний захиалгаар, улс төрийн өшөө авах зорилгоор, түүнчлэн батлагдаж, нотлогдоогүй мэдээллээр хулгай луйврыг дарах зорилготой бол би хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн зургаагийн хоёрт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг нийт Монголын ард түмний өмч байна гэсэн заалт бий. Ард түмнийхээ төлөөлөл болж төр түшиж байгаа хүнийхээ хувьд энэ алтан зарчмыг биелүүлэхийн төлөө би тэмцсээр байх болно. Хамгийн сүүлд гэхэд Ховд аймгийн Халзан бүрэгтэйн орд газрууд, Хар ус нуурын сав газарт нефтийн хайгуул хийх асуудлыг эрс эсэргүүцэж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Энэ тэмцлээсээ би хэзээ ч ухрахгүй.

-Та нүүрсний хулгай байгааг аль зургадугаар сард хэлж, сануулж, УИХ-ын дэргэд Түр хянан шалгах хороог байгуулжээ. Гэтэл асуудал өндрөө авч олон нийтийн анхааралд орж ирсэн нь саяхных. Түр хянан шалгах хороо хянаж, шалгаад үнэхээр хулгай байгаа юм байна гээд асуудал өндрөө авчихав уу, эсвэл эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон нүүрсний хулгай гэдэг аргумент дээр дэврээд гараад ирэв үү. Би хувьдаа бүлэглэл хоорондын зодоон гэж харж байгаагаас гадна оффтейк гэрээнүүдийн ноцтой байж болох чухал хэсгүүдийг гаргаж тавихгүй байна уу гэж харж байна. Нүүрсний хулгайн шүгэл үлээгчийн хувьд та үүнтэй санал нийлэх үү?

-Айхавтар улс төрийн өнцөг бүхий үнэлэлт, дүгнэлтийг сэтгүүлчид та нар хийх байх. Би ийм дүгнэлт хийх эрх бүхий субьект биш учраас таны тулгасан асуултад хариулт өгч чадахгүй нь. Миний баттай хэлж чадах зүйл гэвэл нүүрсний хулгайг жирийн нэг жолооч, жирийн компанийн захирал, хэн нэгэн сул гишүүн хийчихдэг зүйл биш. Ялангуяа оффтейк гэрээ гэгчийг төрийн өндөр албан тушаалтан, бүр Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гишүүд, Засгийн газарт Ерөнхий сайдын түвшний эрх мэдэлтнүүд шийдвэрлэх боломжтой. Энэ чинь нэг сая төгрөгийн гэрээ биш шүү дээ. Хэдэн тэрбумаар яригдана. Өөрөөр хэлбэл, нам дамнасан улс төрийн бүлэглэлүүд банк санхүүгийн бүлэглэлтэй нийлж ард түмнийхээ өмч хөрөнгийг хувааж иддэг дэлхийд байхгүй том луйврын схем бол оффтейк гэрээ гээд байгаа энэ зүйл. Нэгдүгээрт, нэг км замыг олон сая доллараар үнэлж тооцсон тооцоо, хоёрдугаарт, тухайн үед зарагдаж байсан нүүрсний ханшаас доогуур байдлаар гэрээ хийх нэг аюул, цаашилбал өнөө нүүрсээ цааш нь дахиад дамлаж зараад давхар ашиг олдог гэх мэт маш том луйврын схем үүний ард бий. Энэ бүхэн хяналт шалгалт, цаг хугацааны эрхээр ил, тодорхой болно гэдэгт итгэж байна.

-Та ингэж ярьснаараа хэр их дайсан хурааж байна вэ?

-Дайсан хураадгаа хураачихсан. Түр хянан шалгах хороог байгуулснаараа маш их дайралтад өртсөн шүү дээ. Миний нэр төр, гэр бүл рүү хүртэл халдсан. Эцэст нь өмнө нь гаальд ажиллаж байсан учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэгдээд Түр хорооноосоо өөрийн хүсэлтээр гарсан. Орон тооныхоо хүнээр С.Одонтуяа гишүүнийг оруулсан.

-Өөрийн хүсэлтээр гэдэг нь?

-Монгол Улсын Их хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлд өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа төрийн байгууллагыг шалгах бол ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь гаалийн байгууллагад ажиллаж байсан учраас намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж болох нөхцөл байдал үүссэн. Хэрэв чөлөөлөгдөхгүй бол хяналт шалгалтын үр дүнд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсч болохоор байсан учраас өөрийн хүсэлтээр гарсан.

-Өнөөдөр АТГ нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн талынх нь нэрийг зарлачихлаа. Цаана нь дахиад цөөнгүй УИХ-ын гишүүд, Засгийн газрын хоёр ч сайд нүүрсний хулгайтай холбоотой гэж яригдаад байгаа. Ил гаргах мэдээлэл мөн үү?

-Үүнийг би хэлж чадахгүй. Яагаад гэвэл би мөрдөгч биш. Прокурор биш. Ер нь хууль, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэн нэгнийг шууд нүүрсний хулгайч, луйварчин гэж болохгүй шүү дээ. Бид нотлох баримтын хүрээнд асуудлыг гаргаж, хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Хууль хяналтын байгууллага шалгаад гэм буруутай эсэхийг тогтооно. Ардчилсан Монгол Улс шүү дээ. Хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх зарчмын хүрээнд бүх зүйл явагдах ёстой. Өнөөдөр ард түмэн ямар их бухимдалтай байгааг бид харж байна. Зүй ёсны асуудал. Гагцхүү үүнийг далимдуулсан, хулгайгаа нуух гэсэн бүлэглэлүүдийн турхиралтад ард түмэн бүү орчихоосой. Үүнд би их болгоомжтой хандаж байгаа. Талбай дээр болж байгаа үйл явдлыг ажиглахад олон талын эрх ашиг, сонирхол байна. Тэдэн дунд Засгийн газрыг унагаах сонирхолтой хүмүүс ч байна. Би хувьдаа энэ Засгийн газар сайн ч, муу ч нүүрсний хулгайн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулж, хулгай луйврыг ил тод болгосон. Үүнийх нь төлөө дэмжиж нүүрсний хулгайг бүрэн илрүүлэх бүх боломжоор хангах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

-Тэгвэл та яагаад Онц байдал зарлахыг дэмжсэн юм. Онц байдал зарлахыг дэмжсэн гишүүдийн нэрсийн жагсаалт дунд таны нэр яваа шүү дээ.

-Хүнийг яаж гүтгэж, харлуулж болдгийг наад явдлаас чинь би харлаа. Онц байдал зарлах эсэхийг хэлэлцсэн тэр өдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны орой 18-20 цагийн хооронд би Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвд 400 гаруй иргэдтэй уулзалт хийж байсан. Интернэт орох боломжгүй учраас тэр цахим хуралд оролцож чадаагүй. Гэтэл онц байдал зарлахыг дэмжсэн гишүүдийн нэрс гэдэг жагсаалт гарч, дунд нь бас л миний нэр явж байсан. Гайхмаар шүү. Аргаа бараад УИХ-ын Тамгын газраас тодруулга авсан баримт нь энэ байна (инээв). Хүний нэр төрд ингэж бүдүүлгээр, илэрхийгээр халдаж болдог оо.

-Тэгвэл яагаад энэ яг үнэн юм шиг сэвэгдээд байна вэ?

-Сэвж байгаа хүмүүс, түүнийг нь нийтэлсэн сэтгүүлчээс асуу. Энэ бол намайг харлуулж байгаагийн хамгийн наад захын жишээ.

-Нэгэнт тантай уулзсаных, нэгэнт нүүрс ярьсных таны сонгогдсон Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Хөшөөтийн уурхайн талаар асуумаар байна. Таван толгойгоос дутахгүй стратегийн ач холбогдолтой гэгддэг энэ уурхайн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа юу. Үе үе асуудал үүсдэг, үүнд нь Ховдын ард түмэн ихэд эмзэг ханддаг учраас таны байр суурийг сонсмоор байна?

-“Хөшөөтийн уурхай бол Монголын хамгийн өндөр чанарын коксжих нүүрс агуулдаг, ихээхэн хэмжээний нөөцтэй орд. Харамсалтай нь зуун хувь Хятадын компанийн мэдэлд үйл ажиллагаа явуулж байна. Хувьцаагаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргачихсан компани шүү дээ. Миний бие УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ч, одоо ч шүүмжлэлтэй ханддаг хэд хэдэн асуудал бий. Жишээ нь, сая тойрогтоо ажиллахад ард иргэд хөлдөж үхэх нь гэж байна. Түлэх нүүрс байхгүйгээс. Бод доо, нутаг оронд нь бэлээхэн байдаг уурхайгаас өдөрт хэдэн зуун тонн нүүрс урагшаа гарч байхад иргэд нь нүүрсгүйгээс даарч суудаг. Мэдээж нэгэнт худалдаж аваад, Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргачихсан компанитай олон юм ярих боломжгүй. Гэхдээ “МонЭнко” компанийн Монгол Улстай, орон нутагтай байгуулсан гэрээ гэж бий. Энэ гэрээнийхээ үүргийг биелүүлдэггүй ноцтой асуудал бий. Жишээ нь, орон нутагт цахилгаан станц барина гэсэн. Нүүрс угаах үйлдвэр барина гэсэн. Нэгийг нь ч бариагүй. Мөн орон нутгийн иргэдийн хэрэгцээний нүүрсийг ямар ч болзолгүйгээр хангана гэсэн. Энэ үүргээ ч биелүүлдэггүй. Аймаг орон нутгийн удирдлагууд үүнд хяналт тавьж ажиллах ёстой шүү дээ. Ард иргэд нь даарч байхад хэрэгцээнийх нь нүүрс түлээгээр хангах наад захын асуудлыг аймаг орон нутагтай байгуулсан гэрээ хэлэлцээрийн хүрээнд “МонЭнко” компаниас хангуулах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь харамсалтай.

-Яагаад шаардлага тавихгүй байна гэж та үзэж байна вэ?

-Мэдэхгүй. Би сайн ойлгохгүй байгаа. Орон нутгийн засаг захиргаанд “Хөшөөт хөгжил сан” гэгчээр тодорхой хэмжээний мөнгө төгрөг “МонЭнко” компани өгдөг гэсэн. Түүнийг орон нутагт эрх барьж буй хэсэг бүлэг улс нам улс төрийнхөө эрх ашиг, сонгуулийн амлалт, улс төрийн үйл ажиллагаандаа шагнал урамшуулал маягаар зарцуулж ирсэн. Нуулгүй ярихад Хөшөөтийн уурхай, “МонЭнко” компанийн Ховд аймгийн иргэдэд үзүүлж байгаа үр ашиг, санхүүгийн дэмжлэг ийм л байна. Ард иргэд нь бухимдаж, эмзэглэх нь аргагүй шүү дээ.

-Та тэднийг шүүмжилж суухаар асуудлыг ярьж болно шүү дээ?

-Энэ талаар удаа дараа ярьж байсан. Сүүлийн хоёр, гурван жил ковидын амаргүй үеийг бид даван тууллаа. Эдийн засаг нийтээрээ хүнд байлаа шүү дээ. Ийм үед хэл ам хийгээд байх нь тийм ч тохиромжтой биш байсан. Ховдын гурав, дөрвөн мянган жолооч Хөшөөтийн уурхайг түшиглэж, тээвэр хийж амьдардаг юм шүү дээ. Эдийн засаг хүнд үед тэд ямартаа ч тээврээ хийж орлоготой байх нь чухал байсан. Одоо харин ярьж, шаардлага тавьж ажиллах цаг ирсэн гэж ойлгож байгаа. Гадны хөрөнгө оруулагчийг хамгаалах тухай хууль болон, Монгол Улсын элсэн орсон гэрээ хэлэлцээр, конвенцид Монгол Улсын үүрэг хариуцлага, гадны хөрөнгө оруулагчийн үүрэг хариуцлага гэж бий. Энэ хүрээнд ихэд хүнлэг, хүлцэнгүй хандаж ирсэн. Харин Монгол Улстай, Монгол Улсын Засгийн газартай, тухайн орон нутагтай байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа тал дээр хатуу шаардлага тавьж ажиллах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *