ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…
Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших буюу Өөжгийтэй ярилцлаа. Тэрээр ирэх сарын 1, 2-нд “Best of Өөжгий” тоглолтоо хийх гэж байгаа юм. Ингээд түүний ярицлагыг хүргэе.
-Тоглолт болоход хэдхэн хоног үлдлээ. Бэлтгэл хангагдчихсан уу?
-Хамтлаг, дуучидтайгаа бэлтгэл хийгээд завгүй л байна. Хамаг сэтгэл санаа зөвхөн тоглолт руу явчихсан. Долоо хоногийн даваа гаригаас эхлээд хамтлаг, дуучидтайгаа хуваарь гаргачихсан үзээд л байна. Мэдээж энэ тоглолт маань миний мөрөөдлийн нэг хэсэг учраас их ач холбогдол өгч, багагүй сандарч байна.
-Таны тоглолтод хичнээн уран бүтээлчид оролцох вэ. Зөвхөн тоглолтод зориулж нэлээд хэдэн шинэ уран бүтээл хийж байгаа гэж сонссон?
-Өөрийг тань ирэхээс өмнө поп дива, МУГЖ Ж.Алтанцэцэгийн шинэ дуун дээр ажиллаж байлаа. Поп дивагийн маань шинэ цомогт багтах, мөн миний тоглолт дээр дуулагдах дуу юм. Хэд хэдэн хуучны сайхан дууг гитар дээр хөрвүүлж тоглоно. Ер нь “Best of Өөжгий” тоглолт манай рок, попын сор болсон олон сайхан уран бүтээлчид оролцоно.
-Таныг номер нэг гитарчин гэдэг. Тэгэхээр рок попын “акул”-даа орох байх. Ер нь “акул” гэгддэг уран бүтээлчдийн тоглолт хэр зардлаар босдог юм бэ. Таныг тоглолтоо хийхийн тулд байраа барьцаалсан гэсэн яриа байна лээ?
-Ёстой тийм юм байхгүй шүү. Би тэгж барьцаалаад байх хөрөнгөтэй ч хүн биш. Яахав Монголдоо нэр хүндтэй гэгддэг хамтлаг, дуучдын тоглолт хамгийн ихдээ 50 сая төгрөгт босдог гэдэг л юм. Миний хувьд 1990 оноос хойш Монголын рок попын ихэнх уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Тиймээс энэ урлагийн олон сайхан нөхдийнхөө буянаар болчих байх.
Миний хувьд өөртөө тийм үнэлгээ өгөх утгагүй. Харин би хамгийн шилдэг гитарчин гэвэл гитарчин Дэмчигдоржийн Галсанбат гэж хэлж чадна. Харамсалтай өнөөдөр энэ эрхэм бидний дунд амьд сэрүүн байхгүй хэдий ч ард түмэн надтай санал нийлэх байх. Дараа нь “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Энхманлай байна.
-“Соёмбо” хамтлагаас анх гараагаа эхэлж байсан байх аа. Та чинь “Никитон”, “Харанга” гээд жинхэнэ амьд хөгжмийн анхдагчуудтай нэг тайзан дээр гарч явсан хүн шүү дээ?
-Үнэхээр л өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын рок попын амьд домгуудтай хамт нэгэн тайзнаа тоглож, рок попын ертөнцөд амьдралаа холбосон. Учрах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулзана гэдэг шиг Өөжгий гитартай учрах ёстой болоод л өнөөг хүртэл гитараас салаагүй байх. Уг нь би гитарчин болно гэж боддоггүй байсан. Арван жилээ 24 дүгээр сургуульд дүүргэсэн юм. Зургадугаар анги төгстөлөө хичээлдээ бусдаасаа тасархай онц сурдаг байлаа. Гэхдээ тооны хичээлд тийм ч дуртай байгаагүй. Геометрийн хичээлд нөхцөлгүй дуртай. Бас уран зохиол түүхийн хичээлд сонирхолтой. Ямар сайндаа ээж намайг МУИС-ийн түүх юм уу, хуулийн ангид ор гээд конкурстсан чинь үсэрчихсэн. Тэр үед чинь хэрвээ элсэлтийн шалгалтад унасан л бол дараа жилийн шалгалтыг хүлээхээс өөр аргагүй. Тэгээд л энэ хугацаанд хийх юм олдохгүй “Соёмбо” хамтлагт гитарчинаар ороод л юун сурах манатай, өнгөрсөн. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гитарчин Д.Галсанбат надад гитарыг мэргэжлийн түвшинд яаж сурахыг зааж өгсөн. Гитараа бариад л “Харанга”, “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Никитон”, “Хурд” зэрэг хамтлагууд хаана л явна би тэнд л явна. Тийм л хоббитой байлаа ш дээ. -Эцэг, эхээ танилцуулахгүй юу. Гитарчин Өөжгий л гэхээс аав, ээжийг тань тэр болгон мэдэхгүй юм байна?
-Миний аав насаараа цэргийн байгууллагад ажилласан. Аав маань бурхан болоод нэлээд хэдэн жил болж байна. Харин ээж худалдааны байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо миний хүүг өсгөж байгаа буянтай хүн бий. Би хүү, охин хоёртой. Эхнэр маань бүжигчин бүсгүй.
-Тэр үед гитар моодонд ороод яалт ч үгүй гитарчин болов уу. Өөр хүчин үйл нөлөөлсөн үү?
-Угаасаа ганц тоглодог нь гитар. Намайг арван жилийн сурагч байхад гитаргүй, хамтлаггүй орц гэж байхгүй. Манайх 40 мянгатын байранд амьдардаг байсан юм. Болсон болоогүй бүгд л банзан гитар балбана. Би тэдний л нэг. Гитар бол хамгийн амархан хөгжим. Гитар тоглолоо гээд хажуу айл хана нүдэхгүй, хаана ч аваад явахад авсаархан.
-Яагаад заавал орцонд гитар тоглодог байсан юм?
-Орцонд орон зай ихтэй. Гитар тоглоод дуулахад цуурайтаад их гоё сонсогддог байсан байхгүй юу. Галсанбат, Энхманлай, Батчулуун ах нарыг чинь жинхэнэ шүтнэ. Тэдний дууг дуулна. Дуурайж хувцаслана шүү дээ.
-Хаянхярваа гуайд зэмлүүлээд тайзнаас хөөгдөж байсан гэдэг юм билээ. Тэр хэдэн онд юм бэ. Тухайн юу болсон юм?
-1984 онд “Солонго” хамтлагт байхад Батболд багш бидэнд хамтлаг чухам ямар байх ёстойг их зааж, зөвлөгөө өгдөг байсан. 1987 онд байх аа нийслэлийн аварга хамтлаг шалгаруудах тэмцээн болсон юм. Тэмцээн болохыг сонсоод хөгжим сонирхдог гэсэн баахан хүүхдүүд нийлээд хамтлаг байгууллаад авлаа. “Номин” хамтлагийн дуучин Раваа агсан бөмбөрчнөөр, дуучин нь “Элькондор”-ын Цогоо, манай Томоо гээд найз, би басс гитарчин гээд бараг долоо, наймуулаа хөлбөмбөгийн баг аятай хамтлаг байгуулаад өнөөх тэмцээнд орчихсон. Тухайн үед тайзан дээр “The Beatles” хамтлагийн “Let it be” гээд дуулсан. Дараа нь “Сэтгэмж” гэж дуугаа дууллаа. Тэгсэн шүүгчээр сууж байсан Хаянхярваа гуай “Одоо болно. Та нар ор” гээд хөөгдөөд тайзнаас бууж байсан.
-Юунаас болоод загнуулсан юм бэ?
-Яахав тэр үеийн хамтлагууд нэгэн жигд ёслолын хувцастай тайзан дээр гардаг байсан юм. Гэтэл бид нар ноосон цамц, жинсэн өмдтэй тайзан дээр гарчихгүй юу. Уг нь ижилсээд их дэгжин, ганган харагдаж байгаа нь тэр. Тэгсэн хөрөнгөтний хоригдлуудын хувцас өмссөн нөхдүүд гээд загнуулдаг байгаа.
-МУГЖ Сарантуяагийн “Хайрын бурхан” дууны ая таных. Одоо ч хүмүүс амандаа аялсан хэвээрээ. Энэ дуу хэрхэн төрсөн юм бэ?
-1996 онд. Нэг өдөр Ү.Хүрэлбаатар найрагч надад нэг шүлэг өгөөд энэнд сайхан ая хийчих гээд. Тэгээд нөгөө шүлэг миний халаас, гэрт нэлээд олон хонолоо. Тэгсэн дуучин МУГЖ Сарантуяа Сингапур явж шинэ цомгоо бичүүлэх гэж байгаа гэдгээ хүнээр хэлүүлсэн байсан. Нэг хэсэг манайхан чинь CD-гээ Сингапурт бичүүлдэг мод дэлгэрчихсэн байлаа ш дээ. Тэгээд би шөнөжин суугаад ая бичлээ. Бичсэн аяа өөрийнхөө муу жижиг магнитфондоо бичээд сонссон чинь тийм ч муугүй шүү. Тэгэхээр нь гитараа үүрээд Сараагийнх руу гараад шидчихлээ. Ирээд Сараад сонсгосон чинь таалагдсан. “Хайрын бурхан” ингэж л төрсөн. Клипний эхэнд бид хоёр “За гоё болж” гээд гарцгаадаг хэсэг байдаг ш дээ. Тэр чинь Сараагийн гэрт байхгүй юу. Гэхдээ клип нь дуунаасаа жилийн дараа цацагдсан санагдаж байна.
-Тэр жил “Пентатоник” наадмаас шагнал авсан байх аа?
-Олонд хүрсэн их сайхан уран бүтээл болсон. “Хайрын бурхан” дуугаараа Сараа шилдэг дуучин, би шилдэг ая зохиогч шагнал авч байсан.
-Ер нь таны дуунууд тухайн дуучиндаа их тохирсон санагддаг. МУГЖ Ариунаа дуулдаг “Чи минь”, “Номин талст” хамтлагийн “Дурлаж бичсэн шүлэг” зэрэг сайхан дуунууд бий. Гэхдээ таныг ийм ая байна гээд бариад явдаггүй, уран бүтээлчид таныг зорьдог гэдэг?
-Ер нь бол уран бүтээлийг цаг, минут тутамд үйлдвэрлэнэ гэж байхгүй. Би үүнийг анхаарч ажилладаг. Миний энэ дууг дуулаад өгөөч гэж гуйж байсан тохиолдол ховор. Манай урлагийн хамт олон ихэнхдээ найзад нь ийм шүлэг байна, тийм санаа байна гээд ирдэг. Тухайн хамтлаг, дуучинд ямар байвал тохирох бол гэж их бодож байгаад уран бүтээл төрдөг. Уран бүтээлчид нь зориулж, сэтгэл гаргаж хийсэн бүтээл л олонд их хүрдэг юм шиг санагддаг. Гэхдээ зарим дуу үнэндээ зовж төрөх тохиолдол бий.
-Жишээлбэл?
-МУГЖ Т.Ариунаагийн дуулдаг “Харуусал харамсал” дуунд ая хийх гэж зовсон. Би өөрөө тийм өөдрөг, гуниг гутрах ер нь дургүй хүн. Гэтэл тэр дуу их гунигтай дуу. Би бүр хүчээр янз бүрийн юм бодож гуниж байж ая хийсэн. Тухайн үед юу бодсон юм бүү мэд, шөнөжин л гунигтай байдалтай байхыг хичээж билээ (инээв). Миний дуунууд гэгээлэг, хайр дурлалын сэдэвтэй байдаг шүү. Тэгэхгүй бол хар бараан нийгэмд уран бүтээлчид нь хүртэл болохгүй, бүтэхгүй байна гээд байвал ард түмэнд уйтгартай байх болно ш дээ. Анх дуу зохиоход хамгийн их түлхэц болсон нь манай “Хөх тэнгэр” хамтлаг байлаа. Хөгжмийн зохиолч “Хоовон” Энхбаяр, “Сахал” Пүүжээ ах, “Никитон”-ы Баачка. Мөн “Титэм” хамтлагийн Оогий, Тайвнаа хоёр. Энэ удаагийн тоглолтод “Титэм”, “Хөх тэнгэр” хамтлаг тоглоно.
-Таны үед дуунд хориг тавьдаг байв уу. Тухайн үед улс төрийн сэдэвтэй дуу дуулахгүй гэдэг ч юм уу?
-1989 оноос хойш дуунд айхтар хориг тавихаа больсон. Уран бүтээлийн хориг тавих нь нэг бодлын зөв, нөгөө талаасаа буруу байсан гэж боддог. Хориг тавьснаар ая ерөөсөө давхцаж байгаагүй. Харин өнөөдөр нэг нэгнээсээ хуулж хуулдаг болж. Тухайн үед дууны үгт хувьсгал хийсэн хамтлаг бол “Хонх” хамтлаг. “Би ажилгүй хүн”, “Хонхны дуу биднийг сэрээнэ”, “Рашаантын 18” гээд тухайн нийгэмд хэзээ ч дуулагдаж байгаагүй тэр нийгмийн эмзэг сэдвийг хөндөн өөрөөр хэлбэл “Хонхны дуу”-гаараа хувьсгал хийж чадсан. Тэдний гаргасан замаар бүх хамтлагууд явж эхэлсэн. Харин өнөөдөр монголын рок попд жаахан ч гэсэн цензур баймаар санагддаг. Тэгж байж л 1990 оных шиг дахин давтагдашгүй, чанартай уран бүтээл төрнө. Харин чадалтай уран бүтээлчдийг урлаг, цаг хугацаа өөрөө шалгуур болж өгдөг. “Харанга”, “Никитон”, “Хурд”, Т.Ариунаа, Сарантуяа, Наран гээд монголын рок попын ертөнцөд хаад, хатад шиг явж ирсэн хүмүүс байна ш дээ. Гэтэл адилхан урлагт хөл тавьчихаад замаасаа сураггүй алга болсон нөхдүүд ч байна.
-Та 2003 оноос урлагаас хөндийрсөн. Тайзаа орхихоор шийдэж байсан юм уу?
-Миний үндсэн ажил гитар тоглох. Гитараа ямар үед би орхих вэ гэхээр магадгүй цаг үе надад тэртэй тэргүй одоо чиний үе дуусч гээд хэлээд өгнө. Тэр үед л би гитараа орхиод, тайзнаас чимээгүй холдоно. Тэрнээс би ямар бөх биш одоо Өөжгий зодог тайллаа гэлтэй биш. 2003 онд хэсэгтээ уран бүтээл хийгээгүй нь үнэн. Уран бүтээл хийх ямар ч урамгүй болсон.
-Яагаад?
-Нэг хэсэг рок поп уруудаж, нийтийн дуу гээч том төрөл хүч түрж орж ирсэн. Хүмүүс рок поп, амьд хөгжмийг сонсохоо больсон. Одоо харин огт өөр. Сая гаруй хүнтэй нийслэлийн хөгжилд рок, поп хөгжим заавал байх ёстой юм болов уу. Манай рок попынхон ч уран бүтээл эрчимтэй хийж байна. Би ч гэсэн энэ давалгаанаас хоцрохгүйг хичээж хэд хэдэн дуу бичлээ. Ерөнхийдөө шинэ залуу хамтлаг дуучид надад маш их санал тавьдаг. Тэр бүр зав чөлөө олддоггүй. Одоо харин энэ тал дээр анхаарч ажиллана гэж бодож байгаа. Саяхан би “Номин талст”-ын “15 жил” гээд том төсөл дээр ажиллалаа. Шинэ СD үнэхээр гоё болсон гэж бодож байна. Удахгүй цомгийн нээлт хийх байх. Хэд хэдэн шинэ дуу багтсан. МУГЖ Ж.Алтанцэцэгийн шинэ цомог дээр ажиллаж байна. Бас “Гурван охин” хамтлагтай хамтарч ажиллаж байна. Тайзны арын эгнээний ажил бол маш чухал. Продюсер гэдэг бол өнөөдөр маш эрэлттэй болоод байна. Тэгэхээр 20 жилийнхээ үр дүнг одоо л гаргах хэрэгтэй биз дээ.
-Уран бүтээлээс хэсэг хөндийрөхдөө юу хийж байсан юм?
-Бааранд тоглож байсан. “Никитон”, “Шар айраг”-тайгаа хамт бааранд л тоглож байлаа. Угаасаа найз нөхөддөө туслаад бизнес хөөе гэвч надад тийм авьяас байхгүй юм байх биш.
-Бааранд тоглоод хэдэн төгрөг авах уу?
-Ямар ч байсан бинзен, тамхины мөнгөө болгоод л байдаг байсан.
-Таныг сүүлд 36 мянган ам.доллароор гэдэсгүй их үнэтэй гитар авсан гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Худлаа. Надад тийм үнэтэй гитар авдаг хөрөнгө ч байхгүй. Яахав арваад гитар бол бий. Хамгийн үнэтэй гитар дунджаар 3200 ам.доллар л байдаг ш дээ.
-Танд нэг алдартай ногоон гитар байдаг байх аа. Ногоон өнгөтэй?
-Тэр ногоон гитар надад гомдож, уур нь хүрдэг байх. Энэ олон жил барилаа гэж. Дээрээс нь хачин ногоон өнгөөр будаад гээд. Тэрийг анх гоё санагдаад фосфортдог ногоон өнгөөр будчихсан юм. Тайзан дээр цагаан гэрэл тусахаар ногоон будаг нь гэрэлтээд янзтай харагдана.
-Дуучин Сэрчмааг Өвөрмонгол нөхөртэй нь таныг танилцуулсан гэдэг. Үнэн юм уу?
-Уг нь Сэрчмаа намайг 2009 онд Өвөрмонголд болсон тоглолтынхоо гитарчнаар аваачсан юм. Тэгэхэд нөхөртэйгөө намайг танилцуулсан. Тэгсэн харин би айл гэр болгоод эргээд салгасан буруутан болчихсон л байна лээ.