Өмнөд Солонгосын “Sewol” хөлгийн ослоос амьд үлдсэн сурагчид өчигдөр Ансан хотод болсон багийн гишүүдийн шүүх хуралд оролцож мэдүүлэг өгсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Ослын улмаас 300 гаруй зорчигч амиа алдаж өнөөг хүртэл 10 зорчигчийн цогцос олдохгүй байгаа юм.
Хятадын “Синьхуа” агентлагийн уламжилж буйгаар ослоос амьд үлдсэн Данвоны ахлах сургуулийн зургаан эмэгтэй сурагч эхний ээлжинд мэдүүлэг өгч бусад сурагчид шүүх хуралд хөндлөнгөс оролцжээ. Зургаан сурагчийн тав нь шүүхийн танхимд мэдүүлэг өгсөн бол нэг сурагч тусгай өрөөнөөс видеогийн тусламжтайгаар мэдүүлэг өгчээ.
Мэдүүлэг өгсөн бүх сурагчид осол гарах үед хөлгийн ахмад чанга яригчаар “Данвоны ахлах сургуулийн сурагчид хөдөлж болохгүй. Онгоц хажуу тийшээгээ хазааж байна. Хэрвээ амьд үлдэхийг хүсч байгаа бол байрнаасаа бүү хөдөл” гэж хэлснийхээ дараа чанга яригчаа унтраасан. “Бид тэр үед ахмадын үгэнд орох нь зөв гэж бодсон учир байрнаасаа огт хөдлөөгүй. Хөлөгт их хэмжээний ус орж ирсэн ч бид ахмад болон багийн гишүүдэд эцсээ хүртэл итгэсэн” хэмээн хариулжээ.
Харин танхимд байсан сурагчид хөлгийн багийнхан биднийг живж байхад амиа бодож зугтаасан хэмээн орилцгоосон гэж “Yonhapnews.co.kr” мэдээлэв.