Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлчдийн эрхэнд халдсан үйлдэлд уучлалт гуйхыг шаардлаа

Ажил үүргээ хийж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг басамжлан, нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэрэг удаа дараа гарсан. Иймээс МСНЭ-ээс Хууль зүйн дотоод хэргийн яаманд мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ. Үүнд:

-ХСҮТ-д болсон сурвалжлагын үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ажлаа хийгээд явж буй UBS телевизийн зураглаачийн биед халдан танхайрсан. Энэхүү үйлдэлдээ Т.Гантөмөрийг зураглаач, сэтгүүлчдээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан.

-Мөн Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирлыг хулгайлсан гэх үйлдлийг газар дээрээс нь сурвалжилж байсан “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед хуулийн ажилтан халдаж, санаатайгаар зодож танхайрчээ. Үүнд мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байгаа юм.

Дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд МСНЭ-ээс хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон шат шатны арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Цаашлаад сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг хамгаалах эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах хүртэлх арга хэмжээ авч ажиллана хэмээн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг хэлэв.

Энэ үеэр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хуулийн зөвлөх, өмгөөлөгч Г.Балжмаа “Ажил хийж явсан сэтгүүлчийн биед халдсан бол тэр хуулийн тэр заалтаар шийтгэнэ гэсэн нарийвчласан Эрүүгийн хуулийн заалт одоогоор байхгүй. Гэхдээ биед нь янз бүрийн гэмтэл учирсан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гэмтлийн зэрэг нь тогтоогдоогүй тохиолдолд олон нийтийн газар танхайрсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татна” гэв.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *