Яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон ETV телевизийн сэтгүүлч М.Уянгын хагалгааны зардалд хандив цуглуулах аян өрнөөд гурав хонож байна. Ард түмнээсээ хандив тусламж өгөхийг хүсч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, ETV телевизийн гүйцэтгэх захирал Т.Ганзул тэргүүтэй төлөөлөгчид болон сэтгүүлч М.Уянгаагийн гэр бүлийн хүн, найз нь өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
ETV Телевизийн гүйцэтгэх захирал Т.Ганзул “ETV телевизийн мэдээний албанд сэтгүүлчээр ажилладаг М.Уянга ажилдаа дур сонирхолтой, мэргэжилдээ үнэнч, өсөж дэвжих чин хүсэл эрмэлзэлтэй, өөрийн хүсэлтээр нэвтрүүлэг санаачилж нийгэмд тулгарсан асуудлуудыг шийддэг, зорилготой сэтгүүлч юм. Хоёр жилийн өмнө надад өөрийн асуудлаа илэн далангүй хэлж байсан. Сүүлийн нэг жил группт орох шаардлагатай болсон ч өөрт байгаа хүсэл сонирхол, бололцоогоороо ажлаа хийсээр байсан. Өнөөдрийг хүртэл хүнд өвчинтэйгөө тэмцэж ирсэн. Бөөрний архаг дутагдал нь бусад эрхтэндээ хурдацтай тархаж байгаа учир яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болоод байна. Солонгост энэ төрлийн эмчилгээг маш өндөр түвшинд хийдэг юм байна. Яалт ч үгүй эмчилгээний зардлын асуудал тулгарсан учраас хандивын үйл ажиллагааг эхлүүлээд байна. Хамгийн түрүүнд хэвлэлийн салбарынхандаа хандивын аянд нэгдэхийг уриалсан. Өнөөдрийн бага хурлаар ард иргэд, компаниудыг энэ хандивт нэгдээсэй гэж хүсч байна” гэлээ.
Одоогоор C1, TV25, TV5, Парламент, Эх орон телевизүүд болон зарим сонин сайтууд хандив тусламжаа өгчээ.
М.Уянгын гэр бүлийн хүн болох Ц.Ариунболд “Би ханьтайгаа нийлээд арав гаран жил амьдарч байна. Бид хоёр бүхнийг тэгээс эхэлж, амьдарч эхэлсэн. Ганц хүүгээ төрөх үед бөөрний дутагдал гэсэн оношийг мэдсэн. Тухайн үед эмнэлэг, сувилалд эмчлүүлдэг байсан. Нэгэнт дутагдалд орсон бөөр өөрт нь мэдэгдэхгүйгээр муудаад л байдаг юм байна. Нуруугаар нь хатгуулна, даралт нь ихэснэ, ухаан нь балартана, хөл гар нь хавагнана, огиулна, бөөлжинө гэх мэт янз бүрийн хэлбэрээр илэрч байсан. Донорын оочерт орчихвол Монголд бөөр солиулах боломж байгаа юм байна гэсэн итгэл найдвар төрж, ах дүү хамаатан садан бүгд бөөрөө өгөхөөр шинжилгээ өгсөн боловч хараахан таарахгүй байсан. Төрсөн ахынх нь харин боломжтой байгаа ч гэсэн цусны бүлэг нь өөр учраас Солонгос улсад очиж энэ хагалгааг хийлгэхээр болсон. Учир нь Монголд цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ хараахан нэвтрээгүй байгаа болохоор гадагшаа судалж БНСУ-ыг сонгосон. Хагалгааны зардалд 120 сая төгрөг шаардлагатай байгаа. Байрны зээлтэй, цалингаас цалингийн хооронд амьдардаг залуу гэр бүлийн хувьд 120 сая төгрөг гэдэг их мөнгө. Би өнгөрсөн хугацаанд эмийг нь тасалчихгүй юмсан гээд гадагшаа явж ажиллаж үзсэн. Тэр хугацаанд хэцүү үед нь хажууд нь байж, сэтгэлийн дэм өгөх ёстой юм байна гэдгийг л ойлгосон. Бид хоёр шиг өвчин, зовлонтой хүмүүс олон л байгаа. Тэр болгонд зовлонгоо тоочоод байж болохгүй шүү дээ, амьд хүн аргатай, учрыг нь олно доо гээд өдийг хүрсэн. Өдөр бүр хүмүүс утсаар ярьж сэтгэлийн дэм хайрлаж байгаа. Тэр бүгдэд баярлаж байгаа. Баярлалаа гэхээс өөр хэлэх зүйлгүй л байна даа” гэсэн юм.
Сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн телевиз хариуцсан дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Хэвлэл мэдээллийн салбарын нэг залуу гэр бүл хүнд өвчинд нэрвэгдээд байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бүх хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандивын аянд оролцохыг уриалсан. Тодорхой хэмжээний хандив тусламжийг хэвлэл мэдээллийн байгууллагууд түрүүчээсээ өгцгөөж байна. Мөн Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын үнэн бодит мэдээ мэдээллийг хүлээн авдаг нийт үзэгч, уншигч, ард түмэндээ энэ аянд нэгдэж, тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Хүний тус багаддаггүй ээ” гэж байв.
Ид хийж бүтээх насандаа хүнд өвчний өмнө өвдөг сөхөрсөн ч одоог хүртэл өөрийгөө эдгэнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа сэтгүүлч М.Уянгад сайхан сэтгэлт монголчууд та бүхний минь дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Ард иргэддээ чадах чинээгээрээ хандив өгөхийг уриалж байна.
Нэгэн бяцхан хүүг ээжтэй нь, нэгэн сайхан гэр бүлийг элэг бүтэн үлдээхийн төлөө та ч бас нэгдээрэй.
Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА
Утас: 94699363, 99122471
Н.АМАРТҮВШИН