Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Эцэг эхчүүд хүүхдийнхээ утасны хэрэглээг багасгахаас илүү үр дүнтэй контент үзүүлэх хэрэгтэй DNN.mn

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн youtube хэрэглээ өсөх болсон. Эцэг эхчүүд нь хүүхдэдээ утсаа өгөхөд шууд л youtube-ээс дуртай зүйлээ гаргаад үзчихдэг. Тэд ихэвчлэн аймшгийн, хэрцгий үйлдэл харуулсан богино хэмжээний бичлэг үзэх нь цөөнгүй байгаа юм.

Тиймээс энэ талаар Сэтгэл зүйч Б.Алтанзаяатай ярилцлаа.


Эцэг эхчүүд сэтгэл зүйн зөвлөгөө авахдаа хүүхдийн утасны хэрэглээний талаар хэр их ханддаг вэ?

-Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар арван хүүхэд ирэхэд бүгд дэлгэцийн хамааралтай байдаг. Гэхдээ дэлгэцийн хамааралтай гэж тодотгож ирсэн тохиолдол 10 хүүхдийн 2-3 нь байгаа. Яагаад гэвэл бид өөрсдөө гар утасны хамааралтай байгаа учраас яг донтож байгаа гэдгээ өөрсдөө ч мэддэггүй. Хүүхдийн нүд анивчих, нойргүй болох гэх мэт сөрөг өөрчлөлтүүд илрэх тохиолдолд л сэтгэл зүйчид ханддаг. Тэр хүртэл нь анзаарахгүй авдаг гэсэн үг юм.  Зан харилцааны асуудал, сэтгэл зүйн гутралд орсныг сэтгэл зүйн оношилгоо хийгээд үзэхэд энэ асуудал нь илэрдэг.

Сүүлийн үед хүүхдүүд youtube-с гадаадын богино хэмжээний аймшгийн бичлэг үзэх нь ихэссэн. Энэ нь сэтгэл зүйд нь хэрхэн нөлөөлөх вэ?

-Хоёроос доош насны хүүхэд энэ төрлийн богино хэмжээний бичлэг үзэх нь тархины хөгжлийн хоцрогдлыг удаашруулдаг. Харин 5 болон түүнээс дээш насны хүүхдүүд ухаалаг утасны хэрэглээ их байгаагаас шалтгаалж нийгмийн харилцаа мөн хөгжлийн хоцрогдлыг үүсгэдэг. Хүүхдийн анхаарал төвлөрөх чадамж нь дээд талдаа 15 минут байдаг бол богино хэмжээний бичлэг нь 30-60 секунд үргэлжилдэг. Богино хэмжээний бичлэг их үзсэнээр хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар багасаж үүнээс үүдэн ADHD-тэй хүүхдүүд маш олон болж байна.

– Иймэрхүү богино хэмжээний бичлэг үзсэнээр сэтгэцэд нь гаж нөлөө үзүүлсэн кейс ирж байсан уу?

-Тийм тохиолдол ирсэн. Өсвөр насны хүүхдийн үзэх ёстой бичлэгийг бага насны хүүхдүүд үзээд эхлэхээр бэлгийн боловсролын үйл явцад сөргөөр нөлөөлдөг. Мөн хүүхдийн дотоод энергийг сэргээх, сэдэлжүүлэх, буруу тал руу чиглүүлэх хандлага маш их илэрдэг.

-Ер нь утасны хамаарлын талаар зөвлөгөө авах тохиолдол хэр их байгаа вэ?

-Ковидын үед утасны хэрэглээ маш их дэлгэрсэн. Дан ганц хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хүн хүртэл дэлгэцийн хамааралтай болсон. Ковидын үед бид ажлаа оройгоор хийж, утсаар тоглож, кино үзэх зэрэг утасны хамаарал ихэссэн нь одоо биднийг нойрны асуудалд оруулж байна. Өмнөх жилийнхтэй харьцуулахад утасны хэрэглээний талаар зөвлөгөө авсан хүмүүс харьцангуй бага болсон.

Монголд багачуудад зориулсан контент хэр их байдаг бэ?

-Монгол хүүхдүүдэд зориулсан кино контент байдаг. Гэхдээ үлгэр дуурайлал авах нь олон салаа болчихдог. Жишээлбэл, “Зу зугийн найзууд”-аас танин мэдэхүй, “Мөнх Тунх”-аас өөрийгөө илэрхийлэх мөн нийгмийн харилцааг олж авдаг. Бага насны хүүхдүүд  “Cocomelon” зэрэг гадаадын бичлэг их үздэг. Гадаадын кино контентыг орлуулах монгол контент гарч ирээсэй гэж сэтгэл зүйч хүний хувьд хүсдэг.

-Утасны хэрэглээг багасгахын тулд эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Хамгийн түрүүнд гэр бүлийн зарчимтай болоосой гэж боддог. Эцэг эх нь  хүүхдийнхээ хамгийн том толь байдаг учраас өөрсдөө эхлээд зөв хэрэглээг бий болгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ утасны хэрэглээг багасахаас илүү үр дүнтэй контент үзүүлээсэй гэж зөвлөж байна.

 

 

О.ЮМЧИНБАДАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *