Сэтгэл зүйч Э.Баянжаргалтай ярилцлаа.
-Монголчуудын дийлэнхэд хүүхдэдээ гар хүрэх гээд байдаг гэм бий. Багадаа зодуулж өссөний буруу алга гэж ирээд ярьдаг хүмүүс ч олон таардаг. Ер нь хүүхдийг зодож хүмүүжүүлэх хэр зөв арга вэ?
-Маш буруу арга. Манай улс хүүхдээ зодож шийтгэвэл хариуцлага хүлээлгэдэг хуультай. Гэхдээ хүүхдээ зодож шийтгэвэл ийм хариуцлага хүлээлгэнэ гэж хуулийн заалт ярихаас илүүтэйгээр гар хүрэхгүйгээр өсгөж хүмүүжүүлэх арга зүйг нь ойлгуулмаар санагддаг. Таны хэлсэнчлэн томчууд багадаа зодуулж өслөө, тэглээ гээд буруудсан юм алга гэж ярьдаг. Тийм биш л дээ. Харин эсрэгээр нь би зодуулаагүй өссөн юм бол өнөөдөр ямар амжилттай яваа бол гэдэг талаас нь харж ярих хэрэгтэй. Хүүхдийг зодох нь хүмүүжлийн ямар ч ач холбогдолгүйг эрдэмтэд судлаад тогтоочихсон. Багадаа зодуулж байсан насанд хүрэгчдээс судалгаа авахад 95 орчим хувь нь яг юунаас болж аав, ээждээ зодуулснаа санадаггүй гэсэн хариу өгсөн байдаг. Зодох нь хүмүүжлийн ач тусгүйг энэ судалгаанаас харж болно. Ээж аавууд хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэсэндээ зоддоггүй, стрессээ тайлах нэг арга нь болсон гэсэн судалгаа ч бий.
-Стрессээ тайлах гэж хүүхдээ зоддог гэсэн тайлбар хатуу сонсогдож байна шүү?
-Сүүлийн үед хүмүүс их стресстэх болсон. Замын бөглөрөл, ажлын орчин гээд стресстэх шалтгаан өчнөөн байна л даа. Шуудхан хэлэхэд тэр бүх стрессээ гарын дор байдаг хүүхдэдээ гаргаж, хүүхдээ аашилж, зодож стрессээ тайлаад байна. Дарга нь загналаа гэхэд тэр бүр үг сөрж чаддаггүй. Даргадаа загнуулж шийтгүүлсэн стрессээ хүүхдэдээ гаргаад байна. Мэдээж аав, ээжүүдэд энэ тайлбар хатуу сонсогдох байх. Дахиад хэлэхэд энэ бол бодитой тайлбар.
-Хүүхдүүд ээж, ааваасаа илүү стресст ордог гэж сонсч байсан. Энэ хэр ортой мэдээлэл вэ?
-Бодитой үнэн мэдээлэл. Ээж, аавууд стресст ордог гээд байдаг ч яг үнэндээ хүүхдүүд илүү стресст ордог. Тэр дундаа 5-7 насныхан их стресстдэг. Хэдэн цагт босох, юу идэх, ямар ажил амжуулах гээд сонголт бидний гарт бий. Гэтэл хүүхдэд сонголт хийх боломж маш бага байдаг. Энэ талаас нь харж хүүхдээ илүү ихээр ойлгож харилцахыг сэтгэл зүйчид зөвлөдөг. Японы нэг сэтгэл зүйч бүдэрч унахад хүртэл хүүхдэд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй гэж ярьж байсан удаатай. Хүүхдийн тань хайртай амьтан үхчихлээ гэж бодъё. Энэ тохиолдолд аав, ээжүүд өөр амьтан авч өгье гэх мэтээр ханддаг. Хамтдаа гашуудах л хамгийн зөв арга. Ер нь хүүхэдтэйгээ ижил түвшинд, найзын хэмжээнд харилцах хэрэгтэй. Аав, ээжүүдийн хувьд хэн нэгэнтэй ярилцаж зөвлөлдөөд сэтгэлээ онгойлгочихдог. Харин хүүхдүүд хуримтлагдсан уур бухимдал, гомдол стрессээ тайлах аргаа олдоггүй. Тийм учраас стрессээ уйлж, зөрүүдэлж, үеийнхнээ шоглож, аав, ээжтэйгээ тэрсэлдэж гадагшлуулдаг. Үүнийг нь ойлгохгүй загнаж, зодох гээд байдаг нь эцэг эхчүүдийн том алдаа болдог.
-Та сая 5-7 насныхан хамгийн их стресстдэг гэж ярилаа. Ямар шалтгаанаар стресстдэг юм бол?
-Энэ насныхны хувьд сургуульд ордог, шинэ орчинд орж нийгэмшиж эхэлдэг үе. Тэр утгаараа 5-7 насныханд аав, ээжийн дэмжлэг бусад наснаас илүү хэрэгтэй. Багш нь нэг юм хэлээд, ээж аав нь ондоо зүйл яриад байхаар хүүхэд зөрчилд орж эхэлдэг. Цэцэрлэгтээ тоглож, амраад явж байсан хүүхдүүд дүрэм журам дагаад, нийгмийн харилцаанд ороод ирэхээр стресстдэг. Энэ насанд найз нөхөдтэй болох хэрэгцээ үүсдэг. Найзуудыг нь төрсөн өдөрт нь урих, хамтад нь кино үзүүлэх гэх мэтээр дэмжих хэрэгтэй.
-Зодож шийтгэх нь буруу юу, зөв үү гэдэг асуудал руугаа эргээд оръё. Зодуулж өссөн хүүхэд томроод ямар хүн болдог вэ. Сэтгэл зүйн хувьд хэр сөрөг өөрчлөлт гардаг бол?
-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ярилцахаар хүний нүүр рүү ч эгцэлж харж чаддаггүй нийтлэг тал анзаарагддаг. Энэ бол зөвхөн эхний шинж тэмдэг нь. Байнга шүүмжлүүлж, загнуулж, зодуулж өссөн хүүхэд ноомой, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, бусдыг хайрлах сэтгэлгүй хүн болж төлөвшдөг. Монголын нэг айхавтар зүйр үг бий. “Хурга байхдаа цадаагүй бол төлөг болсон ч майлсаар байна” гэж. Энэ үгийг ухаад бодвол хүүхэд насандаа хайрлуулж, халамжлуулаагүй бол насанд хүрсэн хойноо хэцүү хүн болно гэсэн утга гарч ирж байгаа биз. Өнгөрсөн нийгэмд төлөв төвшин, дуу цөөтэй хүмүүсийг ноён нуруутай гэж үнэлдэг байсан бол өнөөдөр тэр хандлага өөрчлөгдсөн. Нээлттэй, ямар ч хүний арга эвийг олж чаддаг, үнэхээр чадаад байгаа бол тэрийгээ таниулж илэрхийлдэг хүмүүс л өнөөдөр амжилтад хүрч байна. Тэгэхээр хүүхдийнхээ санаа бодлыг сонсохгүй, зодож дарамталж шийтгэх тусам өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийж байна гэсэн үг. Бие даах чадваргүй, шийдвэр гаргадаггүй, бусдын хараат, аялдан дагагч энгийн номхон хүнийг бэлдэж байна гэдгээ ойлгож ухаарах хэрэгтэй. Бүр их хүчирхийлэлд өссөн хүүхдүүдийн хувьд том болоод гэмт хэрэгтэн болохоос өөр гарц байдаггүйг баталсан судалгаанууд олон бий. Эрүүл саруул төрсөн хүүхдүүдээ өөрийнхөө гараар бусдаас ялгарахгүй энгийн даруу нэгэн болгоё гэж хүсэх аав, ээж мэдээж байхгүй. Зодож хүмүүжүүлэхийн уршгийг мэдэхгүйдээ гар хүрээд байна л даа.
-Зодохгүйгээр эерэгээр хүмүүжүүлэх ямар аргууд байдаг вэ?
-Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэхээр физикийн томьёо шиг тов тодорхой байдаг зүйл биш л дээ. Нас насных нь онцлогийг ойлгож харилцахыг л хэлээд байгаа юм. Түрүүн гэхэд хоёулаа 5-7 насныхны онцлог, энэ насныхантай хэрхэн харилцах тухай ярилаа шүү дээ. Аав, ээжүүдийн алсын зорилго нь хүүхдээ сайн хүн болгох. Гэтэл аар саархан ойрын зорилгоосоо болоод холын зорилгоо мартчихдаг. Холын зорилгоо мартахгүйн тулд хүүхдийнхээ онцлогийг мэдэж харилцах хэрэгтэй. Тодруулж хэлбэл хүүхдийнхээ нас, бие, сэтгэл зүйнх нь онцлогийг нарийн мэддэг байх ёстой. 0-6 настай хүүхэд гэхэд л өөрийн гэсэн онцлогтой. Энэ үед хүүхдэд ээж, аавынх нь хайр чухал байдаг. Биеийг нь илэх, харцаа тогтоож хүүхэдтэйгээ ярих зэргээр харилцаа тогтоож байх хэрэгтэй. Аавууд энэ үед нь хүүхэдтэйгээ дотно байдаггүй тал анзаарагддаг. Учир мэддэг болохоор нь сайн харилцана даа гэцгээдэг. Харамсалтай нь тэр үед хожимдсон байдаг. Яг хэрэгтэй үед нь л хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг нөхөөгүй бол том болсон хойно нь ярилцахад түвэгтэй, үр дүн багатай байдаг.
-Нялх үед нь хүүхдээ ээжид нь бүрэн даатгасан аавуудад хожим нь хүүхэдтэйгээ ойлголцоход хүндрэл гарах нь ээ дээ?
-Тэгж ойлгож болно. Хүүхдүүддээ хоол өгөхөө мэддэг хэрнээ сэтгэл зүйн тэжээлийг нь өгч чаддаггүй гэм аав, ээжүүдэд анзаарагддаг. Зургаан сартайгаас хоёр, гурван настай хүүхдийн хувьд шинэ зүйл сурдаг үе. Энэ үед нь хүүхдийн тархины эд эс хүчтэй хөгждөг. Шинэ зүйлийг сурах тусам эд эсүүд нь холбогдож байдаг. Ийм учраас гурван нас хүртэлх хүүхдүүд бие даахыг хүсдэг.
Ээжийгээ гурил зуурахад нь дуурайх гэдэг. Яг ийм үед нь хориг тавихаар зөрүүдлэхээс эхлээд эсэргүүцэл үзүүлдэг. Энэ насны хүүхэдтэй аав, ээжид зөвлөхөд танай хүүхэд л юм юм руу орох гээд байгаа хэрэг биш, тархины хөгжил нь хэвийн явагдаж байна гэсэн үг. Халуун зүйл рүү орох гэх мэт эрсдлээс хамгаална уу гэхээс танин мэдэх, хөгжих гэсэн үйлдлүүдийг нь шууд хорьж болохгүй. 3-4 настай хүүхдийн хувьд тархинд нь олон янзын эд эс шинээр бүрэлддэг. Тэгэхээр санаа, сэдлийг нь аль болох хориглохгүй байх хэрэгтэй. Гурав, дөрвөн настнуудын нэг том онцлог гэвэл маш их айдастай байдаг. Зохиомол айдас төрдөг үе. Гэтэл энэ насныхныг аав, ээж нь “Үгэнд орохгүй бол цагдаа аваад явна”, “Мангаст өгнө шүү” гэх мэтээр айлгадаг. Айдастай, зорилгоо хэлж ойлгуулж чаддаггүй хүн болох эхлэлийг л тавьж байгаа хэрэг.
-Шилжилтийн нас эрт эхэлдэг болсон гэж ярих юм. Энэ хэр ортой мэдээлэл вэ?
-Шилжилтийн нас эрт эхэлдэг болсон. Өмнө нь 10-13 насанд шилжилтийн нас эхэлнэ гэж үздэг байсан бол сүүлийн үед 8-9 нас гэж ярьж байна.
-Гурав, дөрөвдүгээр ангиасаа л шилжилтийн нас руу орчихож байгаа юм байна. Шилжилтийн насанд ааш занд нь өөрчлөлт ордгийг шинжэх ухаан, сэтгэл зүй талаас нь тайлбарлаж өгөөч?
-Үгэнд орохгүй шинж анзаарагддаг. Шилжилтийн насанд бие физиологид өөрчлөлт орж эхэлдэг. Бие, сэтгэл хоёр бол нэгдмэл зүйл. Биед нь өөрчлөлт орохоор ааш нь хувирч эхэлдэг. Уурлахад царай улайж, хоолойны өнгө өөрчлөгдөж, хүүхдийн бие хөгжөөд физиологийн өөрчлөлт гараад ирэхээр яалт ч үгүй зан аашинд өөрчлөлт орж эхэлдэг. Гэтэл ээж, аавууд хүүхдийнхээ энэ онцлогийг ойлгохгүй “Зүгээр байдаг хүүхэд яах нь энэ вэ” гээд эвгүй харилцаад эхэлдэг. “Хүүхэд том хүн байж үзээгүй, харин томчууд хүүхэд байж үзсэн” гэдэг үг бий. Тэгэхээр хүүхэд биднийг ойлгох боломжгүй. Ээж аавууд л хүүхдээ ойлгохоос аргагүй. Мэдээж хүүхдээ ойлгож харилцана гэдэг ярьж байгаа шиг амар зүйл биш. Хэцүү зүйл их тохиолдоно. Тэр болгонд хүлээцтэй, тэвчээртэй байх хэрэгтэй.
-Шилжилтийн насны хүүхэдтэй яаж харилцах ёстой вэ?
-Шилжилтийн насныхан өөрсдийгөө том хүн болчихлоо гэж боддог. Ингэж бодох нь хүүхдийн буруу биш. Тэр утгаараа шилжилтийн насныхан том хүний хийдэг бүхнийг бие даагаад хийхийг эрмэлздэг. Энэ насны нэг том эрсдэл бол амьдралын туршлага багаас болж алдаа гаргах гээд байдаг. Нэг талаараа тархины хөгжилтэй ч холбоотой. Хүний тархи хойноосоо урагшаа хөгждөг. Духны хэсэгт бодож төлөвлөх, эрсдэлт үйлдлийг урьдчилан тооцоолох чадварыг бүрдүүлдэг хэсэг байдаг. Тэр чадвар нь хамгийн сүүлд хөгждөг гэсэн үг. Энэ үед хүүхдийг мэдээж хянах ёстой. Гэхдээ дээрээс харж хянах биш, алсын зайнаас, найз нөхөд шиг нь харилцах учиртай. Хүүхдэд харж хамгаалуулах, сурч боловсрох, амьд явах, оролцох гэсэн дөрвөн үндсэн эрх бий. Оролцох эрхийг бүр багаас нь эдлүүлж байх ёстой. Хувцас худалдаж авахаас эхлээд нүүж суухдаа хүртэл саналыг нь асуух хэрэгтэй. Ингэж өссөн хүүхэд аливаад ач холбогдол өгдөг, бүх юманд дүгнэлт хийх чадвартай хүн болдог. Барууны оронд бүр хүүхдээ дөнгөж төрөхөд нь өлгийнийх нь өнгийг “сонгуулдаг” жишиг бий. Аль нэг өнгөн дээр нь харцаа тогтоовол өнөө өнгийнх нь өлгийг сонгодог юм байна л даа. Өлгийтэй хүүхэд ойлгохгүй шүү дээ гэх байх. Хүүхдийн оролцоог өндөр хэмжээнд авч үзэх ёстой гэдгийг харуулсан сонирхолтой кейс мөн үү гэвэл мөн.
-Ер нь хүүхдийг эерэгээс хүмүүжүүлэхэд хамгийн өргөн хэрэглэдэг ямар арга байдаг бол?
-Хүүхдээ хүмүүжүүлэхдээ зайлшгүй хэрэглэх ёстой арга гэвэл AA буюу алдааг нь биш, амжилтыг нь, ЗЗ буюу загнахгүй, залхаахгүй байх гэсэн аргууд байна. Шалгалтандаа хангалтгүй дүн авсан байлаа ч бурууг нь харж загнахаас илүүтэй зөв хийснийг нь магтаж урамшуулах хэрэгтэй. “Миний хүү маш хүнд даалгаврыг нь хийж чадсан байна. Жаахан хичээхэд л үлдсэн даалгавраа асуудалгүй хийх юм байна” гэх мэтээр урамшуулж, хүч өгөх хэрэгтэй. Бидний тархины хувьд сэтгэл хөдлөлийг удирддаг хэсэг нь дотроо, бодож төлөвлөдөг хэсэг нь гадуур нь хучигдсан байдаг. Сэтгэл хөдлөл удирддаг хэсэг ажиллаж уурлаж бухимдаад ирэхээр бодох хянах хэсэг нь ажиллахгүй болно гэсэн үг. Тэгэхээр түр зуурын бухимдалдаа хөтлөгдөхөөс илүү хэрхэн харилцах ёстойгоо бодож, ухамсарлаж, хүүхэдтэйгээ харилцаарай гэж аав, ээжүүдэд зөвлөе.