Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэл зүйч Б.Өнөбилгүүн: Эмэгтэй хүн муу эр хүнд татагддаг гэдэг нь хууртагддаг гэх ойлголттойгоо дөхнө DNN.mn

Сэтгэл зүйч, гэр бүл судлаач Б.Өнөбилгүүнтэй ярилцлаа.


-Эрэгтэй хүний эмэгтэй хүнд татагдах сэтгэл зүйн онцлог нь юу байдаг вэ?

-Ерөнхийдөө эрэгтэй хүний сэтгэл зүй ихэвчлэн гадаад төрхөнд илүү татагддаг. Эмэгтэйчүүд ч гэсэн гадаад төрхөнд татагддаг ч доторх ертөнц нь ямар байгаа бол, үзэл бодол нийлэх болов уу гэдэг тал дээр анхаарал хандуулдгаараа ялгаатай. Эрэгтэй хүн бүр өөр өөрийн онцлогтой. Жишээ нь, зарим эрэгтэй хүмүүс жаахан мариалаг эмэгтэй хүнд татагддаг бол зарим нь өндөр эмэгтэй хүнд дуртай байдаг. Эмэгтэй хүн ч бас тэр байдлыг илүүд хардаг байж болно. Гэхдээ эрэгтэй хүний онцлог нь эхний сэтгэгдэл төрүүлэхэд арай хүчтэй илэрдэг. Эмэгтэй хүн бол эхний сэтгэгдэл төрүүлэхдээ илүү болгоомжилсон, хүлээсэн байдалтай байдаг. Эрэгтэй хүн бол шууд шийдвэр гаргаад танилцъя гэдэг ч юм уу, илүү зоригтой түрүүлж алхам хийх байдал нь байгалиас өгөгдчихөн. Тэр байдлаараа онцлогтой. Түүнээс эрэгтэй хүн ингэдэг, эмэгтэй хүн тэгдэг гэсэн зүйл байхгүй. Нийтлэг байдал нь адилхан.

-Анхны сэтгэгдлээ хэн хэндээ таниулсны дараа амьдрал зохиох үед эмэгтэйчүүд юунд анхаарал хандуулах ёстой байдаг вэ?

-Ерөнхийдөө хувьцаа худалдан авахтай адилхан. Үнэ нь маш их өссөн хувьцааг хүн бүр хошуураад худалдан аваад маш их мөнгө алддаг шүү дээ. Тэрэнтэй адилхан эрэгтэй хүнийг хувьцаатай зүйрлээд хэлчихэж болно. Эмэгтэй хүмүүс хөрөнгө мөнгөтэй, царайлаг, бие хаа өв тэгш залуутай хувьцааг зүйрлээд яривал хүн болгоны анхаарлыг татдаг хувьцаа гэж хэлж болно. Гэтэл яг хувьцааны зах зээл юу болдог вэ гэхээр хүн болгон худалдан авч байгаа үнэ нь хөөсөрсөн хувьцаанд маш болгоомжтой хандах ёстой байдаг. Үүнтэй адилхан эмэгтэй хүмүүс шууд үнэ нь өсчихсөн бэлэн хувьцааг авах гээд байдаг. Гэтэл жинхэнэ арилжаа хийдэг мэргэжлийн хүмүүс маш хямдхан мөртлөө ирээдүйд өсөх магадлал өндөртэй, суурь боломжууд нь өссөн хувьцааг худалдаж авдаг. Тэгэхээр үүнтэй адилхан эмэгтэй хүмүүс эр нөхрөө сонгохдоо нэр хүнд нь өсчихсөн, мөнгөтэй хүнийг сонгохоосоо илүү ирээдүйд өсөх магадлалтай хувьцаа буюу одоогийн байдлаар шинээр бизнес эхэлж байгаа, сургуулиа амжилттай төгсөж байгаа тийм хүнийг сонгох нь зүйтэй. Гэтэл эмэгтэй хүмүүс үүнийг мэддэггүйгээсээ болоод олны танил, нэр хүндтэй, мөнгөтэй хүмүүс рүү хошуурдаг. Тэр нь эсрэгээрээ маш олон буруу зүйлийг дагуулдаг. Үндсэн мэргэжлийн хүмүүс юуг судалдаг гэхээр ирээдүйд хэр тогтвортой байх юм, компани нь цаашид үр өгөөжөө авч ирэх юм уу, үгүй юү гэдгийг маш нарийвчилж судлаад, санхүүгийнх нь тайлан тодорхой гардаг уу, үгүй юү гэдгийг судалдагтай адилхан эрэгтэй хүмүүсийг яаж судлах ёстой вэ гэхээр сэтгэлээр унамтгай юу, архи дарс уудаг уу, өөртөө зорилго тавьдаг уу, тавьсан зорилгодоо хүрдэг үү, хөдөлмөрч үү, тууштай юу гэдгийг харах ёстой. Түүнээс тэр хүний мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу гэдгийг нь харах хувьцаан дээр гаргадаг алдааны үзэгдэлтэй адил зүйл бий болно гэсэн үг.

-Ихэнх эмэгтэйчүүд муу эрэгтэйчүүдэд татагддаг гэдэг шүү дээ. Эмэгтэйчүүд нийтлэгээрээ ямар эр хүнд татагддаг вэ?

-Нийтлэг эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг нээлттэй, зоригтой, хөгжилтэй, тэр хүнийг уйдаахгүй ч юм уу, өөрийг нь ойлгодог, хайрладаг хамгийн гол нь халамж гэдэг зүйлийг маш их хүсдэг. Жишээ нь, монгол эрчүүдийн хамгийн их гаргадаг алдаа нь хаалгаар эмэгтэй хүнээс түрүүлээд орчихдог, лифтэнд түрүүлээд орчихдог, ширээнд түрүүлээд суучихдаг, хоолоо түрүүлээд идчихдэг гэдэг ч юм уу иймэрхүү алдаанууд их гаргадаг. Ядаж л хаалгыг нь онгойлгож өгөөд, лифтэнд түрүүлж оруулдаг, ширээнд суухад нь сандлыг нь татаад өгдөг, ус ундаагаа эмэгтэйдээ аягалаад өгдөг ч юм уу, хоол идэхдээ ч эмэгтэйгээ хүлээдэг гэх мэт жижиг үйлдлүүдийг эмэгтэй хүмүүс нарийвчлан гярхай ажиглаж байдаг. Тэр үйлдлүүдийг нь анзаарч байгааг эрэгтэй хүмүүс мэддэггүй. Тиймэрхүү жижиг үйлдлүүд ч эмэгтэй хүнд сэтгэгдэл үлдээж чаддаг. Би чиний төлөө шүү гэдгээ эрэгтэй хүн маш жижиг үйлдлээр илэрхийлж болно. Тийм эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг өөртөө их татдаг. Дээрээс нь сонсох чадвар манай эрчүүдэд их сул. Би л чадвартай, мөнгөтэй, орлоготой, эго өндөртэй гэж өөрийгөө рекламддаг залуучууд их байдаг учраас эмэгтэйчүүдийнхээ яриаг сонсохоос илүү өөрсдийгөө илэрхийлж, би лаг мундаг, чадалтай гэж өөрийгөө гайхуулах зорилгоор маш их ярьдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн сонирхлыг татдаггүй ч гэх юм уу иймэрхүү асуудлууд нийтлэг харагддаг. Муу залууст эмэгтэйчүүд их татагддаг гэдэг нь аливаа нэг муу зүйл өөрийгөө сайн талаар заавал далдлах хэрэгцээ шаардлага байдаг. Хүнд сайн болж харагдах, сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгцээ байдаг учраас муу эрчүүд өнгөлөн далдалтыг сайн хийж сурсан байдаг. Жишээлбэл, багаасаа худлаа ярьдаг байсан бол хүнд яаж итгэл төрүүлэх, худлаа ярьдгаа нуух чадвартай болсон байдаг. Тиймээс эмэгтэйчүүд түүнд нь хууртагддаг гэсэн үг. Эмэгтэйчүүдийг гол өөртөө татаад байгаа зүйл нь чадварлаг өнгөлөн далдалт хийж байгаа байдалд нь. Түүнээс биш анхнаасаа муу эрэгтэй хүнд дуртай эмэгтэй хүн гэж байхгүй. Бүгд л сайн хань ижилтэй болохыг хүсдэг. Эмэгтэй хүнийг төөрөгдүүлдэг л гэсэн үг л дээ. Эмэгтэй хүн муу эр хүнд татагддаг гэдэг ойлголт нь хууртагддаг гэдэг ойлголттойгоо дөхнө гэж би бодож байна.

-Ер нь эрэгтэй хүний энэ бүх зан чанар хэдий хугацаанд танигдах бол. Цаг хугацаа өнгөрөх тусам нэгнээ харцаараа ойлгодог болдог гэдэг шүү дээ?

-Анхны болзоогоо хийж байгаа хосууд нэг нэгэндээ хамгийн сайхан байдлаа харуулахыг хүсдэг. Хамгийн гоё хувцсаа өмсөнө. Нүүрээ гоё будна. Хамгийн сайхан ааш зангаа гаргана. Тэр үедээ тухайн хүнийг танихад маш хүндрэлтэй. Хэнд гоё сэтгэгдэл төрүүлэх хэрэгцээ, шаардлага, ашиг байхгүй вэ гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Тэр нь ээж аав, найз нөхөд, эргэн тойрны нийлдэг танилууд гэх мэт хүмүүс байдаг. Тэр хүмүүст гоё сайхан харагдах ашиг сонирхол байхгүй учраас тэд өөрсдийнхөөрөө байдаг. Тэгэхээр нийлж байгаа хүмүүс, найз нөхдийг нь маш сайн анзаарах хэрэгтэй. Ээж аавыг нь анзаарах, яаж харьцаж байгааг харах нь зүйтэй. Эмэгтэйнхээ ээж нь ямар хүн байна вэ гэдгийг анзаар. Түргэн ааштай, хов зөөдөг, хүний мууд дуртай ээжтэй охин бол арслангаас туулай төрдөггүй, туулайнаас арслан төрдөггүй гэгчээр тэр охины цаад мөн чанарыг харж болно. Тухайн хүнийг найз нөхөд болон гэр бүл, эргэн тойрны хүрээллээс нь харах бүрэн боломжтой. Мөн жижигхэн үйлдлүүдийг маш сайн анзаардаг байх хэрэгтэй. Юун дээр ямар зан гаргаж байна гэдгийг гярхай анзаардаг хүмүүс хүн танихдаа сайн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *