Өсвөр насны охид нэгнийхээ биед халдсан ноцтой бичлэг олон нийтийн сүлжээнд түгсэн. Үе тэнгийн дээрэлхэлт юунаас үүсдэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар сэтгэл зүйч Б.Пагмадуламтай ярилцлаа.
-Үе тэнгийн дээрэлхэлт, тэр дундаа өсвөр насны охидын нэгнийгээ гутаан доромжлох, бүр бие махбодид нь халдах үзэгдэл гарах боллоо. Сэтгэл зүйчийн хувьд энэ үзэгдлийг хэрхэн харж байна вэ?
-Энэ асуудал юунаас улбаатай вэ гэхээр хамгийн анхдагч зүйл гэр бүлийн хараа хяналт сул байх, эцэг эхийн харилцаа хандлага сөрөг, хоорондоо огт харилцаа холбоогүй, хүүхдийнхээ мэдрэмжийг хуваалцдаггүй байх зэрэг хүчин зүйлтэй шууд холбогддог. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүмүүжлийн асуудал хамгийн түрүүнд хөндөгдөнө.
-Саяхан нэг хүн сошиалд бичсэн байсан. Бид охидын эрх гэж түлхүү ярьдаг. Охидоо эрхлүүлдэг, алган дээрээ бөмбөрүүлдэг. Хамгийн гоё сайхныг эдлүүлж, гоё үгсийг хэлэх гэдэг. Энэ нь эргээд тухайн хүүхдийн сэтгэл зүйг эвдэж, ийм ноцтой үр дагаварт хүргэж байна гэсэн байв. Ийм байж болох уу?
-Манайд жендерийн хэвшмэл нэг ойлголт байдаг нь үнэн. Эмэгтэй хүүхэд эмзэг, хайрлаж хамгаалах хэрэгтэй. Хөвгүүддээ “Охидод битгий гар хүрээрэй” гэж захидаг. Гэхдээ нийгэмд зөвхөн охидыг өсгөөгүй шүү дээ. Хөвгүүд ч өсч торниж байгаа. Гэтэл охидод анхаарч байгаа тэр их анхаарал, халамж буцаад охид хөвгүүд рүү чичилдэг, өөрсдийнхөө хэрэгцээг давуу байдал гэж харахад хүргэдэг.
Жишээ нь, надаас үйлчилгээ авахаар орж ирж байгаа охидыг ажиглахад хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй. Үсээ нүднийхээ урдуур тавьчихна. Хүн юм ярьж байхад гараад явчихна. Энэ нь өөрөө харилцааны доголдол юм. Тийм хүүхдүүдтэй тулаад уулзаад зөвлөгөө тусламж үзүүлээд эхлэхээр хамгийн эмзэг, гэнэн тав, зургаан настай охидын төрх, зан араншин гарч ирдэг. Харамсалтай нь маш их гомдол тээсэн байх нь бий. Ээждээ, аавдаа гомдчихсон, гэр бүл салалтын золиос, хүчирхийллийн хохирогч болчихсон хүүхдүүд байдаг. Ийм хүүхдүүдэд ямар эмчилгээ хэрэгтэй вэ гэхээр хүмүүс маш хүндээр төсөөлдөг. Уг нь маш амархан. “Миний охин ээжтэйгээ хэдэн минут ярилцаж чаддаг вэ” гэхээр хариулах хүүхэд маш цөөхөн. “Чи ээжтэйгээ хэзээ тэврэлдэж унтсан бэ” гэхээр хариулт байхгүй. “Хэзээ хамгийн сүүлд ам бүлээрээ халуун хоол идсэн бэ” гэхэд бас л таг. Танай сониныг уншиж байгаа эцэг эхчүүдээс ч үүнийг асуумаар байна. Ийм асуултуудад хариулж чадахгүй болохоор дараагийн түвшин рүү ороход тун хэцүү. Ингээд эцэг, эхийг нь заавал дууддаг. Томчууд “Хүүхэд болохгүй байна” гэж орж ирдэг. Өөрсдөө бол “Маш их завгүй ажилладаг. Хүүхдийн төлөө ажилладаг” гэж л тайлбарлана. Ядаж долоо хоногт 30 минутыг л хүүхдэдээ зарцуулаад мэдрэмжийг нь сонсоод өгчих хэрэгтэй. Хамгийн ойрхон, хамгийн үнэтэй мөртлөө төлбөргүй сэтгэл зүйчид эцэг эхчүүд өөрсдөө байдаг. Үүнийг эцэг эхчүүдэд хэлдэг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ажиллаад ирэхээр хоёр долоо хоног өнгөрөхөд хүүхэд үсээ хойшоо хавчдаг болно, инээнэ, нүүрэн дээр нь ягаан туяа тодроод л ирдэг.
-Эцэг эхчүүдийн харилцаа, анхаарал халамж дутагдсанаас болж охид нэгэндээ гар хүрч, буруу зүйл хийж эхэлдэг гэсэн үг үү?
-Гэр бүлийн анхаарал халамж сул байхаас гадна сөрөг харилцаа, хандлага үе тэнгийн дээрэлхэлт бий болгоход нөлөөлдөг.
Өнөөдөр өсвөр үеэр тогтохгүй зургаан настан ч, цэцэрлэгийн хүүхэд ч нэгнийгээ дээрэлхдэг болчихсон шүү. Хүүхэд гэр бүлийн толь гэдэг энэ шүү дээ. Яг асуудал ярихад эцэг эхчүүд өөрсдийгөө өмгөөлдөг, манай хүүхдийн буруу биш, нөгөө хүүхдийн буруу гээд л зүтгэдэг.
-Сургуулийн орчинд үе тэнгийхний дунд өрнөж байгаа асуудлыг анхаарах, мэдрэх бас нэг субьект нь сургуулийн сэтгэл зүйчид байх ёстой. Гэтэл сургуулийн орчинд энэ төрлийн хэрэг зөрчил, үе тэнгийн дээрэлхэлт байсаар байна шүү дээ. Энэ юутай холбоотой юм бол?
-Хүмүүс сэтгэл зүйч дээр ороход өргөс авчихсан юм шиг болоод гараад ирнэ гэж боддог. Жишээ нь, хүний толгой өвдөөд эмчид хандлаа гэхэд оношилгоо хийгээд тодорхой хугацаанд ууж хэрэглэх эм бичиж өгдөг дөө. Тухайн эмчилгээг хийсний дараа ажиглаж байгаад дараагийн эмчилгээ рүү шилжинэ гэдэг. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа ордог. Үүнийг бид хүлээн зөвшөөрөөд л хийдэг. Сэтгэл зүйн эмчилгээ бас л ийм. Цаг хугацаа шаарддаг ажил.
Нөгөө талаар сургуулийн 2000 хүүхдийн дунд нэг сэтгэл зүйч ажилладаг. Сүүлийн үед Боловсролын яамнаас хийсэн судалгаагаар сэтгэл зүйчид ажлаас халшрах хам шинжтэй болж байгаа гэж гаргасан байсан. 2000 хүүхдийн асуудал, хариуцлагыг ганцхан хүнээс нэхдэг. Гэтэл сургуульд дунд ангид гэхэд хэдэн математик, англи хэлний багштай билээ дээ. Өөр нэг сонин үзэгдэл байдаг нь сэтгэл зүйчдийн үндсэн үйл ажиллагааг хийлгэдэггүй. Улсын сургуулиуд дээр энэ байдал түлхүү ажиглагддаг. Орон нутагт бол бүр сураггүй. Сэтгэл зүйчийг мал тооллогод явуулчихсан тохиолдол ч байдаг. Нийслэлийн төрийн өмчийн зарим сургуулиуд захирлын туслах, нийгмийн ажилтны туслах, жижүүр багш хийлгэдэг нь ч байна. Сургуулийн сэтгэл зүйч гэдэг орон тоо батлагдсан нь сайшаалтай ч ажлын байрных нь тодорхойлолт буруу болчихоод байгаа юм. Ядаж л сургуулийн захирлууд нь өөрсдөө сэтгэл судлалын талаар тодорхой ойлголт мэдээлэлтэй болмоор байгаа юм.
-Охид нэгнээ дээрэлхэж, зодсон бичлэгийг та харсан уу. Сэтгэл зүйн талаас ямар дүгнэлт хийв?
-Детальчилж хараагүй ч агуулгын хувьд ажигласан. Юун түрүүнд нийгмийн эсрэг зан үйл үйлдэж байгаа үйл явдлыг сошиал орчинд нийтэлж байна гэдэг олон нийтийг хүндлэхгүй болоод ирж байна. Төрх үйлийн өөрчлөлт гэж байдаг. Энэ нь архагшаад явбал төрх үйлийн эмгэг болдог. Өөрөөр хэлбэл, гудамж талбай хэрэн хэсдэг, насанд хүрээгүй хэрнээ томчуудын хийдэг үйлдлийг хийх, архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх гэх мэт. Ийм эмгэг эцэг эхийн хараа хяналт хэтэрхий сул болон хэтэрхий чанга тохиолдолд үүсдэг. Мөн үл хайхрах хүчирхийлэл ч хүүхдийг төрх зан үйлийн эмгэгтэй болгох тохиолдол бий. Үүнээс гадна үе тэнгийн нөлөөлөл тодорхой хувиар нөлөөлдөг. Өсвөр насны шинж тэмдэг болох бэлгийн үйлийн өөрчлөлт, даган дуурайх хэв шинж явагдаж байдаг. Насанд хүрэгчдээс илүү найз нөхдөдөө илүү итгэдэг. Сошиал сүлжээнд трэнд болоод байгаа зүйлийг дагахыг хүсдэг. Нэг ёсондоо хүүхдийг найзууд нь юм уу, цахим сүлжээ хүмүүжүүлж эхэлдэг. Та бод доо. Бид хүүхэд байхад ангийн нэг охин үсээ маш гоё сүлжчихсэн байвал яг л түүн шиг сүлжихийг хүсдэг. Хүүхэд ингэж л даган дуурайдаг. Томчууд хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал халамж чухал гээд байгаа нь энэ.
-Томчууд хүүхэдтэйгээ ярилцаж чадахгүй байна. Дуугаа хураачих юм, өрөөндөө ороод таг болчихлоо гээд л уурлаж бухимдаад эхэлдэг. Магадгүй ийм тохиолдолд хүүхэд эрсдэлтэй нөхцөл байдалд орчихсон, үе тэнгийн дээрэлхэлтэд өртчихсөн. Магадгүй өөрөө ч буруу зүйл хийж явааг тааварлашгүй юм. Тийм тохиолдлыг эцэг эхчүүд яаж таних ёстой юм бэ?
-Эцэг эхчүүд орж ирээд “Манай хүүхэд тав, зургаатай. 10, 11 настай. Манай хүүхэд том болоогүй байна” гэдэг. Гэтэл хүүхэд цаг минутаар өсч хөгжиж байдаг. Томчууд өнөөдөр л хүүхдийнхээ итгэлийг олж авч чадахгүй бол тав, арван жилийн дараа хүүхдээ танихгүй болно.
Ядаж дуугаа хураасан үед, уурлаад өрөөндөө ороод таг болчихсон үед уурлаж бухимдахгүйгээр, юунаас болсныг асуух гэж яарахгүйгээр өрөөнийх нь үүдэнд очоод өөр зүйлийн талаар ярилцаад үз.
Б.ЭНХЗАЯА
One reply on “Сэтгэл зүйч Б.Пагмадулам: Охид нэгнээ дээрэлхэх үзэгдэл гэр бүлийн хайр халамж дутагдсантай холбоотой DNN.mn”
Насанд хүрч айлын авгай болоод азгүй эрийн махыг зулгаана даа.