Сэтгэл зүй, Сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.
-“Ковид-19” цар тахлын тохиолдол Монголд анхлан бүртгэгдэхэд нийтээрээ цочирдон хүлээж авсан. Гэвч тохиолдлын тоо нэмэгдэх тусам хүмүүс тоохоо больж ЭМЯ-ны мэдээлэлд ач холбогдол өгөх нь багасч байх шиг. Энэ юутай холбоотой вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Ковид-19” халдварыг “цар тахал” гэж зарласнаас хойш удаан хугацаа өнгөрч байна. Манай улcыг хамгийн эрсдэлтэй гэж тодотгож байх хугацаанд нийгмийн сэтгэл зүй айдсаар дүүрэн, иргэд хамгаалах хэрэгсэл, хүнсний татан авалт гээд нийтээрээ тогтворгүй төлөвтэй, төр засгийг хилээ хаахыг, болзошгүй эрсдэлээс хамгаалахыг шаардаж байсан. Гэтэл тэр айж мэгдэж байсан болгоомжлол тус өвчлөлийн оргил үетэй зэрэгцэж уналт үзүүлж эхэллээ. Иргэд тайвширсан байна. Гэтэл манай улсад “Ковид-19” бүртгэгдээд удаан хугацаа өнгөрлөө. Анхны тохиолдол бүртгэгдсэн үеийг одоогийн нийгмийн сэтгэл зүйн байдалтай харьцуулбал тэнгэр газар шиг л ялгаатай байна. Хяналт, тусгаарлалттай ч гэлээ эрсдэлтэй нөхцөлд буйгаа иргэд ойлгон ухамсарлаж хувьдаа урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл, зааврыг дагаж мөрдөх хэрэгтэй байна. Тайвшрах болоогүй.
-Нийгмийг цочроож буй томоохон үйл явдалд тайвшрах сэтгэл зүйгээр хандах нь сөрөг зүйл мөн үү?
-Нэг талаар иргэд тайван байх, сэтгэл зүйгээ тогтвортой айдасгүй байлгах хэрэгтэй. Гэхдээ цар тахлаас урьдчи-лан сэргийлэхээ мартаж болохгүй, тайвшрах болоогүй. Иргэд тайвширснаар маскаа зүүхээ байж, шаардлагагүй тохиолдолд гадуур гарах, нэгэнт нүүрлээд буй аюулаас хамгаалахгүй байгаа нь маш аюултай.
-Нийтээрээ тайвшрах нь ямар үр дагавартай вэ?
-Нийгэм нэгэн бүхэл зүйл. Нийгмийн амьдралд нэгнээ даган дуурайх үзэгдэл явагддаг. Нийтээрээ энэ онцгой цаг үед аюулт өвчнөөс сэргийлж зөв хандлага түгээх ёстой. Гэтэл нийтэд тайвшрал бий болсноор хүмүүс маскаа зүүхгүй байх, хүүхдээ гадаа хяналтгүй тоглуулах, олон нийтийн зорчиж буй газар бөөгнөрөл үүсгэх гэх мэт эрсдэлтэй орчин үүсч байна.
-Ер нь нийгмийг айдаст автуулж буй аливаа сөрөг мэдээлэлд хүн ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ ?
-Энэ цар тахал хүн төрөлхтнийг нэгдмэл, нэгнээсээ хамааралтай гэдгийг ойлгуулж байна. Нийтээрээ л ийм нөхцөл байдалд байгаа гэдгээ ухамсарлаж, хий айдаст автаж, сэтгэл зүйгээ тогтворгүй байлгахгүйгээр илүү нухацтай, хариуцлагатай байх хэрэгтэй. Хүн бүрийн хичээл зүтгэл ямар чухал байгааг ухамсарлаж зөв хандлага түгээх хэрэгтэй байна. Аливаа сөрөг мэдээллийг айдас цочрол бус болгоомжлол, сэрэмжлүүлэг гэж ойлгож үүссэн нөхцөл байдалд зөв, эрсдэлгүй биеэ авч явж, сэтгэл зүйн тогтвортой байдлаа хангах нь чухал. Хамгийн чухал нь сэтгэлийн хөдөлгөөнөө зөв жолоодож сэтгэл зүйн хувьд дархлаажсан байх хэрэгтэй.
-Ямар ч үед сөрөг мэдээлэлд мэдрэмтгий хандаж, ач холбогдол өгөх нь ямар үр дүнтэй байдаг вэ?
-Цацагдаж буй мэдээллийн дийлэнх хувьд сөрөг мэдээлэл давамгайлдаг. Нийгмийн хандалт сөрөг мэдээлэлд илүү ач холбогдол өгч цааш олон давтамжаар тархсаар нэг мэдэхэд л бүх хүмүүст хүрчихсэн байдаг. Сөрөг мэдээллийг хүртэн, хүлээн авах нь хүмүүсийн сонголт байхаа болиод удаж байна. Сонгохгүй, үзэхийг хүсэхгүй байлаа ч сөрөг мэдээлэл нь олон төрлийн сувгуудаар хэлбэрээ өөрчилж хүмүүст заавал хүрээд байна. Сөрөг мэдээлэл бүрт ач холбогдол өгснөөр хүний хандлага, хувь амьдралд нь бухимдал, түгшүүр эсвэл зан үйлд нь муу нөлөөллийг авчирсан байдаг. Нийгмийг цочроосон зүйлд хүний хамгаалах механизм ажиллаж, харилцаагаа хумих, орчин тойрны хүмүүст үзүүлэх сэтгэл зүйн дарамт мөн адил ихэсдэг. Сөрөг мэдээлэлд хэт мэдрэг хандсанаар амьдралдаа авч болох аз жаргалын мэдрэмжийг бууруулж, стрессийн эсрэг даавар ялгарахаа байж түгшүүр ихэсдэг.
У.ЧИНЗОРИГ